Х.Алтангэрэл: Хууль батлагдсанаар малын гаралтай түүхий эдийн үнэ өснө

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.01.04 9:24


“Мал амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Алтангэрэлтэй ярилцлаа.

-   “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль батлагдсанаар МАА-н салбарт гарах өөрчлөлтийн талаар яриагаа эхлэх үү?

- “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих байдлыг зохицуулах чухал нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт өвчин сум, цаашилбал аймгийн төвшинд тархаж улс орны эдийн засагт ихээхэн хохирол учирч байна. “Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль” - ийн төслийг баталснаар нийгэм, эдийн засгийн дараах эерэг үр дагаврууд бий болно. Үүнд: Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн мал эмнэлгийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллага, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа сайжирч, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, үр ашиг дээшилнэ. Зарим төрлийн халдварт болон шимэгчлэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг мал, амьтны эзэн хариуцдаг механизмыг бүрдүүлж, улсын төсвийн ачааллыг багасгах болно.

Өмнөх хуульд  малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, малын өвчний оношлогоо, шинжилгээ, тандалт, мал эмнэлгийн салбарт ажиллагсдын халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагаа, хувийн мал эмнэлэг, мал, амьтны эзэн, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч болон төрийн бус байгууллагын оролцоо, эрх, үүрэг, хууль тогтоомж зөрчигч нарт хүлээлгэх хариуцлагыг бүрэн тусгаж чадаагүй байсан. Мөн байнга болон түр нутагшсан зэрлэг амьтны өвчлөл, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалах халдваргүй өвчин, түүнээс сэргийлэх, халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлж шуурхай хариу арга хэмжээ авах мал эмнэлгийн үйлчилгээний байнгын бэлэн байдлын тогтолцоо, мал эмнэлгийн лабораторийн эрх, үүрэг, мал, амьтны өвчний бүртгэлийг оруулаагүй юм. Харин одоо өргөн барьсан хуульд эдгээр бүх асуудлыг бүрэн тусгаж өгсөн.  

 -  Хуулийн ач холбогдолд малын гаралтай бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлнө гэсэн байсан. Ямар байдлаар нөлөөлөх вэ?

- Мал эмнэлгийн байгууллагын бие даасан байдлыг хангаж, захиргааны, мэргэжлийн, санхүүгийн удирдлагын уялдаа холбоог сайжруулснаар мал, амьтны халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх бэлэн байдлын чадавх сайжрах болно. Хүн, мал эмнэлгийн салбар хоорондын хамтын ажиллагааг тогтмолжуулж, зооноз өвчинтэй тэмцэх арга хэмжээний стратеги, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжүүлэлтийн уялдаа холбоог сайжруулснаар мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг зарим зооноз өвчний гаралт, тархалт, өвчлөл буурч хүн ам, мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэл буурна гэж үзэж байгаа. Ингэснээр Олон улсын өндөр шалгууртай зах зээл болон дотоодын зах зээлд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг чөлөөтэй нийлүүлэх нөхцөл бүрдүүлснээр түүхий эд, бүтээгдэхүүнээс олох орлого нэмэгдэж малчдын амьжиргааны төвшин дээшлэх, экспортын хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Breakingnews.mn


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам