Өндөршил, Тэс адууны омог батлагдлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.11.20 13:58


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөлийн өнөөдрийн хурлаар Дундговь аймгийн Өндөршил суманд үржүүлж буй нутгийн шилмэл адуу, Увс аймгийн Тэс, Зүүнговь, Завхан аймгийн Тэс, Баянтэс, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад үржүүлж буй хурд-уналга-эдэлгээний чиглэлийн адууны үржил селекцийн ажилд хянан магадалгаа хийсэн ажлын тайланг хэлэлцлээ.

Дундговь аймгийн Өндөршил суманд үржүүлж буй нутгийн шилмэл адуунд  орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагаас санаачлан 2013-2018 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран шилэн болон тохируулан сонголтын ажлыг зохион байгуулж, Дундговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тэргүүлэх зорилт болгон тусгаж ажилласан байна.  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-145дугаар тушаалаар батлагдсан “Үржлийн малд хянан магадалгаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам”-д заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2019 оны А/108 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг Дундговь аймгийн Өндөршил суманд ажиллаж нутгийн шилмэл адууны галбир, бие цогцос, үүлдэрлэг байдал, хурдлах чадвар, ашиг шимийн үзүүлэлттэй газар дээр нь танилцаж хянан магадалгаа хийсэн байна.

Дундговь аймгийн Өндөршил суманд үржүүлж буй нутгийн шилмэл адуу нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 10,0 мянгад хүрч, аймгийн нийт адууны 6,2 хувийг эзэлж, цөм сүргийн 1003 адуутай болсон бөгөөд  биеийн хэмжээ, амьдын жингийн үзүүлэлтээр Монгол адууны стандарт MNS-4099:2010 болон омгийн тодорхойлолтод тусгасан үзүүлэлтүүдийг хангасан юм.

Говийн бүсийн хуурай, ширүүн уур амьсгалд дасан зохицож ашиг шимээ бүрэн өгөх боломжтой, жингийн алдагдал бага, зүс жигд, зүсний хувирал, аж ахуйн ашигтай чанарыг үр төлдөө дамжуулж удамшуулдаг зэрэг нь орон нутгийн онцлогт тохирсон бие даасан популяци болохыг илтгэж байна.

Мөн тус адуунд 2020-2024 онд хэрэгжүүлэх үржил селекцийн ажлын хөтөлбөрийг баталж, биологи, аж ахуйн ашигтай шинж чанарыг удамшуулан, үржлийн цөм сүргийг олшруулах, тархалтын хүрээг өргөтгөх, үржил селекцийн ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо. 

ХХААХҮ-ийн зөвлөлийн өнөөдрийн  хуралдаанаар Завхан аймгийн Тэс, Баянтэс, Увс аймгийн Тэс, Зүүнговь, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад үржүүлж ажиллаж хурд-уналга-эдэлгээний чиглэлийн Тэс омгийн адууны галбир, бие цогцос, үүлдэрлэг байдал, хурдлах чадвар, ашиг шимийн үзүүлэлттэй газар дээр нь танилцаж хянан магадалгаа хийсэн ажлын тайланг хэлэлцэж бие даасан үүлдрээр баталлаа.

Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн 79/196 дугаар тогтоолыг үндэслэн Хөдөө аж ахуйн яамны шийдвэрээр 1973 онд Завхан аймгийн Тэс, Баянтэс, 1978 онд Увс аймгийн Тэс суманд “Тэс” адууны улсын үржлийн фермийг тус тус байгуулж байсан. Тус фермийн адуунаас Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл зэрэг 6 аймаг, Завхан аймгийн 19 сумаас хүсэлт ирж, 508 азаргыг сайжруулагчаар ашиглаж эхэлсэн түүхтэй Тэс адуу нь цаг агаарын хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд дасан зохицсон адуу юм.

Тус адууг үржүүлж буй Увс, Завхан, Хөвсгөл аймаг нь хур тунадасны болон температурын нөхцөл эрс тэс, агаарын хамгийн их хүйтэн нь Увсын Тэс суманд 2016 оны 01 дүгээр сард -50.70С, Завханы Тэс сумд 2018 оны 01 дүгээр сард -50.40С, хөрсөн дээр 2010 оны 2 дугаар сард Завханы Тэс сумд -540С, Увсын Тэс сумд –510С байжээ.

Агаарын хамгийн их халуун нь Завханы Тэс суманд 2015 оны 8 дугаар сард +37.50С, Увсын Тэс суманд +39.90С, хөрсний хамгийн их халуун нь Завханы Тэс суманд 2015 оны 6 дугаар сард +660С, Увсын Тэс суманд энэ хугацаанд +64.50С хүрч халж байсан ажээ.  Эндээс үзэхэд Тэс омгийн адуу агаарын температурын -50.70С ... +39.90С хооронд буюу 90.6 градусын, хөрсөн дээр температурын -54.00С .... +66.00С хооронд буюу 120.0 градусын ялгаатай нөхцөлд өсөн үржиж байна.

Тэс омгийн адуу нь дотроо “Таван тэс-говь”, “Гандан жас”, “Хотгойд” гэсэн 3 удамтай.  “Таван тэс-говь” удмыг Увс аймгийн Тэс, Зүүнговь сумдад үржүүлж байна.  Энэ удам бусдаас чацархаг, сэрвээний өндөр нь 130 см-ээс дээш, цээж хавчигдуу, хамар монхор, хамрын нүх уужим дугуй, эрүү хоорондын зай бусад үүлдэр, омгийн адуунаас 2,5-3 см илүү, шөрмөс булчин тод илэрсэн, хурдлах чадвар сайтай, өөрийн аж ахуйн ашигт чанарыг үр төлдөө баттай дамжуулан удамшуулдаг, тэсвэр хатуужил сайтай сүрэг юм. Гандан жас, Хотгойд удмаас амьдын жингээр илүү, чацархаг, намрын жинг бага алдаж онд ордог, удам дагуулан үржүүлж ирсэн.

“Гандан жас” удмыг Завхан аймгийн Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан сумдад үржүүлдэг, Таван тэс-говь удмаас 3-4 см намхан, хурдлах чадвар ойролцоо, чихний үзүүр нь хурц босоо урт 18-19 см хүрдэг, шүд, ясны хөгжил сайтай, хөнгөн ястай чийрэг бие цогцостой, хамрын нүх том, удам дагуулан болон удам хоорондын үржүүлгийн аргаар үржүүлдэг. Тэс суманд 6704, 6787, 2105 дугаартай азаргаар удам үүсгэсэн болно.

Хотгойд удам – Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад үржүүлдэг, сэрвээний өндөр 128 см, нилээд махлаг, уналга, эдэлгээ даах чадвар сайтай, туурай нь цомбон, удам хоорондын солбицуулах үржүүлгийн арга хэрэглэдэг. Бэлчээр ашиглах, уналга эдэлгээ даах чадвар гойд сайн. Бусад удмаас арьс нь зузаан, үс сахлаг, биеэр бусад удмаас намхан лагс чамбай биетэй  адуу юм.

Тэс адуу нь 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 97,5 мянгад хүрч, цөм сүргийн  49,9 мянган адуу үржүүлж байгаа нь “Үржлийн малд хянан магадалгаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам”-д заасан үүлдрийн шаардлагыг хангасан бөгөөд байгаль цаг уурын эрс тэс, хатуу ширүүн нөхцөлд дасан зохицож, удам зүйн давуу чанарыг үр төлдөө сайн дамжуулдаг тэсвэр хатуужил сайтай, бие даасан популяци болохыг нотолсон юм.

ХХААХҮСайдын тушаалаар тус адуунд 2020-2030 онд хэрэгжүүлэх үржил селекцийн ажлын хөтөлбөрийг баталж, биологи, аж ахуйн ашигтай шинж чанарыг удамшуулан, үржлийн цөм сүргийг олшруулах, тархалтын хүрээг өргөтгөх, үржил селекцийн ажлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам