Баян-Өлгий аймагт улсын нөөцөөс 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.03.04 23:17


Улсын онцгой комиссын даргын тушаалаар орон нутагт ажиллаж буй Шуурхай бүлэг өнөөдөр (2019.03.04) Баян-Өлгий аймагт ажиллаж, хаваржилтын нөхцөлд үнэлэлт, дүгнэлт өгөн, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцав.

Тус аймгийн 13 сумын 90 багт 15,356 өрхийн нийт 2,141,533 толгой мал хаваржиж байна. 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар өөр аймгийн нутагт 15 өрхийн 9,9 мянга, өөрийн аймгийн нутагт 256 өрхийн 121,7 мянга, хилийн зурвас бүс нутагт 232 өрхийн 50,2 мянга, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 181 өрхийн 685,5 мянга, нийт 684 өрхийн 250,4 мянган толгой мал отроор хаваржиж байгаа юм.  

Баян-Өлгийн хувьд 12 суманд хаваржилт хүндэрсэн. Энэ өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас эхний хоёр сарын байдлаар 25,384 толгой мал зүй бусаар хорогдож, 26,241 толгой мал хээл хаяжээ. Түүнчлэн Алтай, Алтанцөгц, Баяннуур, Буянт, Дэлүүн, Толбо сум бүхэлдээ, Бугат, Булган сумын зарим багууд, нийтдээ 60 гаруй багийн нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол нэмэгдэх, мал төллөх явцад хүндрэл учрахаар байна. Мал хорогдож буй шалтгаан нь бэлчээрийн ногооны гарц муугаас өнгөрсөн зун, намар мал тарга хүч сайн авч чадаагүй, өвөлдөө мөн тэжээлийн хомсдолд орсон гэж орон нутгийн удирдлагууд тайлбарлалаа.

Өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулахын тулд орон нутаг өөрсдийн хүчээ дайчлан дунд, дундаас доош тарга хүчтэй малыг нэмэгдэл болон байнгын тэжээлд оруулж, малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийг бүрэн зарцуулж, аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр аймгийн аюулгүйн нөөцөөс өвөлжилт хүндэрсэн сумдад хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл хуваарилжээ.  

Аймгийн хэмжээнд болон зэргэлдээ аймгуудад намар хадсан хөх боодол өвс 8500-12000 төгрөг, мөс хөлдсөний дараа зундаа намаг, усан дундуур байсан шим сөл муутай боодол өвс 5800-7600 төгрөгийн үнэтэй байна. ОХУ, БНКУ-аас импортоор оруулж ирж буй нэг уут хорголжин багсармал тэжээл 26,000 төгрөг, алслагдсан газруудад 35000 төгрөгт хүрч өсчээ.  

Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлийг хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хөнгөлөлттэй үнээр олгох, импортоор авч байгаа хүчит багсармал тэжээлийн гаалийн татварыг чөлөөлүүлэх, ОХУ-аас өвс оруулах ажил зохион байгуулах, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нэгдсэн эмнэлэг, Цэнгэл, Улаанхус сум, Өлгий сумын Хотгор багийн Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашины гүйлтийн хугацаа дууссан тул улсын нөөцөөс авто машин олгох зэрэг саналыг “Шуурхай бүлэг”-т уламжиллаа.

Баян-Өлгий аймагт үүссэн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр улсын нөөцөөс тус аймагт 700 тонн өвс, 480 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад олгохоор шийдвэрлэв. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газарт автомашин өгөх асуудлыг судлан үзэж шийдвэрлэх, сумын Эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн машины асуудлыг Сангийн яам болон Эрүүл мэндийн яаманд, импортоор орж байгаа тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх, өвс импортлох асуудлыг Засгийн газарт тус тус танилцуулахаар боллоо.

Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хуралдаанд багтаж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүрэлдэхүүн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Энэ үеэр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, түүнийг дагалдан гарч буй хууль, дүрэм, журмыг орон нутгийн салбарын мэргэжилтнүүд сайтар судалж, малчид, иргэдэд сурталчлан таниулах, өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг урьдчилан тооцоолж, малчдыг хувийн бэлтгэлээ сайтар базаах, тарга, тэвээрэг муутай, сульдсан малыг сувилгаанд оруулах, эрдэс, аминдэмээр тэтгэх талын зааварчилгаа өгөх, малын сэг зэмийг тухай бүрд устгаж байх, ил задгай сэг зэмнээс болж малын өвчин дэгдэж болзошгүйг малчдад ойлгуулах нь зүйтэй болохыг холбогдох мэргэжилтнүүдэд зөвлөв.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам