Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг Европын зах зээлд өрсөлдүүлнэ

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.11.01 14:02


Европын Холбооны ТРАМ төсөл болон “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер” ТББ -тай хамтран “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерийн хамтын ажиллагааны өдөрлөг”-ийг өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа.  Тус өдөрлөгт ХХААХҮЯ-ны ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ТЗУГ-ын дарга Т.Жамбалцэрэн,  МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер” ТББ-ын УЗ-ын дарга Ч.Батцэцэг тэргүүтэй төр хувийн хэвшил, үйлдвэрлэгч, эрдэм шинжилгээний салбарынхан, олон улсын  төлөөлөл оролцлоо.

Хамтын ажиллагааны өдөрлөг арга хэмжээний үеэр Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн  үйлдвэрийн яам, “Монголын Гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ, Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлж, салбарын бодлого,  хууль эрх зүйн орчныг сайжруулахад хамтран ажиллах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны Санамж бичгийг үсэглэсэн юм.

Европын Холбооны Монгол Улсын Худалдааг Дэмжих ТРАМ төсөл, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран манай улсын байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганын тос, сарлагийн хөөвөр, торомны ноос,  арьс шир гэсэн дөрвөн салбарын үйлдвэрлэгчдийг кластераар бойжуулах, Европын Холбооны орнуудад бүтээгдэхүүнээ экспортлоход чадавхижуулах ажлыг хийж байна. Тэдний ууган кластер болох “Монголын Гоо Сайхны Бүтээгдэхүүний Кластер” ТББ салбарынхаа тэргүүлэгч 15 байгууллагыг эгнээндээ нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалтад орж хамтран ажиллаж эхэлжээ.

Тэд гишүүн байгууллагууддаа органик болон байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад тавигдах шаардлагын тухай ОУ-ын ISO 16128 стандартыг нэвтрүүлж, уг стандартын орчуулгыг Стандарт хэмжил зүйн төвд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байна. Уг кластер салбартаа манлайлан, үлгэр жишээ туршлага болж, ирэх жил Герман болон Итали улсуудад томоохон үзэсгэлэнгүүдэд оролцох, Европын орнуудад бараа бүтээгдэхүүн  борлуулах чиглэлээр ажиллаж байна.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам