ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Хөвсгөл аймагт ажиллаж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

bayarotgon | 2020.03.14 11:29


Хаваржилт хүндэрсэн Архангай аймгийн Хашаат, Өгий нуур, Өлзийт сум, Хөвсгөл аймгийн Рашаант, Галт, Жаргалант, Шинэ-Идэр сумын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж холбогдох саналуудыг Засгийн газарт уламжилж хэлэлцүүлэх зорилготой ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тэргүүтэй, Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, мэргэжилтэн Д.Хүрэлбаатар, Ц.Түмэнбаяр болон орон нутгийн удирдлага ажиллаж байна.

Ажлын хэсэг аймаг орон нутгийн удирдлагууд, малчидтай уулзаж хаваржилтын нөхцөл байдлын талаар ярилцаж, цаашид цаг хүндэрсэн үед шат дараатай авах арга хэмжээний талаар хэлэлцэж өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад улсын нөөцөөс олгогдсон өвс тэжээлийг малчдад тэгш хүртээмжтэй хуваарилах талаар чиглэл өгч ажиллаж байгаа юм.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн нэгдүгээр сард баруун аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж, саналуудыг Засгийн газарт уламжласан юм.

Монгол Улсын Засгийн газраас улсын нөөцийн 3713 тн өвсийг үнэгүй, 3025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, отор ихтэй 7 аймагт тус бүр 50.0 сая нийт 350.0 сая төгрөг, эрүүл мэнд, нийгэм, онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээг дэмжиж 17 автомашин олгосон юм.

Монголын улаан загалмай нийгэмлэгээс  Архангай, Булган , Говь-Алтай , Хэнтий, Ховд, Өвөрхангай, Увс, Сүхбаатар  8 аймгийн 61 сумын 1000 эмзэг бүлгийн малчин өрхөд тус бүр 240.0 мянган төгрөг, 115.0 мянган төгрөгийн малын долооц, загасны тос, амин тун, нүдний тос, туурайн тос нийт 355.0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн юм.

НҮБ-ын ХХААБ-аас Дундговь, Дорноговь, Төв, Баян-Өлгий 4 аймгийн 450 өрх тус бүрт 275.0 мянган төгрөг, 145.0 мянган төгрөгийн малын эрдэс, амин дэмийн багц нийт 189.0 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна. 


Зохиогчийн эрх ©2020 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам