ХБНГУ ажлын айлчлал: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН НОРВЕГИ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ САЙД ХАТАГТАЙ ОЛАУГ БОЛЛЕСТАДТАЙ УУЛЗЛАА

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2020.01.22 13:24


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар ажиллаж байна. Ажлын айлчлалынхаа  үеэр   Норвеги Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд хатагтай Олауг Боллестадтай уулзлаа.

Уулзалтын үеэр Сайд Ч.Улааны зүгээс Норвеги Улстай хамтран эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах, малын гоц халдварт өвчнийг тандах, хянах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тэрээр нэг талаас Норвегийн мал эмнэлгийн хүрээлэнгийн чадавхи, нөөц боломжийг ашиглан Монгол Улсын зүүн бүсийг эрүүлжүүлэх, малын гоц халдварт өвчнийг тандах, хянах чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, дотоодын чадавхыг бэхжүүлэх, нөгөө талаас Норвегийн малын эмч нарыг туршлагажуулах, практик чадавхыг гүнзгийрүүлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг сайшаан цохон тэмдэглэлээ. Сайд Боллестадын зүгээс энэхүү хамтын ажиллагааг үргэлжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хоёр орны мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон.

Цаашлаад Норвегийн зүгээс өвлийн хүйтэнд тэсвэртэй, сүүний гарц сайтай Норвегийн улаан тарланг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг мэдэгдэж, тус улсын ГЕНО хөдөө аж ахуйн хоршооны туршлагыг хуваалцах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажиллах боломжтойг дуулгалаа.

Сайд Ч.Улаан Монголоос Норвегийн хүйтэнд тохиромжтой ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой, хувийн хэвшлийн сонирхол их байгааг дуулгасан ба үүний хариуд Сайд Боллестад Монголын ноолууран бүтээгдэхүүний чанарыг сайн мэддэг, худалдан авагчдын сонирхол байгаа гэдгийг мэдэгдсэн.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам