“Малын эмч нарт дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг нээв 

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2019.10.31 16:50


Туркийн Хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА-гаас манай улсад хэрэгжүүлэх “Малын эмч нарт дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн нээлт өнөөдөр ХХААХҮЯ-нд боллоо. Нээлтийн ажиллагаанд ХХААХҮЯ-ыг төлөөлж  сайд Ч.Улаан, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн, ХХААХҮ-ийн сайдын зөвлөх Р.Жадамбаа, Туркийн талаас  БНТУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд  Ахмет Язал,  Туркийн хамтын ажиллага, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, ТИКА-ийн дэд координатор Сибэл Гүнэй нар төлөөлж оролцов.

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,  Монгол Улс нь 60 сая толгой малтай улс юм. Манай улсад мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, одоо байгаа нөөц бололцоогоо бүрэн ашиглахад хамгийн чухал зүйл бол малын эрүүл ахуй юм. Малын эрүүл ахуйг хангахад малын эмч нарын үүрэг маш өндөр. Монгол Улсын ХХААХЯ-аас, Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль 2019 дны 6 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхлэсэн бөгөөд энэ хүрээнд Мал Эмнэлгийн Ерөнхий газар байгуулагдсан. МЭЕГ-ын хөдөө орон нутаг дахь салбар нэгжүүд амжилттай ажиллаж байна. Малын эмч нарт шаардлагатай байгаа өвлийн ажлын хувцсаар хангах хүсэлт тавьсныг хүлээн авч шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлье гэлээ.

      ТИКА-ийн хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, “Манай байгууллага Туркийн Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол Улсын ХАА-н салбарт 10-аад жил буцалтгүй тусламж үзүүлж байна. Төв суурин газар болон орон нутагт хүнсний ногооны аж ахуй эрхлэгчдийг хүлэмжтэй болгох төсөл хэрэгжүүлж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт зөгийн аж ахуйг дэмжих үүднээс зоорь барьсан. Зөгийн балны сав баглаа, боодлын үйлдвэр барьсан. Ингэснээр хөдөө, орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болоход туслаж байна. Энэ удаад “Малын эмч нарт дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг 331 суманд ажиллаж байгаа нийт 700 малын эмч, мал эмнэлгийн байцаагч нарт өвлийн ажлын хувцас нийлүүлэх төсөл амжилттай хэрэгжлээ. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад малын эрүүл мэндийг хамгаалах ялангуяа малын халдварт өвчнөөс урьдчилан сэргиййлэх болон мал эмнэлгийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангахад тодорхой дэмжлэг болох болов уу хэмээн найдаж байна гэв. Мөн  тэрээр, хоёр орны ХАА-н салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд үхэр, хонины эрчимжсэн аж ахуй байгуулах, малын тэжээлийн үйлдвэр барих зэргээр өргөжиж байгааг хэллээ.

       “Малын эмч нарт дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн нээлтийн үеэр ТИКА-гаас аймаг, орон нутаг дахь Мал эмнэлгийн газрын салбар нэгжүүдийн малын эмч нарт өвлийн ажлын хувцас гардууллаа. 21 аймаг, 331 суманд ажиллаж буй 700 гаруй малын эмч, мал эмнэлгийн байцаагч нарыг өвлийн ажлын хувцсаар ханган нийлүүлэхэд ТИКА-гаас 51 мянган ам.доллар зарцуулжээ.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам