П.Сэргэлэн:  Халх голд нэг шөнийн дотор 28 аж ахуйн нэгжид 330 мянган га газар олгосон байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2016.12.08 14:32


“Эксперт” буландаа энэ удаа Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн  сайд П.Сэргэлэнг урьж ярилцлаа.

-Саяхан та ОХУ, Унгарт айлчлал хийгээд иржээ. Айлчлалын үр дүнг ямраар харж байна вэ?

-За тэгье. Оросын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачевын урилгаар тус улсад айлчлал хийж, тус улсын Хөдөө аж ахуйн яамтай дөрвөн чиглэлээр хамтарч ажиллахаар тохирлоо. Нэгдүгээрт, Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллахаар боллоо. Монголын ард түмэнд мал аж ахуйн салбарт оросуудтай хамтарч ирсэн олон жилийн түүх, туршлага бий. ОХУ-ын мал эмнэлгийн тогтолцоог өөрийнхөө салбарт хэрэгжүүлж, босоо удирдлагатай, хариуцлагатай хяналттай болгох чиглэлээр хамтарч ажиллах бодлогын санал тавьсан. Энэ саналыг ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд дорвитой хүлээн авсан. Хоёр дахь нь, махны экспортын асуудал. А.Н.Твачев сайд Монгол Улсад арваннэгдүгээр сард айлчилна. Айлчлалын үеэр махны үйлдвэрүүд, малчин айл, Монголын мал ахуйтай биечлэн танилцаж, хамтарч ажиллана гэдгээ бидэнд хэллээ. Гурав дахь нь үрийн аж ахуй. Газар тариалангийн салбарт сүүлийн үед “үрийн бодлого” алдагдсан байна. Үрийн аж ахуйтай болох саналыг тавихад дэмжиж хүлээн авсан. Дөрөв дэх нь, ОХУ-тай хил орчмын худалдаа хийе гэсэн. Дотоодын үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд худалдахад дэмжлэг үзүүлэх ажлыг хоёр талаасаа хийе гэсэн саналыг тавьсан. Цаашдаа Монгол Улсын Засгийн газрын төвшинд энэ дөрвөн асуудлыг чухалчилж, хүн болгон өөр өөрийг ярьдаг биш бодлого нэг байя гэсэн зорилго тавьж ажиллаж байгаа. ОХУ-тай хөдөө аж ахуйн салбарт илүү нягт хамтарч ажиллана гэж үзэж байгаа. Оросын дараа Унгар улсад айлчиллаа. Найман жил сунжирч яригдсан Биокомбинатыг шинэчлэх төслийн асуудлыг хамгийн түрүүнд шийдлээ. 25 сая ам.долларын энэ төслийг Унгар улсын Гадаад харилцаа, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд, Экзим банкны удирдлагуудтай уулзаж ярилцаад 2017 оноос эхлүүлэхээр боллоо. Хоёр талаас ажлын хэсэг гаргасан учир оны өмнө бодлогын гэрээгээ байгуулахаар байна. Мөн Засгийн газрын тэтгэлгээр Унгарт 100 оюутан сурдаг юм байна. Бид санал тавьж дахин 100 оюутан сургахаар боллоо. Нэмэгдсэн 100 оюутан хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэн болж төгсөнө. Үүнээс гадна тус улсад  мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэх талаар хамтарч ажиллахаар боллоо. Малын генетик, үржлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, техник технологи, туршлага судлах чиглэлээр хүмүүсээ явуулна. Энэ хоёр айлчлал үр дүнтэй боллоо гэж хувьдаа олзуурхаж байна.

-Биокомбинатын хүчин чадлыг нэмэхээр малын вакцины үнэд өөрчлөлт орох уу?

-Биокомбинатын төсөл амжилттай хэрэгжиж, технологийн шинэчлэл хийсэн хойно малынхаа вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно. Малын вакцины үнэ 2-3 дахин хямдарна гэж харж байгаа. Цаг хугацаа хэмнэж, тээвэр, гаалийн бэрхшээлээс ангижирна. 2005 оноос хойш манай улс 100 орчим тэрбум төгрөгийн вакцин гаднаас худалдаж авсан байдаг юм. Энэ дүнг 2-3 дахин багасна гэж бодохоор эдийн засгийн маш өгөөжтэй.

-Ургац хураалтын явц ямар байна вэ. Төлөвлөж байснаараа ургацаа хурааж чадав уу?

-Ажил хүлээж аваад цаг үеийн, хойшлуулж болохгүй ажлуудтай туллаа.  Хамгийн түрүүнд, “Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” албан даалгаварт гарын үсэг зурсан. Одоо Монгол Улс улаанбуудайгаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, цаана нь 100 мянга гаруй тонныг нөөцлөхөөр төлөвтэй байна. Хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ 80 хувь, төмсөөр 100 хувь хангаж байна. Хадлан тэжээлийн бэлтгэл дуусах шатандаа явж байна. Үтрэм дээр ургац хураалт 100 гаруй хувьтай дууссан. Үтрэмээс гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн элеваторууд руу татах ажил хийж байгаа.

-Сонирхоод асуухад, энэ зун ОХУ-д түймэр гарч Улаанбаатар хүртэл утаан хөшиг татсан. Оросын ойн сан, тариалангийн бүс нутагт гарсан түймэрт тус улс хэр хэмжээний ургац алдсан бол. Энэ нь эргээд импортын гурилын үнэд нөлөөлөх болов уу?

-ОХУ энэ жил 118 сая тонн улаанбуудай хурааж, дэлхийн рекордыг тогтоосон байна. Энэ жил маш их ургац авсан. Сая намайг айлчилж байхад “Алтан намар-2016” үзэсгэлэнгээ хийж байлаа. Үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Орос улс түүхэндээ байгаагүй ургац хурааснаа маш бахархалтайгаар зарлаж байна лээ.

-Шүлхий зэрэг малын гоц халдварт өвчин хүйтний улиралд идэвхиждэг. Өнгөрсөн хугацаанд малыг вакцинжуулах ажил хэр төвшинд явсан бол?

-Биднийг ажил авахад наймдугаар сар гараад л хонины цэцэг, шүлхий, есдүгээр сар дөнгөж гараад л бог малын мялзан өвчин гарсан.  Яам маш богино хугацаанд холбогдох байгууллагуудтай хамтарч хорио цээрийг дэглэм сахиулан, өвчнийг голомтод нь хянасан. Вакцин нийлүүлэгчдийг шалгаруулж, захиалга хийгээд хөрөнгөө шийдсэн. Одоо баруун бүсэд вакцинжуулалт 95 хувьтай явж байна. Төвийн бүс нутагт 7-10 хоногт вакцинжуулалт дуусна. Энэ хоёр ажил дуусахад гол ажил нугарлаа гэсэн үг.

-Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэхээр малын өвчингүй аймаг, бүсийг зарлаж байсан. Засаг солигдохын өмнө Бургастайн боомтоор Хятад руу мах экспортолж эхэлсэн. Ингээд бодоход энэ жил хэдэн тонн мах гадагшаа гаргасан бэ?

-Монгол Улс 2016 онд 4000 тонн орчим л мах экспортоллоо. Урд хөрш рүү 1900 орчим, хойшоо 2000 орчим тонн мах гаргасан байна. Бид 25 сая малтай байхдаа жилд 150 сая тонн мах экспортолж байсан улс шүү дээ. Гэтэл өнөөдөр 74 сая малтай мөртлөө 4000-хан тонн мах гаргаад л зогсч байна. Махны экспортыг нэмэгдүүлэх асуудал маш чухал байна. Нэмэгдүүлэхийн тулд хамгийн түрүүнд малаа эрүүлжүүлэх ёстой. Бид “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ хөтөлбөрөөр мал ахуйн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ эрүүл болгож, олон улсын чанар стандартад нийцүүлэх зорилт тавьсан. Ингэж байж экспортын асуудлыг, хөгжлийн тухай ярина. Ийм учраас мал эрүүлжүүлэх нь бидний өмнөө тавьсан дугаар нэг асуудал болоод байна. Цаашдаа бид эрүүл, органик, өндөр үнэтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гаднын зах зээлд нийлүүлэх учиртай. Манай малын тоо Монголын хүн амтай харьцуулахад их юм шиг боловч бусадтай харьцуулахад их биш. Хятад улс өнөө жилд 90 сая үхрийг хүнсэндээ хэрэглэхээр байна. Дараа жил 120 сая үхрийн мах шаардлагатай болно. Тэгэхэд Монгол Улс дөрвөн сая үхэртэй шүү. Ийм учраас малаа эрүүлжүүлж, махыг нь гадаадад өндөр үнэтэй болгоё гэж зорьж байна.

-Халх голын чөлөөт бүсийн асуудал УИХ-ын сонгуулийн өмнө нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан. Хятадуудад өгчихлөө, солонгосуудад өгчихлөө, хэдхэн компани хуваагаад авчихлаа гээд. Та сайдын хувьд энэ чиглэлийн ажилд анхаарал хандуулсан байх?

-Халх голын хувьд байдал маш хүнд. Хал хголын орчимд 500 мянган га газар олгогдсон байдаг. Үүнээс 330 мянган га газрыг 28 аж ахуйн нэгжид газар олголт хийсэн байна. Хүнс, хөдөө аж ахуйн яам энэ дээр аудитын шалгалт оруулсан. Шалгалтаар нэлээд зөрчил илэрсэн. Ерөнхий сайд Дорнод аймагт очоод, газар дээр нь танилцсан. Ингээд Халх голд олгосон 330 мянган га газар олголтыг цуцална гэж мэдэгдсэн. Энэ дагуу бид холбогдох ажлыг хийж байна.

-Халх гол үндэсний бүтээн байгуулалтын нэгж бол танай яамны бүтцэд байгаа биз дээ. Цаашдаа үйл ажиллагаа явуулах юм уу?

-Явуулна. Явуулахдаа хуулийн дагуу ажиллах ёстой гэдэг шаардлага бид тавина.

-28 аж ахуйн нэгжээс нууц биш бол ямар зөрчил илэрсэн бэ?

-Зөрчлүүд бол нэлээд бий. УИХ-ын Хөдөө аж ахуйн байнгын хороон дээр танилцуулна. Жишээлбэл, 28 аж ахуйн нэгжийг 2016 оны долдугаар сарын 28-ны шөнө дуудаж, нэг дор захирамжийг нь гаргасан байдаг. Нэг дор бүгдийг нь суулгаж байгаад, газар олгох гэрчилгээг нь бичиж өгсөн асуудал байдаг юм. Ном дүрмээр нь ил тод зарлаж, олон нийтэд мэдээлнэ гэж бодож байгаа.

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо арьс, ширний үйлдвэрүүдийг Харгиагаар дамжуулан Туул голд бохир нийлүүлж байгааг буруушаасан. Ажлын хэсэг гаргаж, холбогдох шийдлийг эрэлхийлж байна. Арьс, ширний үйлдвэрүүдийг суурьшлын бүсээс нүүлгэх асуудалд салбарын яам ямар бодлоготой явдаг юм бэ?

-Арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлт орчимд шилжүүлж, нэгдсэн парктай болгох мундаг төслүүд явж байгаа. Үүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, манай яам хоёр дэмжиж байгаа. Туул гол, газрын хөрс бохирдуулж байгаа асуудал байгаа. Бид арьс, ширний үйлдвэрүүдээ олон улсын чанар стандартыг биелүүлж, байгаль орчинд хор нөлөө багатай, эдийн засгийн үр өгөөжтэй байдлаар ажиллахад нь бүх талаар дэмжиж ажиллана. Цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөх зэрэг олон төсөл явж байгаа. Шийдлээ олоод явахад нь бид чадахаараа дэмжинэ.

-Сайдын ажлаа аваад малчид, тариаланчид, жижиг дунд, хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ уулзсан байх. Бас салбарын эрдэмтдийн саналыг сонссон байх. Тэд юу ярьж, юу хүсч байна вэ?

-Би сайдын ажил авснаас хойш яаман дээрээ 583 удаагийн уулзалт хийсэн байна. Энэ уулзалтад бизнесмэнүүд, бодлого төлөвлөж байгаа газар, хэлтсийн мэргэжилтнүүд, эрдэмтэд, төрийн бус байгууллагууд, салбарыг удирдаж байсан сайдууд, гадаадын Элчин сайдууд, холбогдох төсөл хөтөлбөрийн удирдлагууд оролцсон. Холбогдох салбар бүрт ямар ололт, дутагдал байгааг шүүн ярилцаж, цаашдын алхмаа ярилцсан. Уулзалт болгоны дараа тэднээс бичгээр санал, зөвлөмж авсан. Тэдний саналыг Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад тусгасан. Цаашдаа Хүнс, хөдөө аж ахуйн яам юу хийх вэ гэдгээ эдгээр уулзалтын үр дүнд тодорхойлоод байгаа. Мал ахуйн салбарынхан бол орлоготой болъё гэж байгаа. Арьс шир, мал махны үнийг өсгөж өгөөч, сүү цагааны идээ борлуулах зах зээлтэй болгож өгөөч, мал эрүүлжүүлж өгөөч гэдэг асуудал ярьж байгаа юм. Энэ чиглэлээр бид бодлогын дорвитой арга хэмжээ авснаа түрүүн хэллээ. Малын эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетикийн тухай хуулийг өнөөгийн нөхцөлдөө тохируулан өөрчилж, Засгийн газарт үзэл баримтлалаа батлууллаа. Одоо холбогдох яамдаас санал авч, УИХ-д өргөн барихаар бэлдэж байна.

-Хүнс хөдөө аж ахуйн зохицуулах байгууллагатай болно гэсэн мэдээлэл сонссон. Энэ байгууллагын тухай тодруулна уу?

-Тариаланчдын хурааж авсан улаанбуудайг гурилын үйлдвэрт зарах зах зээлийн жамаар явж байгаа зүйлд төр оролцдог. Ноос ноолуур дээр, арьс шир дээр, хоол хүнс дээр оролцдог. Яаж яах ёстой билээ, бодлогын байгууллага. Ирэх 20-30 жил хүнс, хөдөө аж ахуйн салбар хаана хүрэх вэ, юу бүтээх вэ гэдэг бодлогыг боловсруулж байх ёстой яам аж ахуйн үйл ажиллагаа явуулаад байгаа. Тэгэхээр аж ахуйн ажлыг яамнаас тусад нь гаргах ёстой. Ийм учраас Хүнс хөдөө аж ахуйн зохицуулах байгууллагатай болж стандарт шаардлагаа тавьдаг, үнэ зохицуулах үйл ажиллагаа явуулдаг байя гэж байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хороо шиг, Харилцаа холбооны зохицуулах хороо шиг байя гэж байгаа юм. Өнөөдөр газар тариалангийн 1000 компани байгаа. Тэдний 280 нь л агрономичтой. Бусад нь мэргэжлийн бус хүмүүсээр бидний гурилыг бэлдүүлж байна. Мал аж ахуйн салбарт 380 мянга гаруй малчин бий. Бас л бидний хоолыг бэлдэж байгаа хүмүүс. Мал эрүүл мэндийн тухай, малын эмийн тухай, малын эмийн хортой үлдэгдлийн тухай асуудал гээд олон асуудал ургаж гарах ёстой. Ийм учраас Хүнс хөдөө аж ахуйн бодлого зохицуулалтын байгууллагатай болох ёстой. Хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, сүүлийн 20 жил хийгээгүй өөрчлөлтийг хийнэ. Би ажлаа аваад ч хэлсэн, “Хүнс хөдөө аж ахуйн салбарт дорвитой өөрчлөлт хийнэ” гэж.

-Жижиг, дунд үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийг сэргээх, дэмжих чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Ер нь аливаа ажил, үйл ажиллагааг үр дүнтэй болгоход манай улсад хоёр л зүйл дутагдаж байна. Эхнийх нь сахилга хариуцлага. Хоёр дахь нь мэргэжилтэй боловсон хүчин. Монгол Улсад 980 малын эмч байгаа. Эдний маань 60 гаруй хувь нь 55-аас дээш насны ахмадууд. Залуу боловсон хүчин байхгүй. Хөдөө аж ахуйн их сургуулийн маань харьяалал Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжчихсэн. Тэгээд малын эмч, зоо техникч, агрономич, механикжуулагч бэлддэггүй. Олон улсын харилцаа, бизнес, санхүүгийн удирдлага гээд дандаа ерөнхий эрдмийн мэргэжилтэн бэлдэж байна. Үүнээс болоод оёдолчин, малын бага эмч, механикжуулагч байхгүй байна. Эд байхгүй учраас юм хийж чадахаа больж, ажилтан анги дутагдалтай болсон. Хоёрдугаарт, төрийн юманд дэндүү хөндий, хүйтэн хандаж байна. Сахилга бат алдагдаж, хариуцлагагүй, хяналтгүй болсон зүйл маш их ажиглагдаж байна. Сахилга батыг сэргээж, байнга ярина гэж бодож байгаа.

-Хөдөө аж ахуй, бараа түүхий эдийн биржийн асуудал юу болов оо. Яагаад биржийн ажил урагшилж өгөхгүй байна вэ?

-Биржийн асуудал Төрийн өмчийн хороон дээр байгаа. Төрийн өмчийн хорооны даргатай биржийн асуудлаар уулзаж, санал солилцсон. Гаднын хөрөнгө оруулагч нар тодорхой хувийг нь авсан асуудал байна. Үүнд дээр аудит орсон байх. Одоогийн байдлаар биржийн ажил зогсонги байгаа гэсэн асуудал яригдсан.

-Тариалан эрхлэгчдийн хоёр төрийн бус байгууллага яамтай маргаан, шүүмжлэл өрнүүлээд өнгөрсөн хаваржин юм болсон. Маргаан нэг тийш шийдэгдсэн үү?

-Газар тариалан бол маш хүнд салбар л даа. Байгаль цаг уураас шалтгаалдаг, маш хүнд хөдөлмөр шаарддаг. Хоёр жилийнхээ хөдөлмөрөөр нэг жилд ургацаа авдаг. Энэ салбарыг тойрсон 300 мянгаад хүний ажил амьдралын асуудал яригддаг. Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн гурил бэлтгэх чухал салбар. Бид гурилаа гаднаас авдаг болчихвол яах билээ. Энэ утгаараа төр гурилын асуудал дээр онцгой анхаарал хандуулдаг. Т.Бадамжунай сайд Атрын гуравдугаар аяны үед газар тариаланчдыг техник технологи, санхүү эдийн засаг, боловсон хүчний хувьд дэмжсэн шиг дэмжиж ирсэн. Энэ ажил харамсалтай нь сүүлийн хэдэн жил нурсан байсан. Одоо бид Атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлж, тариаланчдаа дэмжинэ гэдэг бодлого баримталж байгаа. Ийм учраас газар тариалангийн 2-3 төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй олон удаагийн уулзалт хийж, санаачилгыг нь дэмжиж ажиллаж байгаа. Дөрвөн санал гаргасныг нь дөрвүүлэнг нь биелүүлсэн. Энэ жилийн ургац хураалтын тухайд богино хугацаанд санхүүгийн асуудлыг нь шийдэж өгөөд, үнийг нь тогтоож өгсөн. Ургацаа ч богино хугацаанд бүрэн сайхан хурааж авлаа. Яам бол газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартаа бодлогын дэмжлэг үзүүлж байх ёстой. Санхүүгээр тусалдаггүй юм гэхэд саад болохгүй байх ёстой.

-Та салбарынх нь хувийн сектороос төрд сайд болж ирсэн. Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллах өөрийн давуу талаа юу гэж хардаг вэ?

-Мал аж ахуйн салбарт би 20-иод жил ажилласан хүн. Төрийн бус байгууллагынхаа шугамаар Монголын 200 гаруй сумаар явж малчидтайгаа уулзалт хийж байсан. Малчдын дунд ажиллаж байсны хувьд зовлон жаргалыг нь гадарладаг гэж ойлгож болно. Газар тариалангийн салбарт дөрвөн жил ажиллаж, тариаланчидтайгаа мөр зэрэгцэж тариа тарьж, ургацаа хурааж явсан. Хөнгөн үйлдвэрийн салбарт яах вэ, би бизнес эрхлээд явж байсан. Юнескогийн харьяа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Итали дахь  сургалтын төвд, “Жижиг дунд үйлдвэрийг төрөөс удирдах нь” гэдэг сэдвээр төгссөн. Итали бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр дэлхийд амжилттай ажиллаж байгаа орон. Эндээс эзэмшсэн мэргэжил намайг бодлого тодорхойлоод явахад дөхөм болдог юм уу гэж боддог юм. Та миний давуу талыг сая асуулаа. Болгоё гэсэн хүн арга эвийг нь олдог. Болгохгүй гэсэн хүн арга саамыг нь олдог. Сэтгэл байгаад аливаа ажлын араас зүтгэх юм бол болно. Хамт олныг, хүмүүсийг уриалж, урам зориг өгч ажиллуулах арга ухаан бол менежерийн ажил байдаг. Хүнийг ойлгож, хүнтэй ажиллах арга ухаан миний хувьд давуу тал юм уу гэж боддог.  Тэрнээс энэ салбарыг мэддэг, илүү их мэдлэгтэй, чадалтай олон удирдагч байгаа гэдэгт би эргэлздэггүй.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах боловч салбар толгойлж байгаа хүний хувьд “Ямар ч байсан дөрвөн жилийн хугацаанд ийм ажлыг хийж үр дүнг нь харна” гэсэн амбиц байгаа байх. Таны онилж харсан ямар зорилт байна вэ?

-Миний ажлын зорилт, зорилго бол тодорхой. Ерөөсөө Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх. 2020 он гэхэд малаа эрүүл болгочихсон байх юмсан. Мал эрүүл болгодог тогтолцоогоо зөв болгочихсон байх юмсан. Мах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ экспортод саадгүй гаргадаг болчих юмсан. Малчид, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдээ үйл ажиллагаа тогтвортой хөгжүүлээд явчихдаг болгох юмсан. Дээрээс нь хөдөө аж ахуйн салбараа Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур багана болгохын төлөө ажиллана гэж боддог. Хийж ч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Энэ жил нөөцийн мах бэлтгэхгүй байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Яагаад вэ?

-Засгийн газрын тогтоолоор 2015 онд махны арван үйлдвэрт нөөцийх мах бэлтгэх чиглэлээр 11.6 тэрбум төгрөг олгосон байдаг юм билээ. 2017 оны хувьд төсөвт суусан зүйл алга. Энэ чиглэлээр бид судалгаа хийж байна. Арваннэг, арванхоёрдугаар сард мах бэлтгэлийн нөөцний асуудал яригдана. Энэ үеэр зэрэгцээд Засгийн газар дээр асуудлыг ярина гэж бодож байгаа. Ер нь бол Монгол Улс махаар дутагдаж гачигдах зүйл гарахгүй. Яамны зүгээс махыг хэрэглэгчдэд дундын зуучлан борлуулагчгүй хүргэх бодлого баримталж байгаа. Малчдын гар дээр хямдхан байгаа мах дэлгүүрт орохоор үнэтэй байгаад байна. Энэ нэг гажиг тогтолцоог засах талаар манай яам нийслэл орон нутаг, бусад байгууллагатай хамтарч ажиллах ёстой. Малчны гар дээр байгаа махны үнэ дэлгүүрийн махны үнийн зөрүүг багасгах тал дээр ажиллаж байна. Энэ дээр түрүүн ярьсан Хүнс, хөдөө аж ахуйн зохицуулах байгууллага чухал үүрэгтэй байх юм.

-Шинэ Засгийн газар 100 хоногийн тайлангаа удахгүй тавина. Танай яам гэхэд өнгөрсөн 90 гаруй хоногт юу хийсэн бэ гэдгээ тайлагнана. Хоёулаа заримыг нь ярилаа. Нэмж хэлэх зүйл юу байна вэ?

-Тэглээ. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт гэвэл Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тогтоол гаргасан. Тэрний хүрээнд төрийн болон төрийн өмчийн компаниуд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авалтаар дэмжихээр боллоо. Арваад хоногийн өмнө “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”-Үндэсний үйлдвэрлэл сэдэвтэй өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, дөрвөн компанитай гэрээ байгууллаа. Түүнээс хойш үндэсний үйлдвэрлэгчидтэй төрийн өмчит компаниуд 20 гаруй гэрээ байгууллаа. Дахиад хэдхэн хоногийн өмнө Арьс шир, ноос ноолуурын холбоотойгоо хамтраад  үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн үеэр 531 сая төгрөгийн борлуулалт хийгджээ. Гэх мэтчилэн борлуулалт нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдээ сурталчлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Яам Үндэсний үйлдвэрлэлийн төв байгуулах зорилттой байгаа. Энэ төв дээрээс хөнгөн үйлдвэрлэл, хүнс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг худалдаж авдаг байх юм. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нэг дороос худалдаж авдаг ийм төвийг байгуулахаар мэргэжлийн холбоодтойгоо хамтраад судалж байгаа. Энэ бол эдийн засаг эргэлтэд орж, үндэсний үйлдвэрлэгчид сэргэхэд чухал нөлөөтэй. Сая бас Улаан-Үдэд үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн зохион  байгуулах гэж Аж үйлдвэрийн сайдтай нь тохирсон.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам