“Хүнсний бүтээгдэхүүний  сав, баглаа боодол ба брендинг-маркетинг” сургалт боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.08.29 13:38


“Хүнсний бүтээгдэхүүний  сав, баглаа боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж байна. НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага, Монголын Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран 8-р сарын 27-нд Монголын Бяслаг урлаачдын холбооны гишүүн үйлдвэрлэгчдэд Фромажери кафед, харин 8-р сарын 29-нд мах, сүүний сав баглаа, боодол үйлдвэрлэгчдэд зориулсан сургалтыг ийнхүү зохион байгуулж байна.

НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ДСБББ-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийнхээ хүрээнд Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, эксперт Соха Аталла болон Ерөнхий нарийн бичгийн дарга, эксперт Йоханес Берхмаер нарыг Монголд ажиллуулж хүнсний аюулгүй байдлын хүрээнд сав баглаа боодлыг олон улсын стандартын шаардлагын дагуу хэрхэн үйлдвэрлэх, хэрэглэх талаар болон сав баглаа, боодол нь өөрөө брендинг, маркетингийн хэрэгсэл болох тухай нийт 6 Модуль сургалт хийж байна.

Сургалтад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ялангуяа сүү, бяслаг, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд болон Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийн 120 гаруй төлөөлөл хамрагдлаа.

Мэргэжилтнүүд 2019 оны 8-р сарын 20-31-нд Монголд ажиллах үеэрээ ХХААХҮЯ, мэргэжлийн холбоод, мах, сүү, бяслаг үйлдвэрлэгчид болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж мэргэжлийн зөвлөгөө өгөх юм. Мөн малчин айлд очиж Монголын уламжлалт сав баглаа, боодлын хэрэглээтэй танилцах юм.

ДСБББ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Соха Аталла нь Араб, Азийн орнуудад  аж үйлдвэрийн хөгжил, сав баглаа, боодол, маркетинг, хүнсний аюулгүй байдлын асуудлаар 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр Харвардын Бизнесийн Сургуульд Стратегийн маркетингийн удирдлага сэдвээр мэргэшсэн.

ДСБББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Йоханес Берхмаер нь “Сав баглаа, боодол болон хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн нийлүүлэлтэд тавигдах чанарын хяналт” сэдвээр Австри улсын Венийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. PACK EXPERTS нэртэй сав баглаа, боодлын зөвлөх компанийг үндэслэгч, Австрийн Стандартчилалын Хороонд сав баглаа, боодол хариуцсан аудитор, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, сав баглаа, боодлын технологийн асуудлаар мэргэшсэн.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам