Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Австралийн элчин сайдыг хүлээн авч уулзав

Эх сурвалж: ХХААХҮЯам

turmaa_admin | 2020.02.21 18:10


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр \2020.02.21\  Австралийн Холбооны Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Дэйв Воусэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи энэ хугацаанд хоёр орны харилцаа нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэг тэр дундаа Монгол улсын байгалийн нөөц баялгийн салбарт явуулж байгаа арилжааны үйл ажиллагаа зэрэг бүхий л салбарт хөгжиж байгаад баяртай байна. Монгол Улсын Засгийн газраас Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн хөгжлийн тулгуур салбар хэмээн тодорхойлж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг” онцлон хэлсэн юм.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Австралийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бэлтгэх техник технологийн ололт амжилтаас суралцах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох арга туршлагыг судлах, Монгол улсад нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны саналууд солилцлоо.

Цаашид хоёр орны эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхэд улам их анхаарал хандуулан ажиллахаа хоёр тал илэрхийлэв.


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам