Монгол,  Канад  Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хоорондын хамтарсан хорооны хурал боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.11.20 10:13


Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Канад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хооронд 2010 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр байгуулсан Санамж бичгийн хүрээнд харилцан тохиролцсоны дагуу Хөдөө аж ахуйн яамд хоорондын хамтарсан хорооны хоёрдугаар хурлыг Улаанбаатар хотноо Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. ​Хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Канадын төлөөлөгчдийг Канадын Хөдөө аж ахуй, хүнсний яамны Зах зээлд нэвтрэх асуудал эрхэлсэн газрын ерөнхий захирал хатагтай Катлийн Донохү нар тус тус ахлан оролцов.

 Монгол, Канадын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Канадын хөрөнгө оруулагч нарт сурталчлан таниулах, Канадын техникийн болон стандартын талаар туршлага судлах, сургалт, семинар зохион байгуулах чиглэлээр санал солилцож, талууд тус тусын хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа, өнөөгийн байдлын талаар мэдээлэл, танилцуулгыг хийж, харилцан санал солилцов.

​Монгол, Канад хоёр улсын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж, нэмэгдэж байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засаг цаашлаад хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэн, хоёр орны байгаль орчин, цаг уурын хувьд ижил төстэй бөгөөд хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалан, үр сорт, усалгааны систем, эрчимжсэн мал аж ахуй, тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, Канадын технологийг турших, нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, бодит үр дүнд хүрэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам