Б.Баяраа: Сүүлийн 20 жил мал эрүүлжүүлэх болон үржлийн бодлого алдагдсаныг өөрчлөх цаг болсон.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2016.12.14 16:18


Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаа бугын эмч  Б.Баяраа гуай “Донгол“ ХХК мал эмнэлгийн захирлаар ажилладаг. Тэрээр Хөдөө аж ахуй  их сургуулийг малын эмч, мал зүйч мэргэжлээр төгссөн.  Эдүгээ тэрээр төрөлх нутаг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд хувийн мал эмнэлэг ажиллуулж, цаа бугыг эрүүлжүүлэх, удам угсааг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.  Түүнтэй  дараах ярилцлагыг өрнүүлсэн юм. 

-        1995 онд манай улсын цаа бугын тоо толгой цөөрсөн. Ингэж цаа буга хорогдоход тухайн үед юу нөлөөлсөн бэ?

-        Цаа бугын аж ахуйг үүсгэн байгуулж Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Цагааннуур суманд цаа бугыг нийлүүлж байсан.  Цагааннуурын агнуурын аж ахуйн  суурин дээр сум байгуулж,  Цаатан  иргэдийн соёл уламжлалыг хадгалахын тулд 1985 онд сум байгуулсан. Энэ үед Цагааннуур, Улаан-Уул, Ринченлхүмбэ суманд нийт 500 хүрэхгүй цаа бугатай байсан үе юм.  Төрийн бодлогоор Цагааннуур  сууринг сумын статустай болгож,  цаатан иргэдийг нэг суманд нэгтгэж, амьдрал ахуйг сайжруулах зорилгоор тусгай тэтгэмж  олгож, нийгмийн асуудалд нь төр анхаарлаа хандуулснаар цаа бугын тоо толгой нэмэгдсэн. 1990онд  “Мянган цаа бугын баяр”-ыг 1300 гаруй цаа бугатай тэмдэглэсэн. 1990 оны  мал хувьчлалаар малчид цаа бугаа хувьчилж авсан тэр үед 1500 гаруй цаа бугатай болсон.  Гэвч 1995 оноос эхлэн цаа буга хорогдож эхэлсэн.  1997 он гэхэд улсын хэмжээнд 500 гаруй цаа бугатай болж, эрс цөөрсөн. Ингэж цаа буга цөөрөхөд зах зээлийн нийгмийн хямрал,  хүнсэнд хэрэглэх, зарж худалдаалах, малын өвчин зэрэг нь голлон нөлөөлсөн. 

-        Өнөөдрийн байдлаар цаа бугын тоо толгой хэд болсон бэ?

-        1800 гаруй цаа бугатай.  Цаа бугын тоо толгой нэмэгдэхэд цаатан иргэдийн нийгмийн асуудалд төр анхаарлаа хандуулсан явдал юм.  Цаашдаа цаа бугын эрүүл мэндэд анхаарах, тогтмол эрүүлжүүлэх эмчилгээ үйлчилгээг хийх зайлшгүй шаардлага байна. Засгийн газрын 255 тогтоолоор Цаатан иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 30 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн. Үүнээс 10 сая төгрөгийг цаа бугыг эрүүлжүүлэхэд зарцуулахаар тусгасан. Энэ төсвийг гаргаагүй учраас  хувийн хөрөнгөөр тарилга туулга зэргийг хийж ажиллаж байна. 

-        Манай улс цаашид цаа бугын тоо толгой нэмэгдүүлэхэд тулгамдсан асуудал юу байна бэ?

-         Цаа бугын өвчин эмгэгийг эрүүлжүүлэх, тогтмол тарилга туулгад хамруулах, үүлдэр угсааг нь сайжруулах нь чухал.  Үүн дээр төрийн бодлогоор төсөв мөнгийг зарцуулах шаардлага бий болж байна.  Өнгөрсөн хугацаанд хувийн мал эмнэлэг цаатан иргэдээс тодорхой хэмжээний төлбөр авч цаа бугын эрүүл мэндэд анхаарч ирсэн.

-        Цаа бугыг эрүүлжүүлэхэд энэ тэргүүнд ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлэх шаардлагатай вэ?

-        Цаа бугыг эрүүлжүүлэхэд улирлын чанартай тарилга туулга хийж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх,  өвчилж эхэлсэн үед нь шуурхай эмчлэх үйлчилгээг тогтмол явуулах арга хэмжээг авах шаардлагатай байна. Цаа буга халдварт өвчнөөр өвчлөх нь бага. Харин  цусны паразит болон гууртаж өвчлөх нь түгээмэл байна. Зүүн баруун тайгад ажиллаж байгаа малын эмчийг цалинжуулж, унаагаар хангана гэсэн Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй байна. Энэ заалт хэрэгжвэл  цаа бугыг эрүүлжүүлэхэд дөхөмтэй ажил болох юм.

-        Өнгөрсөн хугацаанд цаа бугын үржилд хэрхэн анхаарч ажилласан бэ?

-        2000 онд улам цөөрч 400  орчим цаа бугатай болсон үеэс цаа бугын маллагаа, эрүүл мэнд тоо толгойд төрөөс анхаарал хандуулж эхлэсэн. 2007 онд Засгийн газрын 255 тогтоол гарч Цаатан иргэдийн амьдрал ахуй, нийгмийн асуудал, цааны тоо толгой нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, эмчилгээ үйлчилгээ хийж эхлэсэн нь амь тариа болсон. 2010 онд Оросын холбооны улсын Тувагаас 2 удаа 28 цаа бугыг авчирч, үүлдэр угсааг сайжруулсан.  Энэ хугацаанд цаа бугын үүлдэр угсааг сайжруулж, тарилга туулга хийж эрүүлжүүлэх, үржлийн ажлыг эрчимжүүлэхэд 8 сая төгрөг зарцуулсан. 2011 оноос цаа бугын өвчлөл нэмэгдэж өнөөдөртэй золгосон.   Хамгийн сүүлд 2014 онд Оросын холбооны улсын Тувагаас цаа буга авчирсан. Энэ жил 2 настай хээлтүүлэгч тавьж байгаа учир нэмэх шаардлага одоохондоо байхгүй байна. Хамгийн чухал нь  цаа бугын эрүүл мэндийн асуудал тулгамдсан асуудал болоод байна. Тэр тусмаа цаа бугын паразит өвчнийг  эмчлэх эрүүлжүүлэх нь чухал байна.

-      Өнөөдрийн байдлаар  манай улсад  хэдэн цаатан өрх амьдарч байна ?

-        Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд  60 гаруй өрхийн 300 гаруй хүн ам амьдарч байна. Эдгээр иргэдийн 50 хувь нь тайгад  аж төрдөг.  

-        Мал сүргийг эрүүлжүүлэх тогтолцоог хэрхэн өөрчлөх ёстой гэж  мэргэжлийн хүний хувьд бодож байна вэ ?

-        Сүүлийн 20 жил малын үржлийн бодлого алдагдаж, зоотехникч мэргэжилтэй  хүмүүс ажилгүй болж, малын үржлийн асуудлыг зөвхөн дан ганц малчдад хариуцуулсан.  Ингэснээр малчид өөрсдөө малын үржил зоотехникийн үйл ажиллагааны нарийн зарчмыг амьдралын ухаанаар шийдэх болсон.   Ингэснээр буруу жишиг тогтолцоонд шилжсэн. Өмнө нь социализмын үед 1960 оноос хойш цэгцтэй бодлогоор явж, 1990 он гэхэд  аймаг, суманд мал эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, үржилийн бодлого хэрэгжиж байсан үе юм. Гэтэл энэ тогтолцоог өөрчилснөөр  малын үржлийн асуудлыг унагасан.  Монгол улсын үндсэн хуулинд мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжиж малыг өмчилснөөр мал сүргийг  хамгаалах, эрүүлжүүлэх асуудал орхигдсон. Мал эмнэлгийн  тогтолцоог өөрчилж, хувьд шилжүүлснээр  малыг тогтмол эрүүлжүүлэх, угаалга тарилга туулга хийх ажил байхгүй болсон.Хуучин Монгол улсын 330 суманд мал эмнэлэг тогтвортой ажиллаж байсан. Гэтэл үр дүнтэй ажиллаж байсан Мал эмнэлэгийн тогтцолцоог өөрчилснөөр 40-50 жилийн өмнө устсан малын халдварт өвчин эргэж дэгдэх болсон. Мал эмнэлгийг босоо тогтолцоотой болгож, улсын мал эмнэлэг байгуулж аймаг бүрт мал эмнэлэгийн газар, суманд тасаг байгуулан төр хувийн хэвшил хамтран ажиллах цаг болсон. Ингэж ажиллахдаа мал сүргээ эрүүлжүүлэх, үржил селекцийг зохистой явуулах  нь чухал байна. Улсын мал эмнэлэг нь хувийн хэвшилтэйгээ хамтран мал сүргээ эрүүлжүүлснээр малаас хүртэх ашиг шим нь нэмэгдэнэ. 

-      Зарим нэг малчны хариуцлагагүй байдлаас болж малын өвчний халдвартай бүсээс эрүүл бүс рүү халдвар тараах, тарилга хийсэн малыг зах зээлд нийлүүлсэн асуудал гарсан. Тэгэхээр малчныг хариуцлагатай болгох асуудлын талаар таны бодол...

-        Эрүүл малын бүтээгдэхүүн үнэтэй, ашиг шим өндөртэй байна.  Малын үржлийн үед халдвартай бүсээс эцэг мал худалдах, эрүүл бүс рүү отор нүүдэл хийх, тариа хийсэн махаа зах зээлд нийлүүлэх нь эргээд тэр хот айл, сум, аймаг, улсын орлого буурахад нөлөөлж байна гэдгийг малчин түмэн минь маш сайн ойлгож ухаарах хэрэгтэй. 

-         Орон нутагт мэргэжлийн малын эмчийн хүрэлцээ хэр байна вэ?

-          Өнөөгийн байдлаар орон нутагт мэргэжлийн малын эмч, зоотехникч ховордсон.  Энэ мэргэжлээр төгссөн залуус өөр төрлийн ажил хийдэг.  Тус мэргэжлийг сонирхож сонгох залуусын тоо цөөрсөн. Цаашид малыг эрүүлжүүлж, энэ салбараас хүртэх эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд мал сүргээ эрүүлжүүлэх мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж ажлын байраар хангах, нийгмийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт малын эмчээр суурьшин ажиллаж байгаа боловсон хүчин байхгүй гэхэд хилсдэхгүй. Социализмын үед мал сүрэг улсын өмч байсан бол одоо хувийн өмч болсон. Тиймээс малчин, малын эмч хоорондын эрхзүйн харилцааг тодорхой болгож өгөх хэрэгтэй. 


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам