Хувийн өмчийг  төр халамжлахын учир

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.01.24 10:58


Эрлийзжүүлгийг хамаагүй хийвэл малынхаа үндсэн генийг алдах эрсдэлтэй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг нь энэ монгол хүн бүрт хамаатай, тун чухал асуудал. Гэхдээ хүмүүс нэг их сонирхохгүй, ач холбогдол өгөхгүй байх шиг.

“Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн бид Үндсэн хуульдаа зааж өгсөн. Таван хошуу малынхаа ачаар өлсгөлөн зовлон үзэлгүй өдий зэрэгт хүрсэн ард түмэн бол монголчууд. Өдгөө мал сүрэг маань гэрлийн хурдаар өссөөр 60 саяын босго давжээ. Тоо толгой өсөж байгаа нь сайшаалтай ч малынхаа удмын санг хамгаалж үлдэх тал дээр хангалтгүй ажилласан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж, сануулсаар байна. Харин өргөн барьсан хуулийн төсөлд энэ асуудлыг анхааралдаа авч, төр хяналт тавихаар зохицуулсан нь тун чухал шийдвэр байв.

Манай улс 1930 он хүртэл нутгийн үүлдрийн малаа цэврээр өсгөж иржээ. Харин энэ үеэс нийгэм, эдийн засгийн шаардлагын дагуу монгол малыг эрлийзжүүлэх ажил эхэлсэн юм.

Эхэндээ хонь, үхрийн аж ахуйд эрлийзжүүлэх ажил эрчимтэй явагдсан бол удалгүй хүрээ нь нэлээд өргөжжээ. 1950-иад оны сүүлчээр Монголд нэхмэлийн үйлдвэр ашиглалтад оров. Үйлдвэрт даавуу хийхийн тулд нарийн ноос хэрэгтэй боловч тэр нь манайд байдаггүй. Ингээд хонийг нарийн, нарийвтар ноосны чиглэлээр эрлийзжүүлсэн нь үр дүнгээ өгч, жилд 1500 тонн ноос тушаах болсон гэдэг. Үүнтэй нэгэн адил махны, сүүний чиглэлийн шинэ үүлдрийн мал манайд орж ирэв. Монгол үнээнээс 3-4 литр сүү саадаг бол сүүний чиглэлийн үнээ 10 литр өгөх жишээний. Ийм өндөр ашиг шимтэй болохоор малаа эрлийзжүүлэх ажил эрчээ авсан нь зүйн хэрэг.

Удмын сан, үржлийн чанар сайтай мал өвчин тусдаггүй

Гэвч сөрөг тал бас байв. Тухайлбал, жилийн дөрвөн улирлын турш бэлчээрийн маллагаанд зохицсон, байгалийн эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өл даахдаа сайн гээд монгол малын гол чанарууд муудаад ирэх нь ажиглагдсан байна. Энэ нь мал эрлийзжүүлэх ажилд анхаарал болгоомжтой хандахыг сануулсан дохио байлаа. “Мал эрлийзжүүлэх нь үржүүлгийн сонгомол арга. Дэлхийд нэр цуутай үүлдрүүд голдуу үржүүлгийн аргаар гарсан байдаг юм. Гэхдээ үүнийг хэрэглэхэд учир бий. Монголчууд мал үржүүлэг гэхээр үнээ, бух хоёр нийлэх мэтээр ойлгодог сэтгэлгээнээсээ ердөө салахгүй юм. Үүнээсээ болж буруу яваад байна. Монгол мал бол орон нутагтаа зохицсон үндсэн ген фонд шүү дээ. Эрлийзжүүлгийг хамаагүй хийвэл үүнийгээ алдах аюултай. Нутгийн үндсэн генийг алдана гэдэг бид сүйрлээ л гэсэн үг.

Эрлийзжүүлэг явуулах нь зөв. Гэхдээ мэргэжлийн хүний зөвлөгөө, хяналтын доор, шинжлэх ухааны үндэстэй хийх ёстой. Харин хэн дураараа эрлийзжүүлээд байвал утгаа алдана. Ямарваа эрлийз мал нэгдүгээр үе дээрээ л сайн байдаг. Цааш хоёр, гуравдугаар үе болохоор муудаад явчихдаг. Үүнийг тогтоодог, тогтворжуулдаг нарийн арга бий. Гэвч малчид үүнд анхаардаггүй” хэмээн Монгол Улсын зөвлөх малзүйч Д.Айлтгүй тайлбарлав.

Социализмын үед мал эрлийзжүүлэх ажлыг төрийн хяналт доор, нэгдсэн зохион байгуулалт, бодлого, төлөвлөлтийн дагуу хийдэг байв. Тухайлбал, эрлийзжүүлэг явуулах бүс нутгийг тогтоон өгч, хэдэн тооны мал үржүүлгэд оруулах вэ гэдгээ нарийн тодорхойлно. Гэвч мал хувьд шилжсэнээс хойш энэ ажил зогсож, хяналтаа алдсан юм.

Ганц жишээ дурдахад, өмнөх нийгмийн үед хотын ойр орчимд сүүний чиглэлийн үнээтэй 40 гаруй ферм зэрэгцэн ажиллаж байв. Хотынхны сүү, цагаан идээний хэрэглээний дийлэнхийг эндээс хангана. Тусгай үүлдрийн үнээ болохоор гарц нь ч их. Харин мал хувьчлах үеэр өнөө хэдэн үнээгээ малчдад тараагаад өгчээ. Үүнээс хойш сүүний чиглэлийн цэвэр үүлдэр нь алдагдаж, ямар нь мэдэгдэхээ больсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Улмаар үр төл нь үе дамжих тусам хэврэгшин мууджээ. Харамсалтай нь, энэ мэт замбараагүй байдалд анхаарлаа хандуулдаг, хянаж шалгадаг газар алга.
 

Ямарваа эрлийз мал нэгдүгээр үе дээрээ л сайн байдаг. Цааш хоёр, гуравдугаар үе болохоор муудаад явчихдаг.  Сарлаг, монгол үхрийн дундаас хайнаг төрдгийг бид мэднэ. Бие том, хүч ихтэй, сүүний гарц арвин гээд үнэхээр мундаг. Харин хайнаг цааш үржилд орохоор ортоом үүлдрийн үхэр болоод явчихна. Ортоом нь хүйтэнд тэсвэргүй, мах, сүүний гарц бага гээд муу бүхнийг агуулна. Тиймээс нядлахаас өөр аргагүй. Энэ мэтээр үе холдох тусам үндсэн шинж муудаад байдаг нь эрлийзжүүлгийн гол сул тал аж. “Өнөдөөр Монголд 60 сая мал байна. Үүний 98-99 хувь нь монгол. Тиймээс эрзийз мал монгол малын удмын санд аюул учруулж байна гэж сүр дуулиан болгох хэрэггүй.

Хамгийн гол нь эрлийзжүүлгийг тодорхой хэмжээнд, зохион байгуулалттай явуулах ёстой. Хавтгайруулж болохгүй. Харин одоо энэ асуудал хяналтаас гараад байна. Манайхан нэгнийгээ дуурайх дуртай улс. Нэг нь сайн эрлийз малтай боллоо гэж сонсвол бүгд хошуурч мэднэ” хэмээн Мал аж ахуйн хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор Б.Минжигдорж анхааруулсан юм.

Мал бол хувийн өмч. Тиймээс баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд хамаатай юм гэдэг шиг бид хувийн малаа яах нь дурын хэрэг гэж малчид бодож магадгүй. Үнэхээр тэд малаа зарна уу, нядална уу, эрлийзжүүлнэ үү дурын асуудал. Гэхдээ мал төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг мартаж болохгүй. Төрийн хамгаалалт гэхээр малчид зуд болоход бидэнд өвс тэжээл авчирч өгнө гэж ойлгоод байна. Төрийн эрхэнд байгаа дарга нарын тухайд хэдэн малаа өвчингүй өсгөөд байвал бидний үүрэг боллоо гэх хандлагатай. Гэвч төрийн хамгийн чухал үүрэг бол малын ген фонд, үндсэн чанарыг хамгаалах гэдгийг хаа хаанаа ойлгохгүй явсаар өдийг хүрчээ.

“Малын чанарыг сайжруулна гэдэг хээлтүүлэгчийн чанарыг сайжруулна гэсэн үг шүү дээ. Төр сайн хээлтүүлэгчээр хангаж, хяналт тавих ёстой. Үүнийг дагаад өвчин тусах нь ч багасна. Яагаад гэвэл чанар, өсөлт сайтай мал өвчин тусдаггүй юм. Гэтэл манайхан хэзээ өвчин гарах бол гэж хүлээгээд хэдэн вакцин хадгалаад сууж байдаг. Энэ бол түрхэн зуур гал унтраах төдий л арга. Социализмын үед малын зарим өвчин огт гардаггүй байлаа. Энэ нь удмын сан, үржлийн чанар сайн байсны ач” хэмээн Д.Айлтгүй хэлсэн нь эрх баригчдад нэгийг бодуулах биз ээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ сонин

 


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам