“Бизнесийн инкубаторын төв” байгуулна

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.04.05 15:24


ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн тэргүүтэй салбарын яамны удирдлагууд Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн газрын Нийтийн удирдлага, санхүү, бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга Инг Чиань, Байгаль орчин, байгалийн баялаг, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Чингфэнг Жанг, Байгаль орчны шинжээч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах”, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” зэрэг төслүүдийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэхийн сацуу 2019-2021 онд хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар санал солилцлоо.

2018 онд АХБ-наас 2030 он хүртэл хэрэгжүүлэх “Урт хугацааны стратеги”-аа баталсан билээ. Уулзалтаар цаашид Монголын Улсын хөдөө аж ахуйн салбарт хүнсний аюулгүй байдлыг хангах, нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь хөгжүүлэх, малын тэжээл бэлтгэн боловсруулах, усалгаатай газар тариалан, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйн төслүүдийг хэрэгжүүлэхээр хэлэлцэв. Түүнчлэн “Бизнесийн инкубаторын төв” байгуулах төслийг энэ оны 09 дүгээр сараас хамтран хэрэгжүүлж эхлэхээр тохиров.  


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам