Мал үржүүлэг, технологийн ажлыг тогтсон хугацаанд хийх нь үр өгөөжтэй

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.03.21 19:10


Мал үржлийн ажлыг дэлхийн жишигт нийцүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилгоор “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийг 2012 онд боловсруулж, УИХ-ын 2017 оны 82 дугаар тогтоолоор “Малын генетик нөөцийн тухай” хуулийг баталснаар малзүйн шинжлэх ухаан бие даасан хуультай болсон.

Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал үржүүлэг, технологийн ажлын календарчилсан төлөвлөгөөг боловсруулан орон нутгийн мэргэжлийн байгууллагад хүргүүлсэн юм. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор Мал үржүүлэг, технологийн ажлын нээлтийг өнөөдөр /2019.03.21/ хийж, аймаг, нийслэлийн мал үржүүлгийн албаны дарга нарт сургалт зохион байгууллаа. Энэхүү нээлт, сургалтанд  ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар нээж, тус яамны МҮББХЗГ-ын дарга Д.Батсүрэн, Малын удмын сангийн үндэсний төв, Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлийн хорооны гишүүд,  ХААИС-ийн эрдэмтэн багш,  Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид, албаныхан оролцов. Сургалтын үеэр малын ээмэгний үндэсний үйлдвэрлэгч “Тэргүүн сүрэг” ХХК мал сүргийг тэмдэгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, хамтран ажиллахаар боллоо. 

Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулахад баримтлах гол зарчим нь мал үржүүлэг, технологийн ажлыг тогтсон хугацаанд хийж гүйцэтгэхэд оршино.

Мал үржүүлэг технологийн ажил гэж юу вэ?

  • малд үзлэг ангилалт хийх,
  • шинээр үүлдэр, омгийн мал бий болгох
  • удам гарваль ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох
  • үр төлийн шинж чанарыг үнэлэх
  • малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх
  • үржлийн бүртгэл хөтлөх
  • малд зохиомол хээлтүүлэг хийх
  • гойд ашиг шимт мал шалгаруулах
  • үржлийн малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах
  • үржүүлгийн хөтөлбөр боловсруулах
  • малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх
  • малд удам зүйн үнэлгээ хийх
  • үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах
  • мал маллагааны уламжлалт мэдлэгийн бүртгэл хөтлөх зэрэг ажлуудыг хамруулан ойлгоно.

Мал үржүүлэг, технологийн ажил нь байгаль цаг уурын онцлог, малын ашиг шимийн чиглэлээс хамааран харилцан адилгүй хэдий ч, жил бүрийн хавар 03 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 15-нийг хүртэл, намар 09 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 25-ныг  хүртэлх хугацаанд ажил үйлчилгээг гүйцэтгэнэ.

Технологийн хугацаа алдвал бүтэн жилийн ажил хүлээгдэж, үр дүн нь тодорхой бус байдаг онцлогтой энэхүү салбарыг нарийн цэгцтэй бодлого, төлөвлөгөөний дагуу удирдан чиглүүлж, бүх шатанд хариуцлагыг өндөржүүлж ажиллахаар зорьж байна.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам