Гоо сайхны үндэсний үйлдвэрлэгчид 4 тэрбум төгрөгийн гоо сайхны  бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2019.10.11 17:43


       Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн хүрээнд “Монголын гоо сайхны салбарт тулмагдаж буй асуудлууд ба гарц шийдэл” хэлэцүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ХХААХҮЯ, Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластераас  хамтран  зохион байгуулав.

             Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Стандартчилал Хэмжилзүйн Газар, Гаалийн ерөнхий газар, Шинжлэх ухааны академи инноваци, Экспорт олон улсын худалдааны төв, Сити их сургууль болон гоо сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.

              2018 оны байдлаар гоо сайхны үндэсний үйлдвэрлэгчид 4 тэрбум төгрөгийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Сүүлийн 5 жилийн дунджаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил бүр 21 хувиар өсөж, нэр төрөл нь ч олширсон байна. Монгол орны экологийн цэвэр түүхий эдээр үйлдвэрлэсэн, ямар нэгэн нэмэлт  химийн нэмэлт орц найрлагагүй бүтээгдэхүүний экспорт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа юм. Одоогийн байдлаар манай улс Хятад, Солонгос зэрэг дэлхийн 16 улсад органик гоо сайхны бүтээгдэхүүн экспортолж байна. 2013 онд нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 4 хувийг экспортолж байсан бол сүүлийн жилүүдэд 30 гаруй хувь болтлоо өсчээ.

       Монгол орны  байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн онцгой чанар бүхий гоо сайхны бүтээгдэхүүн экспортын чадамжит бүтээгдэхүүн болох нь EU TRAM төслийн судалгаагаар дэмжигдсэн юм. 30 жилийн түүхтэй гоо сайхны салбарын хөгжил хурдацтай явж байгаа хэдий ч үндэсний үйлдвэрлэгчид дотоодын нийт зах зээлийн 2-5% ийг эзэлж байгаа нь өрсөлдөх чадвар, салбарын эрх зүйн орчин, бизнесийн таатай орчинг хөгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.  Иймээс үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар Монголын гоо сайхны салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж Гоо сайхан, арьс арчилгаа, үс арчилгаа зэрэг олон салбарын  27 үйлдвэрлэгч компани, 40 гаруй түүхий эд бэлтгэн нийлүүлэгч компаниуд нэгдэн, “Монголын байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ –ыг байгууллаа. Энэхүү ТББ нь Монголын өвөрмөц гоо сайхны бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх  зорилготой юм.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монголын гоо сайхны бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал болон экспортын боломжууд, түүхийн эдийн чанар стандарт, хууль эрх зүйн орчин болоод бүтээгдэхүүний нэмүү өртөгийн сүлжээний платформ үүсгэх  асуудлыг түлхүү ярилцжээ.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам