Монгол улс дахь Их Түмэн Санаачлагын Оролцогч талуудын уулзалт боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.05.13 15:07


2006 оноос буюу Их Түмэн Санаачлага (ИТС)-ын байгуулагдсан цагаас хойш Монгол улс гишүүн орноор байгаа бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Оросын Холбооны Улс тус санаачлагын гишүүн орнууд юм. Монгол улс дахь Ажлын нэгж буюу Оролцогч талууд (Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газар, Хөгжлийн банк, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Стратеги судалгааны хүрээлэн, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ аймгууд) бол ИТС-д Монгол улсын хамтын ажиллагааг чиглүүлэгч гол суурь болдог.

Тиймээс 2018 оноос Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөтөлбөр, Монгол улсын холбогдох оролцогч талууд хамтран Монгол улсдаа бүс нутгийн интеграцийн хамтрын ажиллагааг бэхжүүлж, ИТС-д Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх үүднээс Монгол улс дахь ИТС-ын Оролцогч талуудын цуврал уулзалтуудыг зохион байгуулж эхлээд байна. Эдгээр уулзалтууд бол “Ази дахь дэд бүс нутгийн санаачлагын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих” (GIZ SCSI) хөтөлбөрөөс ИТС бүс нутгийн хамтын ажиллагааны механизмд Монгол улс оролцох, бүс нутгийн интеграцид нэгдэхэд үзүүлж буй дэмжлэгийн нэгээхэн хэсэг юм. Тус уулзалтуудын зорилго бол Монгол улсын Ажлын нэгжүүдийн санал болгож буй төслийн саналын чанар, хэрэгжилтийг сайжруулах, Монгол улс дахь Ажлын нэгжүүдийн харилцаа холбоог идэвхижүүлэн тогтмолжуулж улмаар ИТС-ын хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү үр дүнтэй оролцоход чиглэсэн.

“Ази дахь дэд бүс нутгийн санаачлагын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих” (GIZ SCSI) хөтөлбөр нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны (BMZ) санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) GmbH хэрэгжүүлдэг хөтөлбөр бөгөөд Камбож, Лаос, Монгол, БНХАУ, Вьетнам зэрэг орнуудад дэд бүс нутгийн механизм, тухайлбал Зүүн Өмнөд Азийн АСЕАН-Хятадын Чөлөөт худалдааны хэлэлцээр (ACFTA), Зүүн Хойд Азийн Их Түмэн Санаачлага (GTI) хүрээнд ажилладаг. Тус хөтөлбөр энэ жил дуусч байгаа бөгөөд шинэ шат эхлүүлэх бэлтгэл ажил одоогоор явагдаж байна.

Энэ удаагийн уулзалт Монгол улс дахь Оролцогч талуудын 3-р уулзалт байсан бөгөөд 2019 оны 5-р сарын 03-ны өдөр ГОУХАН-ийн Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын уулзалтын өрөөнд боллоо. Нийт 14 Оролцогч талуудын төлөөлөл (яам, агентлаг, орон нутгийн захиргаад) оролцож, өмнөх уулзалтын дараа хийсэн ажил, хуримтлуулсан туршлага, сайжруулсан төслийн саналаа хэлэлцэж, санал дүгнэлт гаргахын зэрэгцээ Монгол улс дахь ИТС-ын Ажлын нэгжүүдэд зориулсан гарын авлагын төслийг хэлэлцэн цаашид хэрхэн сайжруулах, мөн хамтын ажиллагаагаа тус цуврал уулзалтуудын хүрээнд хэрхэн өргөжүүлэх талаар нээлттэй, дэлгэрэнгүй ярилцлаа.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам