Сар шинийн өмнө ахмадуудаа хүндэтгэн хүлээн авлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.02.01 16:41


Жил бүрийн "Цагаан сар"-ын баяраар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд үр бүтээлтэй ажиллаж, салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай.

Энэ уламжлалын дагуу өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч бөгөөд Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Совд, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Р.Жадамбаа тэргүүтэй газрын дарга нар хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, төрийн бодлогыг тодорхойлох, хууль зүйн орчныг сайжруулахын төлөө хүчин зүтгэж явсан үе үеийн яамны удирдлагууд, оюун ухаан, бүтээлч хөдөлмөр, ур чадвараа дайчлан ажиллаж байсан албан хаагчид гээд нийт 307 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааны ахмадууддаа зориулсан сар шинийн мэндчилгээг ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Р.Жадамбаа уламжиллаа. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэндчилгээндээ "...Улиран одож буй нохой жилд манай салбарын хувьд өрнүүн их ажилтай, амжилт бүтээл арвин байсан бол ирж буй гахай жилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч, тодорхой ажлуудыг хийх болно. Та бүхэн эрүүл энх байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэжээ. 

Цагаан сарын баярыг угтсан, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ХХААХҮЯ-ны удирдлагууд ахмадууддаа өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, салбарт гарсан ахиц дэвшлийн талаар тайлагнаж, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа танилцуулав. 

Өнгөрөгч онд мал аж ахуйн суурь хуулиуд болох Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэн, мал эмнэлгийн нэгдсэн босоо тогтолцоотой удирдлага, зохион байгуулалтад оруулж, УИХ-аар Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлууллаа. Мөн "Үйлдвэржилт 21:100", "Ноолуур", "Сав баглаа боодол" үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган, "Хүнсний ногоо", "Жимс жимсгэнэ", "Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих" хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж, "Мах, сүүний анхдугаар аян"-ыг улс орон даяар өрнүүлж байна. 2018 онд арвин ургац хурааж, Монгол Улсын Засгийн газраас тариалангийн бүс нутгийг тогтоон хашаажуулах ажлыг эхлүүлсэн бол мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өсөн нэмэгдлээ. 

2019 онд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жил, Хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жил, Ой, модны аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байгаа юм. Эдгээр түүхт ойг угтан бүтээлч ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ оныг амжилтаар угтаж, "Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" хөтөлбөрийг батлууллаа. Одоогоор Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бэлчээрийн тухай зэрэг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон бөгөөд Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Худалдааны тухай, Тариалангийн даатгалын тухай зэрэг хуулийн төсөл, хэд хэдэн үндэсний хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийг боловсруулж байна. 

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байсан ахмад зүтгэлтнүүдийн төлөөлөл салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлж буй ажилтай холбоотойгоор өөрсдийн байр сууриа илэрхийлж, сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

ХӨНГӨН, ХУДАЛДААНЫ САЛБАРЫН АХМАДУУД

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН АХМАДУУД

 

 

 

 

 

 

 

 

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам