Нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.01.25 15:20


Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр  66 сая 459 мянга 211 мал тоологдож, малын тоо өнгөрсөн жилээс 0.4 хувиар өссөн байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд  Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын Албан даалгавар, зөвлөмж, аймгуудын Засаг даргын захирамж, аймгийн Онцгой комиссын захирамжаар төлөвлөгөө гарган ажилласан юм. 

Одоогийн байдлаар аймаг дундын отрын бүс нутагт 1516 өрхийн 1,1 сая мал, сум дундын отрын бүс нутагт 771 өрхийн 369.9 мянган мал, тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор нутагт 5307 өрхийн 1,9 сая мал,  хилийн зурвас бүс нутагт 2831 өрхийн 1,1 мянган мал, өөр аймгийн нутагт 3583 өрхийн 903.8 мянган мал отроор өвөлжиж  байна.

Энэ жил малчдын түвшинд 1 сая 162.1 мянган тонн өвс, 16.6 мянган тонн сүрэл, 113.4 мянган тонн ногоон тэжээл, 42.3 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 79.8 мянган тонн гар тэжээл, 10.8 мянган тонн дарш, давс, 107.6 мянган тонн хужир бэлтгэв. Энэ нь өмнөх оноос  өвс 227.0 мянган тонн-оор, ногоон тэжээл 90.8 мянган тонн-оор, гар тэжээл 38.6 мянган тонноор тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.

Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэх даалгавар өгснөөс гадна тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зориулж 900 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгосон. Үүний үр дүнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөц аймгийн түвшинд 94.5 хувь, сумдын түвшинд 90 хувийн биелэлттэй байна.

1 дүгээр сарын 20-ны байдлаар нутгийн 40 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Үүнд, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Орхон, Булган, Төв, Говьсүмбэр, Дорнодын зарим, Архангай, Өвөрхангай аймгийн сумдын нутгаар 0-5 см зузаан цас тогтжээ.

Увс аймгийн Давст, Түргэн, Хяргас, Тэс, Завхан аймгийн Цэцэн-Уул, Яруу, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Баянхайрхан, Тэс, Хөвсгөл аймгийн Арбулаг, Булган аймгийн Сэлэнгэ, Дашинчилэн, Тэшиг, Орхон аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Цээл сумдын нутгаар 6-10 см цас орсон байна.

Баян-Өлгий аймгийн Алтай, Сагсай (Даян), Увс аймгийн Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Завхан аймгийн Баянтэс, Улиастай, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Улаан-Уул, Сэлэнгэ аймгийн Ерөө (Бугант) зэрэг сумын нутгаар 11-18 см зузаан, цасны нягт 0.10-0.27 гр/см3 байгаа бөгөөд бусад нутгаар цасгүй байна.

Өнгөрсөн арав хоногт ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байснаас цасан бүрхүүлийн хэмжээ ялимгүй буурсан байна.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам