ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэх хангах ажлын хэсэгт үүрэг чиглэл өгөв

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.10.08 15:01


ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Сум орон нутгаас тус бүр 1000 гулууз мах бэлтгэн нийслэлийн иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх, орон нутгийн махны үйлдвэрүүдийн ариун цэвэр болон эрүүл ахуйд хяналт тавьж стандартын дагуу мах бэлтгэн зах зээлд нийлүүлэх, өвс тэжээлийн бэлтгэлийг эрчимжүүлэх, мал тууварлаж тээвэрлэх журмыг баримтлан ажиллахад онцгойлон анхааран ажиллахыг Баян-Өлгий аймгийн Өвөлжилтийн бэлтгэх хангах ажлын хэсэгт үүрэг чиглэл болголоо.

 Энэ удаагийн хуралд  Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хабыл нар оролцов.

Баян-Өлгий аймгийн 13 сум, 89 баг, 1 тосгоны 15191 өрхөд 2019-2020 онд 5938 тэмээ, 97480 адуу, 160760 үхэр, 1004600 хонь, 905470 толгой ямаа, бүгд 2,216,750 толгой мал өвөлжүүлэн хаваржуулах юм. Ургацын гарцаар бэлчээрийн хүрэлцээг тооцоолоход  нийт өвөлжих малын 95 хувь нь өөрийн аймгийн бэлчээрээр, 5,0 хувь нь зэргэлдээ Ховд, Увс аймгийн нутагт, 4,9 хувь нь байнгын тэжээлд, 5,1 хувь нь бэлчээрийн ургацын гарц сайтай өөрийн аймгийн бусад сумдын нутгаар, 1,1 хувь нь тусгай хэрэгцээний  газарт, 4,2 хувь нь хилийн зурвас газарт, 4,6 хувь нь тусгай хамгаалалттай газарт өвөлжүүлэх тооцоо гарчээ.

Аймгийн дүнгээр нийт сумдад тэжээлийн аюулгүйн нөөцөд 660 тн өвс, 392 тн тэжээл бэлтгэхээс 204 тн өвс, 15 тн тэжээл  бэлтгэсэн нь нийт бэлтгэвэл зохих өвсний нөөцийн  31 хувьтай, хүчит тэжээлийн 4 хувьтай  тэнцэж байна. Аймгийн тэжээлийн нөөцөд  150 тн өвс, 35 тн хүчит тэжээл бэлтгэхээс 120 тн өвс, 110 тн тэжээл бэлтгэсэн нь нийт бэлтгэвэл зохих өвсний нөөцийн  80 хувь, хүчит тэжээлийн 314,3 хувьтай  тэнцэж байна. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 92,4 хувийн биелэлттэй байна.

Баян-Өлгий аймгийн  Засаг даргын орлогч өвөл цас ихтэй, хүйтэвтэр өвөл болох тухай цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг харгалзан дараах хүсэлтийг тавьж байна.

Аймгийн хэмжээнд 1753 өрхийн 443,9 мянган толгой мал отроор өвөлжих бөгөөд түүнээс Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 554 өрхийн 103,1 мянган толгой мал, Хилийн зурвас бүс нутагт 277 өрхийн 92,1 мянган толгой мал оторлохоор санал ирүүлж, түүний дагуу БОАЖЯ, Хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт тавьж, мал оруулах зөвшөөрөл хүссэн боловч одоо хүртэл хариу ирээгүй байгааг яаравчлан мал оруулах зөвшөөрөл олгох,  өвөл хаврын улиралд  дундаас доош тарга хүчтэй малыг байнгын тэжээлээр тэжээх, 711,4 мянган хонин толгойг нэмэгдэл тэжээлээр тэжээж онд оруулах урьдчилсан тооцоо гарч байгаа бөгөөд түүнд шаардлагатай  45887,3 тн өвснөөс 65844 тн өвсийг малчдын төвшинд бэлтгэсэн, одоо дутагдалтай байгаа 3000 тн хүчит тэжээлийн нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх замаар туслалцаа дэмжлэг үзүүлэх, ОХУ-аас тэжээл импортлох зөвшөөрөл олгож гаалийн татвараас чөлөөлөх арга хэмжээ авах асуудлыг салбарын Дэд сайдад уламжлав.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам