Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2019.12.07 15:38


Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд  Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаан Ханой хотноо болж, монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ахлан ажиллав.

          ЗГХК-ын хуралдаанаар Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлэн Монгол Улсад “Дарханы арьс, ширний цогцолбор” байгуулах төслийг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, нэр төрлийг нэмэгдүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуучуудын солилцоог идэвхжүүлэх чиглэлээр тодорхой тохиролцоонд хүрсэн.

          ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны ажлын айлчлал БНСВУ-ын Кан Тхо хотноо үргэлжилж байна. Кан Тхо хот нь Вьетнамын өмнөд хэсэгт байрладаг, ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан эдийн засагтай ялангуяа  цагаан будаа, загасны аж ахуй, далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй Япон Улс, АНУ, Төв Азийн орнуудад экспорт хийдгээрээ онцлогтой юм. Тус хотын Ардын хорооны дарга Дао Ань Жүнь тэргүүтэй төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайдад бараалхаж ХАА-н гаралтай бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.

          Төлөөлөгчид Кан тох хотод, Бүгд Найрамдах Куба Улсын хөрөнгө оруулалттай “Ла Био фам” үйлдвэрт ажиллаж байна. Энэхүү үйлдвэр нь газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт ашиглагддаг биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайлбал, “Биорат” бэлчээрийн мэрэгч амьтан устгалын биологийн идэвхит бүтээгдэхүүнийг олон жилийн туршилт судалгаан дээр үндэслэн гаргаж авсан бөгөөд хүн, малд хор нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн болсон бөгөөд Ази, Африк, Өмнөд Америкийн улсуудад өндрөөр үнэлэгдэж байгааг танилцуулав.

          Энэхүү бүтээгдэхүүн нь Монгол Улсад ашиглагдах биологийн бүтээгдэхүүний жагсаалтад бүртгэлтэй бөгөөд цаашид бүтээгдэхүүний үйлдвэрийг Монгол Улсад байгуулж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, ХАА-ын салбарт шинжлэх ухааны хамтарсан судалгаа хийх чиглэлээр санал солилцлов.

Мөн Монгол Улсын ХААИС-ийн харьяа Ургамал хамгаалалын Эрдэм шинжилгээний хүрээлэн, Биорат үйлдвэрийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцолын санамж бичиг байгуулав.

 

 

 

 

 

 

 

 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам