“Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлагдлаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2020.01.29 16:30


Малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг хангаж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэсээр иржээ. Гэвч малын тооны өсөлт, бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлт нь экологийн нөөцийн хязгаарлагдмал байдалд сөрөг нөлөөлөл, үүсгэж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх боломжийг хязгаарлаж эхэллээ. Мөн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагатай уялдуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрхлэх арга барилд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох, малчдын оролцоо, үүрэг, хариуцлагыг улам бүр нэмэгдүүлэх шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж байна.   

Иймд Мал аж ахуйн салбар, малчдыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн урт, дунд хугацааны бодлого, нийгэм, эдийн засгийн шаардлага, эрэлт хэрэгцээнд суурилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-172 дугаар тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн гишүүд, салбарын эрдэмтэн судлаачид, мал аж ахуйн салбарын судалгааны төрийн бус байгууллага, орон нутгийн мэргэжлийн байгууллага, малчдын төлөөлөл  хамтарч боловсруулан “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийн төслийг Засгийн газрын өнөөдрийн \2020.01.29\  хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих, малчдын амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тус үндэсний хөтөлбөрийн төслийг үндсэн 5 зорилтын хүрээнд 2020-2024 оны хугацаанд хэрэгжүүлнэ.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ. Үүнд:

  • Малчдыг мэдээллээр хангах нөхцлийг бүрдүүлэх замаар мал маллах, аж ахуй эрхлэх арга барил, мэдлэг, чадавхийг сайжруулж, малчдын залуу халааг бэлтгэнэ.
  • Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчлж, чанарын үнэлэмж бий болгоно.
  • Малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцлийг сайжруулна.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлийг бууруулж дасан зохицох, эрсдэл даах чадавхийг бататган сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, тухайлсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
  • Малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ.

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг олон зуун жилийн туршид эрхэлж ирсэн малчид нь Монгол орны түүхийг бүтээгч, нүүдэлчин ахуй, иргэншлийн өв соёлыг тээгч, нийгэм, эдийн засгийн томоохон давхарга юм.

Манай улсын нийт өрхийн 25,8 хувийг малтай өрх, үүний 73.6 хувийг малчин өрх эзэлж нийт хүн амын 19.4 хувь нь малчин өрхөд амьдарч, ажиллах хүчний 26,7 хувийг малчид бүрдүүлж байна. 2019 оны жилийн эцэст малчин өрх 171,6 мянга, малчид 285,5 мянга байна.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам