Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт шинэчилсэн стандарт ирэх сараас мөрдөнө

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.08.28 12:49


Сүүлийн жилүүдэд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжин, МУ-ын хэмжээнд 7800-аад хоолны газар, цэг ажиллаж байгаагаас бизнесийн салбарт 5000 гаруй ресторан, бар, кафе, цайны газарт 30 000 гаруй ажилтан ажиллаж байна. Энэхүү нийтийн хоолны салбарын орлого 2016 онд 231.4 тэрбум, 2017 онд 298.8 тэрбум төгрөг, 2018 онд 397,2 тэрбум төгрөгт хүрч жил бүр өсжээ. Мөн дотоод худалдааны салбарын борлуулалт нь 2018 оны байдлаар 22 их наяд төгрөгт хүрч, салбарт 210 гаруй мянган ажиллагсад ажиллаж байгаа нь нийт ажиллах хүчний  16,5%-ийг эзэлж байна

Хэдийгээр салбар хурдтай хөгжиж байгаа ч хоолны газрын 53 % нь хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй, 54% нь хоол үйлдвэрлэлийн өрөөг технологи урсгалын дагуу зохион байгуулаагүй, 31% нь хүнсний түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангаагүй, 13% нь бэлэн хоол зуушийг зохих хэмд хадгалж, түгээх зориулалтын төхөөрөмжөөр хангагдаагүй, 41% нь дотоодын хяналтын журмыг бүрэн мөрддөггүй, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй зөрчил байсаар байна. Дээрх зөрчил дутагдал нь нэг талаас салбарын эрхзүйн орчин сул, салбарт ажиллагсад зөв дадал төлөвшөөгүй, мэргэжлийн боловсон хүчний чадавх муу, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээр хоол, ундаа бэлтгэн,  зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь нөлөөлж байгаа гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэжээ.

 Хоолноос шалтгаалсан хоолны хордлогот халдварт өвчлөл буурахгүй, Монголчуудын 2 хүн тутмын нэг нь таргалалттай (НЭМХ-ийн 2012 онд явуулсан “Халдварт бус өвчний эрсдэлтэй хүчин зүйл” судалгааны дүн), хэрэглэгчийн зөв зохистой хооллолтын мэдлэг, хандлагыг өөрчлөх шаардлага байгаа  нь стандартыг шинэчлэх үндэслэл болсон.

“Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт”, “Хоолны газарт тавигдах ерөнхий шаардлага”, “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” үндэсний стандартуудыг 2017 онд шинээр болон шинэчлэн боловсруулж, жилийн турш хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нар, төрийн болон төрийн бус байгууллагын 2000 гаруй төлөөллийг оролцуулан нийтдээ 8 удаагийн хэлэлцүүлэг хийн, санал авч, 2019 оны 07-р сард баталж, 2019 оны 10-р сарын 01-нээс мөрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ирэх сард мөрдүүлэх шинэчилсэн стандартын талаар ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ-ын ХНХХ-ийн мэргэжилтэн Б.Даваадулам, НМХГ-ын ХАБХААХХ-ийн дарга Т.Балжинням, тус хэлтсийн улсын ахлах байцаагч О.Нямдаваа, Б.Хонгор,  МХҮҮМБА-ийн ерөнхийлөгч Ш.Эрдэнэхүү нар  мэдээлэл өгсөн юм.

Хоолны цэсэд хоолны шим тэжээлийн үзүүлэлт, илчлэг, давс, сахарын агууламжийг заавал тавьсан байх, хоолны газрууд нь аяга таваг, халбага сэрээ, савх ариутгагч төхөөрөмжтэй байх, үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажилтнууд нь заавал мэргэжлийн эсвэл мэргэшсэн байх, Эрүүл ахуйн зохистой дадлын зөвлөмж, дүрэм, заавар, хөдөлмөрийн аюулгүй байдлын норм дүрэм, зааврыг  хатуу мөрдөж ажиллах зэрэг заалтуудыг шинээр тусгасан.

Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мөрдөх үндэсний стандартуудыг шинэчлэн болон шинээр боловсруулан батлуулснаар салбарын эрхзүйн орчин сайжран, хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг хангасан, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг тэлж, хүн амын эрүүл аюулгүй хоол, хүнсний мэдлэг дээшилж, цаашилбал улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах ач холбогдолтой.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам