Мал аж ахуйн салбарын суурь хуулиудаа судалж, малчдад таниулан ойлгуулахыг хүслээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Munkhtuya | 2019.03.15 17:35


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле 2019 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Улсын онцгой комиссын даргын тушаалаар орон нутагт ажиллах үеэрээ Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, зарим үүрэг, чиглэл өгөв.

Эдгээр мэргэжлийн байгууллагынхан орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, компьютер, техник хэрэгслээр хангах, мал эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд туулах чадвар сайн, ариутгал халдваргүйтгэлийн автомашин олгох, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах хүрээнд худаг, уст цэгийг засварлах, шинээр гаргахад шаардагдах зардлыг Сайдын багцад тусгаж өгөх зэрэг нийтлэг саналыг дэвшүүлж байлаа.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тулгамдаж буй дээрх асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлэж ажиллахаа илэрхийлээд, хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолын биелэлтэд хяналт тавих, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай нягт хамтран ажиллаж, өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд биелүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг мөрдөн ажиллахыг даалгалаа.

Мөн Төрийн албаны тухай хуулийг чанд баримтлан, төрийн албаны шатлан дэвших тогтолцоог удирдлага болгож, мэргэжлийн, туршлагатай хүнийг томилон ажиллуулах, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай зэрэг салбарын хууль тогтоомжоо сайтар судалж мөрдөх, малчид, иргэдэд ойлгуулах, төсвийн мөнгийг зориулалтын дагуу ашиглах, малын аливаа өвчний талаар нарийвчлан судлах, мэдээлэлтэй байх, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар ажлаа хоорондоо уялдуулахыг хүссэн юм.

Түүнчлэн өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг урьдчилан тооцоолсны үндсэн дээр малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, мал сүргээ өвс, тэжээлээр хангах, тарга, тэвээрэг муутай, сульдсан малыг сувилгаанд оруулах, эрдэс, аминдэмээр тэтгэх талын зааварчилгааг малчдад өгөх, малын сэг зэмийг малчид, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага хамтран тухай бүрд устгаж байх, ил задгай сэг зэмнээс болж малын өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх, мал эмнэлэг, үржил, селекцийн ажлыг үр дүнтэй зохион байгуулах нь зүйтэй гэв.

Говь-Алтай аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газрынхантай хийсэн уулзалтын үеэр 

Баян-Өлгий аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газрынхантай хийсэн уулзалтын үеэр 

Ховд аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газрынхантай хийсэн уулзалтын үеэр 

Увс аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газрынхантай хийсэн уулзалтын үеэр 

Завхан аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газрынхантай хийсэн уулзалтын үеэр 

 


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам