Биоаюулгүйн-III зэрэглэлийн лабораторийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үүрэгдлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2020.02.04 16:34


Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори \УМЭАЦТЛ\-д Монгол Улсын Засгийн Газар ХХААХҮЯ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тусламж дэмжлэгээр  мал, амьтны гоц халдварт өвчнийг оношлох биоаюулгүйн-III  зэрэглэлийн лаборатори 2008 онд анх байгуулж ашиглалтанд оруулсан бөгөөд өнөөдөр хүртэл оношилгоо баталгаажуулалтын  ажлыг тасралтгүй гүйцэтгэж ирсэн Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюлгүйн-III  зэрэглэлтэй цорын ганц лаборатори юм.

Дэлхийн 24 оронд 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 400 гаруй хүн амь насаа алдаад буй коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюлгүйн-III  зэрэглэлтэй цорын ганц уг лабораторийн хувьд болзошгүй аюулаас сэрэмжлэн, дотооддоо коронавирусийн оношлогоог хийх бэлэн байдалд байж бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэгдлээ.

Биоаюлгүйн-III  зэрэглэлийн лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг  молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээ гүйцэтгэдэг байна.

2008 оноос одоо хүртэл тус биоаюулгүйн -III  зэрэглэлийн лаборатори нь 24 цагийн турш байнгын бэлэн байдалд байж жилийн 365 хоног тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд жилд тухайлбал  2017 онд 17 эмч мэргэжилтэн давхардсан тоогоор нийт 308 удаагийн оролтоор 469 цаг  40 минут, 2018 онд 20 гаруй эмч, мэргэжилтэн 250 удаагийн оролтоор 996 цаг буюу 5,6 сарын хугацаагаар, 2019 онд 160 удаагийн оролтоор  буюу 320 цаг 113 минут хугацаагаар биоаюулгүй дэглэм баримтлан оношлогоо, шинжилгээ, үйлчилгээний ажил гүйцэтгэсэн байна.

Жилд дунджаар тус лаборатори оношилгоо, тандалт, баталгаажуулалтын зорилгоор 600 гаруй хандалтаар 10000-15000 дээж хүлээн авч 18000 гаруй сорил шинжилгээ  хийдэг. Тус лабораторийг мал, амьтны гоц халдварт өвчний оношлогоо, шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглах бүрэн боломжтой юм.

Лабораторийн оношлогоо шинжилгээний бэлэн байдлыг тогтмол хангах зорилгоор ХХААХУЯ, ЗГХА-МЭЕГ –аас жил бүр улсын төсвөөр дамжуулан дэмжлэг үзүүлдэг.

Тус лаборатори нь мал, амьтны гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг, гахайн сонгомол мялзан, бог малын мялзан, гахайн африк мялзан зэрэг өмнө нь Монгол улсад бүртгэгдэж байсан буюу огт бүртгэгдэж байгаагүй гоц халдварт өвчний шинжилгээ хийж онош баталгаажуулж ирсэн байна. 

Монгол Улс  Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага болон олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд улс орондоо тохиолдсон мал, амьтны гоц халдварт өвчний олон улсын лавлагаа лабораторид илгээж онош баталгаажуулан олон улсад мэдээлдэг зарчимтай. Тухайлбал ДМАЭМБ-ын лавлагаа лаборатори болон бүс нутгийн лавлагаа лабораторид 2000-2019 онд нийтдээ мал, амьтны гоц халдварт 7 өвчний онош баталгаажуулахаар 75 удаа дээж илгээж онош баталгаажуулалт хийлгэсэн байна. 2008 оноос хойш онош баталгаажуулалт олон улсын лавлагаа лабораторийн дүнтэй байнга 100 тохирч байсан бөгөөд оношийн зөрүү гарч байгаагүй.  Хамгийн сүүлд 2016, 2018 онд Монгол улсад анх удаа бог малын мялзан, гахайн африк мялзанг оношлож олон улсын лабораториор баталгаажсан юм.

 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам