ХХААХҮЯ, ГХЯ хооронд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэхээр боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.01.30 23:01


Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй газрын захирлуудыг өнөөдөр (2019.01.30) хүлээн авч уулзлаа. Уулзалтад мөн ХХААХҮЯ-ны газрын дарга нар байлцсан бөгөөд талууд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд яамд хоорондын үйл ажиллагааг уялдуулж, хамтран ажиллах шаардлага, хэрэгцээ байгааг харилцан дурдав.

Уулзалтын эхэнд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Монгол экспорт" хөтөлбөрийг ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд олон улсын зах зээлтэй холбох, чөлөөт худалдааг дэмжих, гадны экспертийг урьж ирүүлэх зэргээр холбон зуучлах, техникийн туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. Гагцхүү бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг найдвартай явуулж, нийлүүлэлтээ тасралтгүй, тогтмол байлгах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Энэ үеэр махны экспортоос олсон орлогыг малын эрүүл мэндийг хамгаалахад зориулдаг байх тогтолцоо руу шилжих, сүү, сүүн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцээ хөгжүүлэх, гадаадын түншүүдэд илүү тодорхой, бодитой санал тавьж, хөрөнгө оруулалт татах, газар зүйн заалттай, шинэлэг бөгөөд онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зорилтот зах зээлийг онилох зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Монгол Улсын Засгийн газар нь ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Их Британи, Вьетнам, Унгар, Франц, Герман, Итали, Беларусь, Аргентин, Грек, Лаос зэрэг улс орон, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллага, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, хэлэлцээр байгуулан ажиллаж байна.

Эдгээр хөгжлийн түнш болон бусад улсаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах саналаа Гадаад харилцааны яаманд хандан уламжилсныг уулзалтын явцад Гадаад харилцааны яамны газрын захирлууд мэдээлэв. Үүний хариуд, ХХААХҮЯ-ны газрын дарга нар мах, сүү, арьс шир, ноос ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан уулзалтын төгсгөлд ХХААХҮЯ, ГХЯ хооронд хамтарч ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд боловсруулан, хоёр сайдын хамтарсан тушаалаар батлуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг саналыг дэвшүүлсэн юм. Мөн тэрбээр, махны экспортын одоогийн хүрсэн түвшинг бууруулахгүй байх, нэмэгдүүлэх бодлого баримталж, хөдөө аж ахуйн гаралтай экспортын шинэ нэр төрлийг бий болгох, шинэ боломжийг нээхэд анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Ийнхүү хоёр сайдын уулзалтын мөрөөр яамд хооронд хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлэхээр тогтов.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам