Хүнсний боловсруулах салбарт мэргэжилтэн бэлтгэдэг Их, дээд сургуулиудын консорциум үүсгэн байгуулах боломж, арга замын талаар зөвлөлдөх уулзалт болов

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.01.27 16:50


Засгийн газрын 2017 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д хүнс, хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлж “хүнс экспортлогч” гүрэн болох стратегийн зорилтыг, мөн Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрт “Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх” зорилтыг тус тус дэвшүүлсэн.

 Дээр дурдсан бодлого, хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүнсний боловсруулах салбарт мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын идэвх санаачилга, оролцоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм.

            Иймд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд төр, хувийн хэвшлийн холбогдох их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны механизм бүхий консорциум бий болгох санаачилгыг дэвшүүлж, тус ажлыг хэрэгжүүлэх боломж, арга замын талаар зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд зохион байгуулав. Тус уулзалтад Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Идэр их сургууль, Техник технологийн дээд сургууль, Технологийн дээд сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн төлөөлөл 20 гаруй хүн оролцов.

Аливаа салбарын тогтвортой хөгжил, ирээдүйн чиг хандлага нь тухайн салбарын өрсөлдөх чадвар, хөдөлмөрийн бүтээмж, хүний нөөцийн чадавхтай шууд холбоотой байдаг.

Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулан дээрх санаачилгыг дэмжиж ажил хэрэг болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлэх, их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны уялдааг хангах, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн захиалга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэргэжилтэн сургаж бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгаа – үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхийн чухлыг оролцогчид онцолж байв.

Хүнсний боловсруулах салбарт мэргэжилтэн бэлтгэж байгаа төр, хувийн хэвшлийн их дээд сургуулиудын хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх, консорциум/холбоо байгуулах, салбарт дэвшүүлсэн стратегийн зорилтуудын хүрээнд дараах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нөхцөл, боломжтой талаар хэлэлцэж, санал мэдээлэл солилцов. Үүнд:

1.    Хүнсний чиглэлийн их дээд сургуулиудад байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг нэгтгэж цахим сан үүсгэн байгуулах, судалгааны ажлын чанарыг сайжруулах, хамтарсан судалгаа хийх, судалгааны төсөл хэрэгжүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх.

2.    Эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.

3.    Хүнсний чиглэлийн дээд боловсролтой инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдийн уялдааг хангах, шинэчлэх.

4.    “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрт тусгагдсан дараах арга хэмжээг хамтран үр дүнтэй хэрэгжүүлэх:

a.    “Мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг жил бүр уламжлан хамтран зохион байгуулах.

b.    Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг шинэчлэх.

c.     Хүнсний эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.

d.    Хүнсний салбарт эрэлт өндөртэй мэргэжлийг Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалтад хамруулах, тэргүүний оюутнуудад тэтгэлэг олгох асуудлыг судалж шийдвэрлүүлэх.

e.    Хүнсний боловсруулах салбарын нарийн мэргэжлийн ажилтныг гадаад улсын ахисан шатны сургалтад тогтмол хамруулах механизмыг бүрдүүлэх.

 

5.    Салбарын мэргэжилтнүүдэд мэргэжлийн зэрэг олгох, зохистой дадлын сургалт зохион байгуулах чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх /Хүнсний тухай хуульд нэмэлт оруулах.../

6.    Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлын цар хүрээг өргөжүүлэх, хамтран зохион байгуулах.

7.    Хүнсний боловсруулах салбарт чанартай мэргэжилтэн бэлтгэх, оюутны тэтгэлэг олгох, залуу судлаачдыг дэмжих Итгэлцлийн санг хувийн хэвшлийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн санаачилга, оролцоо, дэмжлэгт тулгуурлан бий болгох зэрэг болно.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам