Мал зүйчдийн улсын зөвлөгөөн боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2019.12.19 14:39


Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор “Мал зүйчдийн улсын зөвлөгөөн” өнөөдөр боллоо.  Зөвлөгөөнд  Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх,  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй 21 аймаг нийслэлийн мал зүйчид, эрдэмтэд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.

Одоогоос 95 жилийн өмнө манай улсад мал зүйн шинжлэх ухааны мэргэжлийн алба үүссэн байна. 1957 онд буюу 62 жилийн өмнө “Зоотехникчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, “Мал аж ахуйг хөгжүүлэх” зорилтуудыг дэвшүүлэн зөвлөлдөж байжээ.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн суурь болсон мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малын чанар, үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар төр, засгаас гаргаж байсан удаа дараагийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг мал зүйчид, эрдэмтэд манлайлан зохион байгуулсан байна.

Монгол малыг бүс нутгийн төвшинд цэврээр нь үржүүлэхийн зэрэгцээ ашиг шимийн тодорхой чиглэлээр төрөлжүүлэн үржүүлж, Нарийн, нарийвтар ноост хонины ”Орхон” “Хангай”, “Тал нутгийн цагаан”, “Ерөө”, арьсны чиглэлийн  “Сүмбэр” үүлдрийн каракуль хонь, ноолуурын чиглэлийн “Говь гурван сайхан”, “Уулын бор”, махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдэр, Дорнод талын махны хэвшлийн үхэр зэрэг үүлдрийн малыг бий болгосноор үндэсний үйлдвэрүүдийг шинэ нэр төрлийн түүхий эдээр хангаж байжээ.

Монгол орны байгаль, цаг уур, бэлчээрийн маллагаанд онцгой зохицсон нутгийн малыг өөр дотор нь цэврээр сонгон үржүүлэх уламжлалт арга технологид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг олон арван жил тасралтгүй явуулсны үр дүнд адууны 3 үүлдэр 3 омог, тэмээний 4 үүлдэр 1 үржлийн хэсэг,  үхрийн 3 үүлдэр, хонины 23,  ямааны 13, нийт 52 үүлдэр, омог, хэвшлийн мал буй болсон байна.

Нарийн, нарийвтар ноост хоньтой болсноор нэг хониноос авах ноосны хэмжээ 3.5-4.0 кг, хивсний бүдүүвтэр ноост хониноос 1.8-2.0 кг, нэг ямаанаас авч буй ноолуурын хэмжээ 2 дахин, махны чиглэлийн үхрийн жин 36 кг-аар тус тус нэмэгдсэн байна.

Сүү, махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор гаднын улс, орнуудаас мах сүүний болон сүүний чиглэлийн өндөр ашиг шимт үхрийг нутагшуулан үржүүлэх технологийг нэвтрүүлэн, нэг үнээнээс сааж байсан сүүний гарцыг 2.0-2.5 дахин нэмэгдүүлсэн байна.

2006 онд “Малын чанар сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2010 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлснээр мал зүйн салбар сэргэж, эрчимжих, мал зүйч мэргэжилтнүүд ажлын байраар хангагдах нөхцөл боломж бүрдсэн байна. МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт мал аж ахуйн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавьж хэрэгжүүлснээр “Малын генетик нөөцийн тухай хууль” батлагдан хэрэгжиж байна.

Засгийн газрын 2018 оны 400 дугаар тогтоолоор  “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр баталснаар Мал зүйч мэргэжилтний ажиллах эрх зүйн орчин бүрдэж, малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүргийн малыг өсгөх, мал сүргийг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

   Мал зүйчдийн улсын зөвлөгөөний үеэр Монгол улсын мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн асуудлууд, Дэлхийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд, Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв, цаашдын зорилт, Малын үржил селекцийн ажлыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах нь, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх боломж, Ноос ноолууран болон  мах сүүн  бүтээгдэхүүний чанар, зах зээлийн чиг хандлага,  Мал зүйч мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, мэргэжилтэй боловсон хүчний хүрэлцээ хангамжийг сайжруулах нь сэдэвт илтгэл тавьсан юм.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам