ХХААХҮЯ-ны ХөҮХБЗГ-ын дарга Б.Батхүү:“Block chain” системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.10.22 17:09


“Монгол улсын арьс ширний үйлдвэрлэлийн хөгжил- Нэмүү өртгийн сүлжээг дэмжих нь”сургалт /2019.10.22/ боллоо. Тус сургалтаар “Монгол улсад рассети идээлэх технологи ашигласан савхины брэнд хөгжүүлэх суурь судалгаа”-ны тайланг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон тус салбарт үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд танилцуулах, Монгол улсын цаашдын арьс ширний үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцох юм.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Японы Ямагүчи Сангёо ХК нь Монгол улсад шилдэг технологи нэвтрүүлэх, арьс ширэн бренд бүтээгдэхүүн хөгжүүлэх суурь судалгааг 2019 оны 2-р сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү семинарт ХХААХҮЯ-ын Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүү, тус газрын мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш, ЖАЙКА-н Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, төвийн мэргэжилтнүүд, МАШҮХолбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, “Ямагүчи Сангёо” ХХК-ийн захирал Ямагүчи, олон улсын байгууллагууд, үйлдвэрлэгчид, их дээд сургуулийн оюутнууд оролцов.

Тус сургалтыг нээж ХХААХҮЯ-ны ХөҮХБЗГ-ын дарга Б.Батхүү үг хэлсэн юм. Тэрбээр “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуульд заасны дагуу жилд 2 удаа угаалга хийж паразитыг бууруулах, чанар стандартын шаардлага хангасан мах боловсруулах болон нядалгааны цехээр дамжуулан мах бэлтгэснээр арьс ширэн түүхий эдийн гэмтлийг бууруулах ажлууд хийгдэж байгаа юм. Мөн арьс ширний урамшууллын тогтолцоог эдгээр ажилтай уялдуулж “Block chain” системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр өсөн нэмэгдэж буй арьс ширэн түүхий эдийн чанарыг дээшлүүлж, савхи болгосноор нэмүү өртөг шингэсэн үнэ цэнэ бүхий өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн ард түмний хэрэгцээг хангах боломж бүрдэнэ. Энэ жил “Арьс шир” хөтөлбөрийг боловсруулахаар зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцлов.

Семинарт “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал”, “Монгол улсад рассети идээлэх технологи ашигласан савхины брэнд хөгжүүлэх суурь судалгаа”-ны тайлан, “Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн мастер төлөвлөгөө төсөл”, “Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн бизнесийн хамтын ажиллагааны танилцуулга” илтгэлүүд тавигдав.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам