Хөдөө аж ахуйн салбарын сэргэлт...

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.01.25 15:57


Манай сэтгүүл оны эхний дугаартаа хөдөө аж ахуйн салбарыг онцоллоо.  Монголын Засгийн газар хөдөө аж ахуйд дөрөөлж хөгжих зорилт тавьсан билээ. Манай сэтгүүлийн зочин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй уулзаж ярилцахад Монголын хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт ужигарсан олон асуудлыг зөв  оношилж, эрчимт эмчилгээг эхлүүлэхээр  зориг шулуудсанд нь юуны өмнө талархав. Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес, нийтийн хоол  гээд 5-6 салбарын бодлогыг хэрхэн шинэлэг байдлаар удирдан чиглүүлэх гэж байгаа тухай Сэргэлэн сайдын яриа шинэ шинэ мэдээлэл, зоримог алхмуудтай  сонирхолтой байлаа. Сэтгүүлд бүтнээр нь тавихад дэндүү томдохоор, хагасалж нийтлэхэд хайран санагдахаар байсан тул бид ярилцлагыг сэтгүүл болон www.mongolianeconomy.mn вэб сайтаар  хоёр хуваан хүргэж байгаа билээ. Тэрбээр салбаруудын бодлогоо зөв гаргахын тулд зөвхөн өөрийнхөө өрөөнд л гэхэд 800 гаруй хүн хүлээн авч уулзжээ. Мөн Монголын  мал сүргийг эрүүлжүүлэхтэй холбоотой ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний шийдвэр гарсан. Сүүлийн 20-оод  жил Монголын хөдөө аж ахуйд хийгдээгүй бүтэц, тогтолцооны өөрчлөлтийг хийхээр ажиллаж байгаа  гэхчлэн дуулгах сонин их. Та бүхэн таалан болгооно уу.

2017 он бол малын удам угшлыг сайжруулах жил

-Өнгөрсөн оны төгсгөлд мал тооллогын дүнгээр Монгол Улсын мал сүрэг 9,9 хувиар өсөж, 61.5 сая толгойд хүрсэн сайхан мэдээ сонсогдсон. Гэвч бэлчээрийн даац, усан хангамж, малын чанар  гэх зэрэг ужиг асуудлууд байгаа. Тэгэхээр энэ их малын эдийн засагт өгөх  үр ашгийг хэрхэн хүртэх вэ гэдэг нь манай улсын хувьд шийдвэрлэх асуудал болсон. Та салбарын сайдын хувьд энэ тал дээр ямар гарц шийдэл хэлэх вэ?

-Маш сайн асуулт байна. Монгол Улс малын тооны хойноос их хөөцөлдсөн. Гэтэл эсрэгээр малын үржлийн бодлого алдагдаж, бэлчээрийн даац муудаж, шимт ургамлын нэр төрөл эрс цөөрсөн. Бэлчээрийн асуудал зөвхөн малын тооноос биш,  цаг агаарын өөрчлөлт, дулаарлаас шалтгаалж байгаа. Одоо бол нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын үүлдэр  угшлыг сайжруулах  асуудлыг ярих цаг болсон. Өнөөдөр Монгол Улс олон малтай байгаа ч малын амьдын жин бага, бие нь давжаарсан, арьс шир, ноос ноолуурын чанар муу байгааг бид мэднэ. Тиймээс манай яам малын тоонд биш, чанарт анхаарлаа хандуулна.

- Олон жил орхигдуулж ирсэн асуудлыг зөв харсан, их сайхан, тодорхой зорилт байна. Малын үржлийн асуудалд  анхаарч, чанарыг сайжруулахын тулд яг ямар ажил хийж эхлэх вэ. 2020 он гэхэд ямар үр дүнд хүрнэ гэж харж байна вэ?

-Малын үржлийн асуудал, малын удам угшлыг сайжруулах чиглэлээр бүтцийн болоод хууль эрх зүй, тогтолцооны шинэчлэл шаардлагатай байгаа. Сая оны өмнө бид Малын генетик нөөцийн тухай болон Малын эрүүл мэндийн тухай хууль өргөн барьсан. Энэ хоёр хууль батлагдан гарснаар Монгол Улсад малын эрүүл мэнд, удам угшлын  асуудал тодорхой болж ирнэ.

-Мал аж ахуйн салбарт системийн  өөрчлөлт  авчрах хэмжээний тийм сайн хуулийн төслүүд боловсруулж чадсан гэдэгтээ Та итгэлтэй байна уу? 

-Итгэлтэй байна. Хуулийн төслүүдийг  үндсэндээ бид өнгөрсөн наймдугаар  сараас хойш хоёр ажлын хэсэг гаргаж  боловсруулсан. Мал аж ахуйн салбарт ажиллаж буй хүмүүсээс, мал зүйчдээс үе үеийн энэ салбарыг удирдаж байсан сайд нараас, эрдэм шинжилгээний байгууллагуудаас гэхчлэн олон хүнтэй уулзаж, тэдгээрийн  төлөөллийг ажлын хэсэгтээ оруулж ажилласан. Яаман  дээр л гэхэд 6-7 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийсэн.

-Малын чанар тааруу байх нь зөвхөн сүү, махны гарц төдийгүй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрийн түүхий эдийн чанарт, улмаар эцсийн бүтээгдэхүүн чанарт нөлөөлдөг. Үйлдвэрүүд чанартай бүтээгдэхүүн хийхийн тулд түүхий эдийнхээ тодорхой хэсгийг  импортлохоос аргагүй болдог гэхчлэн Монголд үйлдвэрлэл хөгжихгүй, экспорт нэмэгдэхгүй байгаа нь явж явж малын чанартай л холбоотой асуудал. Тэгэхээр танай яамны шинэ бодлого сайн хэрэгжвэл гарах үр дүн нь маш том л доо. Үндсэндээ Монгол Улсын эдийн засагт ихээхэн эерэг өөрчлөлт авч ирнэ.

-Тийм болохоор л энэ асуудалд яам онцгой анхаарч байна. Товир биетэй, эрүүл сайн малтай байх юм бол ядахдаа халдварт өвчин байн байн гарч сандаргахгүй болно. Адаглаад вакцины мөнгөө хэмнэж, махны экспорт нэмэгдэх боломжтой болно гээд ашиг тус нь  их.

Дээр нь та дурдлаа, манай хөнгөн, хүнсний үйлдвэрийн түүхий эд бэлтгэх асуудал байгаа. Өнөөдөр малын арьс шир жижиг хэмжээтэй, гэмтэл ихтэй байгаагаас бүтээгдэхүүн хийхэд 40 хувийн гологдол гардаг. Үржлийн асуудлыг бодлогоор зохицуулж зорилттойгоор хийгээгүй учраас манай хонины ноос гэхэд хатуу ширүүн, ноолуурын микрон нь маш бүдүүрсэн байх жишээтэй. Энэ бол манай үйлдвэрлэгчдийн толгойн өвчин. Улсын  эдийн засаг, багаар яривал малчид, бизнес эрхлэгчдийн орлого энэ хэрээр  багасч  байгаа. Энэ бүхэнд малын  үржлийн асуудал маш чухал. Тиймээс  манай яамнаас 2017 оныг малын  удам угшлыг сайжруулах жил болгон зарлахаар ярилцаж байна. 

В.Путиний шийдвэр бүхий мал эрүүлжүүлэх хөтөлбөр

-Малын эрүүл мэндийг сайжруулахгүйгээр махны экспортын тухай  ярихын ч хэрэггүй байдаг. Таныг энэ чиглэлээр их зоригтой хөдлөх гэж байгаа гэсэн мэдээлэл сонссон. Тодорхой ямар ажлууд  хийх  вэ?

-Энэ чиглэлээр бид олон ажил хийж байгаа. Мөн оны өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлд  хамтран ажиллах талаар шийдвэр гаргасан. Энэ асуудлыг хүмүүнлэгийн буцалтгүй тусламжийн хүрээнд шийдэхээр болсон. Энэ бол маш том ажил юм. Мөн саяхан, оны өмнө Монгол,  Оросын Хүнс, хөдөө аж ахуйн  сайд  нарын  хоёр ч  удаагийн уулзалтын үр дүнд бид ОХУ-аас цэцэг өвчний вакцины шууд худалдан авалт хийсэн. 5.7 тэрбум төгрөгөөр худалдаж авах байсан вакциныг Оросын тал  бидэнд нэн хөнгөлөлттэй буюу 1.5 тэрбум төгрөгөөр өгсөн. Зөрүү болох 4,2 тэрбум төгрөг бол манай яамны нийт ажилчдын дөрвөн жилийн цалин юм. Ийм хэмжээний хэмнэлтийг бид хийж чадсан. ОХУ-тай хамтраад  мал эрүүлжүүлэх хөтөлбөрөө бид дөрвөн  жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Монгол Улс жилд дунджаар 15-20 тэрбум төгрөгийг мал эрүүлжүүлэхэд буюу  вакцинд  зарцуулдаг.

-Энэ бол монголчуудын магнайг тэнийлгэх сайхан мэдээ байна. Сайд таныг болон танай Засгийн газрын багийг үнэлэхгүй байхын аргагүй санагдаж байна. Монгол-Орос хоёр орон нэг нь мах өгч, нөгөө нь авах сонирхолтой ч олон жилийн турш тодорхой шийдгүй явсан мал эрүүлжүүлэх асуудал дээр Путиний дэмжлэгийг авсан нь  юуны  хүч вэ? Эсвэл та ийм хүчтэй багтай  байна уу?

-Би сүүлийн 10 жил малчдынхаа дунд ажиллаж, амьдарч байсан хүн л дээ. Монгол Улсынхаа 220 сумаар очиж 100 мянга гаруй малчинтай уулзаж явлаа. Тийм болохоор малчдын зовлон жаргалыг бага ч болов гадарлана. Мал аж ахуйн орон Монгол Улс малаа эрүүлжүүлэхгүй бол хөгжлийн тухай, экспортын тухай, үйлдвэрлэлийн тухай ярих ямар ч боломжгүй. Манай  эдийн засаг үйлдвэржилтийн гол сууриа сайн сайхан болгохын тулд малаа эрүүл байлгах хэрэгтэй. Үүнд гол анхаарлаа хандуулсан.

Намайг анх ажлаа хүлээн авахад дөрөв, таван  газарт  дөрөв, таван  төрлийн малын гоц халдварт өвчин гарсан нөхцөл байдал угтсан. Тиймээс ОХУ-ын Хөдөө аж ахуйн  сайд А.Н.Ткачевтой харилцаа холбоо тогтоож, тэрбээр  намайг хоёр  удаа ОХУ-д урьсан юм. Энэ айлчлалынхаа хүрээнд би дөрвөн  асуудал тавьсан. Нэг нь мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх, хоёр  дахь нь үрийн асуудал. Монгол Улс өнөөдөр үрийн бодлого, үрийн аж ахуйгүй явж байна. "Үрээ зарахаар үрээгээ зар" гэж монголчууд хэлдэг. Тэгэхээр үрийн асуудал их чухал байгаа юм. Гурав дахь нь махны экспортын асуудал. Дөрөв дэх нь Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрт худалдан борлуулах. Ийм дөрвөн  асуудлыг манай талаас бүх түвшиндээ тавья гэж зорилго зорьсон.

-Владимир Путин ерөнхийлөгчөөр шийдвэр гаргуулах  хүртэл явна гэдэг бол Та асуудлаа их зөв ярьж, танилцуулсных биз ээ. Уулзалт, хэлэлцээрүүд хийхэд амаргүй байсан байх. Та эндээс бусдадаа зөвлөх  ямар туршлага олж авсан бэ ?

-Оросын Хөдөө аж ахуйн сайдтай хоёр удаа уулзсан гэж би дээр хэлсэн. Бид  хоёрын эхний уулзалт маш хүнд байсан. Дандаа л тусламж дэмжлэг авдаг, хэлсэн ярьсандаа байдаггүй, худлаа ярьдаг гээд олон асуудал тулгарсан. Ер нь гадаад хамтын ажиллагаанд хувь хүний харилцаа л байдаг юм билээ. Хоёр дахь удаагаа Дэлхийн үрийн форумын үеэр уулзсан. Тэнд уулзахад бие биеийнхээ яриаг илүү ойлгож, миний саналыг хүлээж авсан. Тэгээд дэргэдээ байсан дэд сайд нар,  мал эмнэлгийн дарга нартаа үүрэг өгсөн. “Монголын Сэргэлэн сайдын ярьж байгаа асуудлыг хүлээн авч, шийд. Биднээс тусламж, мөнгө гуйгаагүй, хамтарч ажиллая гэж байгаа юм байна. Дээр нь энэ хүн сахилга бат, хариуцлага ярьж байна. Монголыг улсын мал эмнэлэгтэй болгох гэж байгаа юм байна. Ажил хийж яваа хүн учраас дэмжье” гэсэн. Улмаар ОХУ –ын Ерөнхийлөгчид танилцуулж дэмжих болсонд нь их баяртай байгаа. Мэдээж, энэ үйл ажиллагаанд манай яамны асуудал хариуцсан хүмүүс  эрвийх дэрвийхээрээ  оролцсон. Манай Гадаад хамтын ажиллагааны хэлтсийнхэн, Мал аж ахуйн газрынхан шаардлагатай бичиг цаасаа боловсруулсан. Бид бүхний хүч. Дээрээс нь Оросын холбогдох  хүмүүс манай асуудлыг сайн ойлгож, Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй  шийдвэрүүд гаргаж өглөө.

-Та сая үр ашигтай хамтарч ажиллах гэдэг үг дурдсан. Тэгэхээр бид дөрвөн  жилийн хугацаанд ОХУ-ын буцалтгүй тусламжаар малаа эрүүлжүүлээд авах нь ээ.  Харилцан ашигтай байлгахын тулд юу хийх ёстой бол. Монголоос юу өгөх вэ?

-Ер нь манай монголчууд зээл авна, тусламж авна гэдэг. Би үүнээс татгалзаж байгаа. Би өнөөдрийг хүртэл олон орны сайд, дарга нартай уулзсан. "Зээл авъя, тусламж авъя" гэдэг үг амнаасаа нэг ч удаа гаргаж чадаагүй. ОХУ бол манай улсын хувьд маш чухал орон. Манай хоёр орны сонирхол, эрх ашиг, эв нэгдэл, хуучин найрамдлын түүх гээд олон зүйл байдаг. Энэ утгаараа бид бие биенээсээ авч өгөх юм байлгүй л яах вэ. Монголын мал эрүүл болчихвол ОХУ Монголоос махаа авна, сүүгээ авна. Бидэнд  малаа эрүүлжүүлээд махаа экспортлох  сонирхол байна. Сонирхлууд нэгдэж байгаа гэсэн үг. Үнэгүй юм өгөөд, үнэгүй юм авах гээд байгаа юм биш. Аль аль талдаа ашигтай зүйл хийх гэж байгаа.  Манайд хөдөө аж ахуйн гаралтай олон сайхан бүтээгдэхүүн байна. ОХУ бол том айл. Энэ айлын хэрэгцээнд бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн бол өчүүхэн. Монгол Улс  тодорхой хэмжээний бүс нутгийг эрүүл, цэвэр бараа бүтээгдэхүүнээр хангах тухай асуудал яригдана. Бид  аливаа улс оронтой  хамтын ажиллагаа, бизнесийн харилцаа хэрэгжүүлэхдээ харилцан ашигтай хамтарч ажиллах байдлаар явна гэж томьёолохоос өөр аргагүй.

-Таны тавьсан дөрвөн асуудлыг дөрвүүлэнг нь Оросын тал хүлээн авсан гэсэн үг үү? Хүлээн авлаа гэдгээ  хэрхэн мэдэгдсэн бэ?

-Дөрвүүлэнг нь хүлээж авсан. Өнгөрөгч 12 дугаар сарын 8-нд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд  надад албан тоот ирүүлсэн. Энэ тоотод дөрвөн хүсэлтийг ОХУ хүлээн авлаа, энэ чиглэлээр бид та бүхэнтэй цаашдаа хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн байсан. Удахгүй  ОХУ-ын шинжээчид Монгол Улсад ирж, бид цаашид яаж үр өгөөжтэй ажиллах талаар ажлын төлөвлөгөө гаргана. ОХУ-ын Хөдөө аж ахуйн  сайд ч Монголд айлчилна. ОХУ-ын ХААЯ-нд энэ үйл ажиллагаануудыг хэрхэн хэрэгжүүлэх тухай гэрээ, контракт байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр энэ чиглэлээр бид хоёр талдаа ажлын хэсэг гаргаад идэвхтэй хамтарч ажиллана гэж бодож байна.

 

 

Хүн аливаа ажлыг хийе гэвэл арга эвийг нь олж болдог

-Та "Гаднын орнуудаас зээл тусламж  авах талаар үг унагаж чадахгүй байгаа"  гэлээ. Хямралын үед санасан зорьсоноо хийхэд шаардлагатай санхүүжилтийг хэрхэн зохицуулна гэж бодож ийм итгэлтэй байна вэ? Төр мөнгөгүйгээс зарим нэг ажил замын голд зогсдог. Ингэж зогсохгүй гэх батлгаа бий юү?

-Энэ үнэхээр чухал л даа. Ер нь манай яамны энэ  оны төсөв маш бага. Үндсэндээ цалингаас өөр юм байхгүй гэж ойлгож болно. Аливаа ажлыг хийе гэвэл арга эвийг нь олж болдог юм. Бид эдийн засаг хүнд байна гээд энэ суурь бодлогын тогтолцооны өөрчлөлтүүдийг хийхгүй байж болохгүй. Улсын мал эмнэлэгтэй боллоо гээд баахан орон тоо нэмэгдээд, улсын төсөвт баахан мөнгө шаардагдана гэх бодол байгаа байх. Бид ийм ачаалал өгөхгүйгээр энэ асуудлыг шийднэ. Аймгуудад Хүнс, хөдөө аж ахуйн газар  гэж бий.  Мөн сумдад  мал эмнэлгийн тасаг гэж байгаа. Энэ бүхний хоорондын уялдаа холбоог нь сайжруулаад улсын мал эмнэлгийн газар, аймагт мал эмнэлгийн газар, суманд мал эмнэлгийн тасаг байгуулна. Бүтэц, бүрэлдэхүүнийг нь оновчтой болгоод явчихвал улсын төсөвт ачаалал, дарамт үүсгэхгүйгээр байгуулах боломжтой. Энэ чиглэлийн суурь судалгаагаа бид бүгдийг нь хийсэн. Дээр нь манай яамны хувьд эдгээр шинэчлэлийг хийхийн тулд салбарт ажиллаж байгаа хүмүүстэйгээ уулзалт их хийсэн. Тухайлбал, би зөвхөн өөрийнхөө өрөөнд л гэхэд салбарынхаа янз бүрийн ажил мэргэжилтэй 800 гаруй хүн урьж уулзсан. Тэр бүх хүнээс  мэдээлэл болон  салбарынхны зовлон жаргалыг сонссон. Дээр нь шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтдийнхээ санал бодол, ахмадуудынхаа үгийг сонсож, уулзаж ярилцсаны үндсэн дээр энэ өөрчлөлтийг  хийх гэж байгаа юм. Сүүлийн 20 жил Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт бүтэц, тогтолцооны ямар ч дорвитой өөрчлөлт хийгдээгүй. Хаврын тариалалт, намрын ургац хураалт, өвөлжилт, хаваржилт гээд цаг үеийнхээ ажилтай л зууралдаад явсан. 

-Миний хувьд хөдөө аж ахуйг жаахан гадарладаг сэтгүүлчийн хувьд таны энэ ажил хийгдээсэй гэж үнэн голоосоо хүсэж байна. Хэрвээ энэ бүхэн ажил хэрэг болбол Монгол Улсын ХАА-н салбарт төдийгүй Монголын эдийн засагт эргэлт гарна. Тэгэхээр танд амжилт хүсье!

-Бид мал эмнэлэгтэй болж, хариуцлага, чанар, стандарт зэрэг бүхий л зүйлийг ярьдаг болохгүй бол болохгүй. Хяналт, хариуцлага байхгүй, хувийн мал эмнэлгийн хэдэн нөхөд байдаг. Зарим нь сайн ажиллаж байгааг үгүйсгэхгүй. Ихэнх нь л ашиг олох зорилготой. Тийм учраас зайлшгүй хийх шаардлагатай. Цаг хугацаа нь тулсан асуудал. Малын эрүүл мэндийн асуудлаас болоод л манай улсын үйлдвэржилтийн бодлого, экспортын бүх асуудал, хөгжлийн асуудал гацчихсан. Бид үүнийг ямар ч гэсэн хийнэ.

Ер нь монголчууд хийсэн зүйлээ зах зээлийн шуурганд нураагаад хаячихсан,  чаддаг байсан юмаа хийж чадахаа байсан ард түмэн. Өнөөдөр бидэнд түүхий эд бэлтгэх тогтолцоо огт байхгүй. Монгол Улсын төсөв 6,8 их наяд. Тэгвэл ХАА-н гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийг зөв бэлтгэж, борлуулж чадвал төсвийг даруй 3,8 их наяд төгрөгөөр тэлэх боломжтой салбар. Ийм хэмжээний мөнгө одоо  улсын төсвийн гадна байна. Түүхий эдийн зөв тогтолцоог бүрдүүлж чадвал  Монгол Улсын төсөв 10 их наяд төгрөгт хүрнэ. Тэгэхээр манай яам дээр түүхий эд бэлтгэлийн зөв тогтолцоогхэрхэн бүрдүүлэх талаар  ажлын хэсэг гараад судалгаа хийсэн байгаа. Одоо бол  хэн дуртай нь орж ирээд  алт, эрдэнэс болсон түүхий эдүүдийг хаанаас ч хамаагүй худалдаж аваад, өөрсдөө хилээр гаргаад явчихаж байна.

-Мах, сүүний аяны хүрээнд юу хийх вэ, ямар үр дүн хүлээж болох вэ?

-Монгол Улс  өнөөдөр сүүний  хэрэгцээнийхээ 60 хувийг импортолж байна. Тэгэхэд бид өөрсдийн дотоодын хэрэгцээг хангаад, хэд дахин илүү хэмжээтэйг экспортлох боломжтой. Тийм хэмжээний нөөц бололцоо бий. Бид мах, сүүний аянг Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт оруулж батлуулсан. Дээр нь Монгол Улсын үйлдвэржилтийн зураглал гаргах гэж байгаа. Аль аймаг, суманд ямар үйлдвэр, цех байна вэ? Мах, гурил, сүү, талх, зайрмагны үйлдвэрүүдийн судалгаа хийж, аж үйлдвэржилтийн зураглал гаргах ёстой. Үүнийг гаргасны дараа Засгийн газраас “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хаана нь ямар үйлдвэр дутагдаж байгааг, аль аймаг, аль бүс нутагт дэд бүтэц нь байгаа юм, аль газар ямар түүхий эдийн нөөцтэй, зах зээл нь байгаа эсэх, аль нь экспорт хийх  боломжтой, хаана мах, сүү, арьс шир, ноос ноолуурын үйлдвэр байгуулах вэ гэдгийг төлөвлөж, цогцоор нь харж байж энэ ажлыг хийхээр ажиллаж байна.

-Засгийн газар ХАА-д дөрөөлж хөгжих зорилт тодорхойлсон. Та хөгжлийн түлхүүр болсон хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл гээд гурван гол салбарын бодлого барьж байгаа учраас ирэх дөрвөн жилийн хөгжлийн чигийг   толгойдоо буулгачихсан яваа юу? 

-Манай яаманд  хүнс, ХАА, хөнгөн үйлдвэр, худалдаа, нийтийн хоол, дээр нь жижиг, дунд үйлдвэрлэл гээд үндсэндээ мал аж ахуй, газар тариалан гэж задлахгүйгээр тооцоход  5-6 салбарын  чиг үүрэг бий. Монгол Улсын нийт ажиллах хүчний 70 хувь нь эдгээр  салбарт харьяалагдаж байна. Үнэхээр том салбар. Өөр нэг онцлог нь, манай салбар  нөхөн сэргээгддэг баялагтай. Нөхөн сэргээгддэг баялгаа эрүүл, зөв, олон улсын чанартай болгож чадвал уул уурхайгаас олдог орлогоо эдгээр салбараас  үеийн үед олоод  явах боломжтой.

-Үйлдвэржилтийн судалгаа, зураглал гаргахаар ажиллаж байна гэсэнтэй холбогдуулан лавлахад Аж үйлдвэрийн яамны өмнө нь хийсэн  үйлдвэржилтийн мэдээлэл, зураглал ч байдаг юм уу та бүхэнд бэлэн аваад ашиглах юм алга уу? 

-Алга, үндсэндээ манайхан хоёр  сар нухаж байна. Уг нь бид оны өмнө үйлдвэржилтийн зургалалаа гаргаад, Засгийн газарт танилцуулаад 21:100 хөтөлбөрөө баталчихъя гэж бодож байсан. Гэвч мэдээлэл байхгүй учраас судалгааны ажлууд их цаг авч байна. Тийм учраас түргэн, түүхий юм гаргаж болохгүй, найдвартай, чанартай, ул суурьтай, үнэн бодит  зүйл  гаргаж ирэх ёстой.

-Энэ судалгааг хийхэд ямар бэрхшээл тулгарч байгаа бол?

-Нэг аймгаас мэдээлэл авахад л бараг таван махны үйлдвэртэй гээд ороод ирдэг. Үнэхээр тийм юм уу гээд газар дээр нь явж очоод үзэхээр зарим нь банкны барьцаанд ороод байхгүй болчихсон, зарим нь бой хийдэг газраа махны үйлдвэр гээд биччихсэн байх жишээтэй. Зайрмагны үйлдвэртэй л гээд байна, хаана байна гээд асуухаар тэр гуайн гэрт байгаа гэнэ. Ийм л нөхцөл байдал байна. Асуудалтай байгаа биз.

Монгол Улс 160-аад мянган тонн мах экспортлох боломжтой

-Махны экспорт дээр бодит тооцоо байгаа юу? Ерөнхий сайд 107 мянган тонн мах экспортлох боломжтой гэж саяхан мэдээлсэн. Өмнөх Засгийн газрын үед Р.Бурмаа сайд нэг тэрбум ам.долларын мах экспортлох боломжтой гэж ярьсаныг ямар ч тооцоо судалгаагүй, үндэслэлгүй зүйл ярилаа гэж махны салбарынхан багагүй бухимдсан. Та нэг бодитой тоо хэлэхгүй юү?

-Монгол Улс жил бүр өөрийнхөө хэрэгцээнд 10 сая толгой мал бэлддэг. Экспортод зургаан сая толгой мал бэлтгэх боломжтой. Хэрэв экспорт сайн хийгдвэл жилдээ 160-аад мянган тонн мах экспортлох боломжтой. Ерөнхий сайдын хэлсэн тоо бол одоо яриа хэлэлцээрийн түвшинд яваа мэдээллийнх гэж ойлгож болно. 

-Махны экспортын байдал одоогоор ямар байгаа вэ?

-Оны өмнө нийт  8000 тонн мах  гаргасан. Намайг ажил авахад 3000 орчим тонн мах гаргасан байсан. Тэгэхээр одоогийн байгаа 8000 тонн  гэдэг бол маш чамлалттай тоо. Бид БНХАУ руу мах гаргах чиглэлээр өнгөрсөн оны 10, 11 дүгээр сард маш сайн ажилласан. Холбогдох бүхий л байгууллагатай уулзаж, ярилцаад 12 дугаар сарын 1-нд Бээжин хотод гарын үсэг зурах байсан юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас өнөөдөр хүлээлтийн байдалд орчихоод байна. 

Мөн булангийн орнууд, Иран руу гаргахаар яриа, хэлэлцээ хийж байна. Хойд хөрш рүү хонины мах гаргах чиглэлээр сая би ОХУ-д айлчлах үеэрээ компаниудтай уулзаж, бодлогоо танилцуулаад санал хүсэлт хүргүүлж байна. Яриа хэлэлцээрийн түвшинд байгаа.

-ОХУ-д тавьж шийдвэрлүүлсэн асуудлуудын нэг нь газар тариалангийн салбарын үрийн бодлогын асуудал. Атрын III аяныг дахин зарласан байгаа. Өмнөх аянаар техникийн шинэчлэл нэлээд хийгдсэн. Өнөөдөр техникийн шинэчлэлээс илүү хөрсний доройтол, усалгаатай тариалангийн асуудлыг  ярих цаг болчихоод байна.  Энэ чиглэлд хэр хөрөнгө оруулалт хийгдэх вэ?

-Хүлээх гол үр дүн бол га-гаас авах болон нийт хураах ургацын хэмжээг нэмэгдүүлэх. Бид өнөөдөр улаан буудайн дотоодын хэрэгцээгээ зуун хувь хангаад, тодорхой хэмжээтэй илүү гарч байна. Үүнийг экспортод гаргах хэмжээнд зорилго тавих ёстой. Дээр нь хүнсний ногооны салбар байна. Төмснөөс бусад хүнсний ногооны дотоодын хэрэгцээний 60 орчим хувийг хангаж байна.

Мэдээж хэрэг, техник, технологийн шинэчлэлт, хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Энэ асуудлаар Беларусь, Польш, ОХУ-тай газар тариалан, хүнсний ногооны салбарт техник, технологийн нэн хөнгөлөлттэй зээлээр аж ахуйн нэгж, иргэдээ хангахаар үндсэндээ тохиролцсон. Өмнөх атрын аянаар газар тариалангийн салбарт улаанбуудайн ААН-үүдэд тодорхой дэмжлэг үзүүлсэн. Одоо бид хүнсний ногооны чиглэлээр, зоорь, хүлэмжийн аж ахуй гээд бүхэлд нь анхаарч ажиллана. Дээр нь таримал хүнсний ногоо, улаан буудайн үрийн бодлогын асуудалд онцгой ахиц гаргана. Монгол Улс өөрөө үрээ нөөцөлдөг, хадгалдаг, хөрс,  цаг уур, ганд тэсвэртэй, эрт болцтой, бүс нутгуудын онцлогт тохирсон чанартай үрийн сорт гарган авч, тариалдаг, ургацаа авдаг болох бодлого баримтална.

Дээр нь мэргэжилтэй боловсон хүчин, механикжуулагч, агрономичдыг үе шаттайгаар бэлдэх богино, дунд хугацааны сургалтад хамруулах, газар тариалангийн салбарт чанар, стандарт нэвтрүүлэх асуудлыг дээрх  аяны хүрээнд  цогцоор нь авч үзнэ.

-Үйлдвэрлэлийн бодлогын хувьд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын үзэсгэлэн яармагт оролцуулах асуудлыг та бас шийдэж чадсан. Монголд үйлдвэрлэсэн бараа  бүтээгдэхүүний чанарыг сайжруулахаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Манай үйлдвэрлэгчид хөгжиж бэхжих, бараагаа чанаржуулахад зах зээлд нь асуудал байгаа юм. Бараагаа сайн борлуулаад, орлоготой байвал улам чанаржаад, сайжраад л явна. Борлуулалт муу байгаа учраас үйлдвэрлэлээ тэлж, хөгжүүлж, чанаржуулж чадахгүй байна. Тийм учраас манай яам борлуулалтад нь анхаарч байна. Засгийн газар “Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дотоодын худалдан авалтыг дэмжье” гэдэг шийдвэр гаргасан. Засгийн газрын 100 хоногийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулахдаа үндэсний бүх үйлдвэрлэгчээ авчирч бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулсан. Төрийн болон төрийн бус байгууллагуудыг урьж авчраад, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс үзэж танилцаад худалдан авалт хийгээч ээ гэдэг уриалга гаргасан. Газар дээр нь л гэхэд 5-6 байгууллага хоорондоо гэрээ байгуулсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 30 орчим  байгууллага гэрээ байгуулаад үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг худалдан авч болж байна.

Хил орчмын худалдааг байнга зохион байгуулна

Бид олон удаагийн хилийн худалдаа хийж үзлээ. Хил орчимд нэг удаадаа 5-6 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлогдоод байна. Хөх хотод томоохон худалдаа зохион байгуулбал илүү их үр дүн гардаг. Тийм учраас хоёр хөршдөө хил орчмын үзэсгэлэн худалдааг байнга  зохион байгуулъя гэдэг санал  тавьж байгаа. Энэ бол дотоодын бараа бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах нэг арга зам. Мөнгөтэй болчихвол сав, баглаа боодлоос эхлээд технологи нь сайжирна, нийлүүлэлт нь өснө, олон хүн ажлын байртай болно. Тийм учраас борлуулалтыг дэмжих чиглэлээр сайн ажиллах ёстой.

Нэмж хэлэхэд, манай үндэсний үйлдвэрлэгчид гадны сайн менежерүүдийг авчирч туршлага судлах ёстой. Гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд юу хийх шаардлагатай, ямар бэлтгэл хангах ёстой вэ гэдэгт суралцах нь чухал.

Саяхан бид дотоодын цай үйлдвэрлэгчдийн зөвлөлгөөн хийлээ. Монгол улс дотоодынхоо нийт хэрэглээний хоёр хувийг өөрөө, 98 хувийг гаднаас импортолж байна. Манай цайны түүхий эд бол үнэхээр гайхамшигтай эмийн ургамлуудаас бүтдэг. Тэгэхээр хийж чадаж байгаа чанартай бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахаасаа өмнө дотооддоо сайн хэрэглэдэг болчихвол энэ улс орны мөнгө гадагшаа гарах нь буурна шүү дээ. Тийм учраас манай яамнаас баримталж байгаа нэг зүйл бол импорт орлох бүтээгдэхүүнийг дэмжих. Сүүгээ бүрэн, цайгаа 50 хувь дотоодоосоо хангадаг болоод, бага багаар үе шаттай ахиад байвал нэг л мэдэхэд дотоодынхоо хэрэглээг өөрсдөө хангадаг болчихно. Ингээд борлуулалт сайжраад ирэхээр бүтээгдэхүүн нь чанаржаад гадаад зах зээлд таниулах, маркетинг, менежмент хийх боломжтой болно.

-Энэ жил сүүний 60 үйлдвэр  байгуулна, тэнд ажиллах малчид, иргэдийг сургах асуудал нээлттэй байгаа гэж та ярьсан байсан. Оруулж ирсэн үйлдвэрүүд нь угсрахад бэлэн юм уу?

-Жижиг оврын үйлдвэрүүд байх юм. Үйлдвэрүүдийг оруулаад ирсэн.  Ажиллуулах боловсон хүчнийг сургах гэж байгаа. Японоос хоёр мэргэжилтэн манай яаман  дээр ирж төхөөрөмжийг яаж ажиллуулах, засвар, арчилгаа хэрхэн хийхийг нь зааж өгнө. Энэ нь импортыг орлох үйлдвэрлэл  юм.  Дээр нь малчдаа орлоготой болгож байна. Малчдаасаа түүхий сүүг нь худалдаж аваад хуурай сүүний охь болгож үйлдвэрлэнэ. Ингэснээр гаднаас хуурай сүү авдаг манай 17 сүүний үйлдвэрийн хэрэгцээт хуурай сүүний тодорхой хувийг дотоодоосоо хангах боломжтой болох юм. Бид эхлээд импортоо багасгаад дараа нь дэлхийн зах зээлд ч гарах боломж бий. “Сүү” төсөл дээр гаднын хөрөнгө оруулагчид ч орж ажиллах санал тавиад байгаа.

Аливаа төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд төр оролцохгүй байх нь дээр

-Та зоригтой шийдэж байгаа  энэ олон хөтөлбөрөө эдийн засгийн хямралтай үед хэрхэн санхүүжүүлэх вэ?

-Үүнийг улс эх орондоо өр болгож биш, гадны хөрөнгө оруулалт татаж, харилцан ашигтай хэлбэрээр санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Тодорхой түвшинд ярьж хөөрсөн ч зүйл  бий. Аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ төр оролцоод байлгүйгээр хувийн салбар өөрсдөө хөрөнгөө оруулаад, эрсдэлээ даагаад явах чиглэлийг баримтална. Засаг, төрөөс харин ямар дэмжлэг туслалцаа байх юм гэдгийг тодорхойлоод, бодлого, хууль эрх зүйн орчноо тодорхой болгоод явах ёстой. 

-Жижиг, дунд үйлдвэрийг ярилгүй үлдээж болохгүй. Маш их зээл олгосон ч үр дүн гарахгүй байна. Өгөхгүй биш, амсуулах төдий бага багаар  олон үйлдвэрт тарааж байгаа нь юм болохгүй байх шиг санагддаг. Та  энэ талаар ямар бодолтой явдаг вэ? 

-Энэ бол үнэхээр сэтгэл зовоосон асуудал байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 700 гаруй  тэрбум төгрөгийн бизнесийн зээл олгосон байдаг. Үр дүнг нь эргээд харахаар тун хүнд. Олгох хэцүү, байх хэцүү.

Одоо манай яамны ЖДҮ-ийн зээлийн санд зээлийн эргэн төлөлтийн 20 тэрбум төгрөг бий. Энэ мөнгөөр бол 1-2 компани олигтойхон хөдөлж болж байгаа юм. 200 хуваагаад өгчихвөл аманд ч үгүй, хамарт  ч үгүй юм болно. Гэтэл манай яаманд зээл хүссэн 1590 компанийн 150 гаруй тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр ороод ирчихсэн байна. ЖДҮ-ийг дэмжих сангийнхан өдөржин, шөнөжин судалж танилцаад ч дийлэхээргүй цаас ирсэн. Ийм л эрэлт хэрэгцээ байна. Үнэхээр улс орны эдийн засаг чадал чансаатай байвал уг нь зөв, сайн хөтөлбөрөө санхүүжүүлээд явбал манай улс  амархан босоод ирэх юм шүү дээ. Даан ч тэгж чадахгүй.

Ирэх жилүүдэд гадаад өр зээлийн төлбөр гээд толгой гашилгасан асуудлууд байна. Харин Ерөнхий сайд, Сангийн яам сайн ажиллаж энэ ондоо бондын эргэн төлөлт хийх шийдлээ олчихлоо. Ерөнхийдөө эдийн засгийн байдал энэ оны сүүлээс сэргэх хандлага ажиглагдаж байгаа. Тэгээд төр, засаг тогтвортой байвал гадны хөрөнгө оруулагчдаас хамтарч ажиллах санал ирж байгаа.

-Хүнсний аюулгүй байдлын асуудал манайд байна. Энэ асуудалд хэрхэн анхаарал хандуулах вэ?

-Манайд хууль, эрх зүйн орчин нь харьцангуй бүрдсэн.  Дор дороо сахилга хариуцлагын асуудал яригдана. Хүнс, ХАА-н салбарт зохицуулах байгууллага зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах хороо, Эрчим хүчний зохицуулах газар  гэдэг шиг энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад чанар, стандартын шаардлага тавьдаг байгууллага зайлшгүй хэрэгтэй. Одоо манай малчид, тариаланчдад шаардлага гэж юм байна уу? Газар тариалан эрхлэгчдэд шаардлага тавигдаж байна уу? Бидний хүнс, хоол шүү дээ. Яагаад нөхцөл шаардлага тавиад, стандарт тогтоож болдоггүй юм бэ гэдэг асуудал. Тийм учраас зохицуулах байгууллагатай болох ёстой гэдэг асуудлыг ярьж байгаа. Ийм байгууллага байгаад үйлдвэрлэгчдээсээ ийм техник технологи, боловсон хүчинтэй байх ёстой, хэрэглэж байгаа хор, гербицид нь ийм стандартад нийцсэн байх ёстой гэдэг чанар, стандарт нэхдэг болчихвол хүнсний аюулгүй байдал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ.

-Малын үүлдэр угсааг сайжруулахтай холбоотой асуухад ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төв гэж сайхан газар байсан. Сайн үүлдрийн хэчнээн мянган тун хөлдүү үр хадгалдаг, зохиомол хээлтүүлэг хийдэг ажилтан, мэргэжилтнүүдтэй. Улаанбаатарын Биокомбинатад байрладаг тус газрын барилга байшин, мэргэжилтэн ер нь бүх юм дуусаж байгаа сурагтай. Үүнийг дахин сэргээх  үү?

-Малын удмын сангийн барилга байшин үндсэндээ дуусах шатандаа орсон. Ирэх жил Франц улстай тоног төхөөрөмжийг нь шинэчилж, сайжруулахаар төсөл, хөтөлбөр ярьж байгаа. Удмын сангийн үйл ажиллагаа бол малын үржил, удам угшил, малаас гарах үр шимийг сайжруулахад чиглэдэг. Энэ чиглэлд  Франц, ОХУ, Итали зэрэг улстай хамтарч ажиллахаар анхан шатны хэлэлцээ хийсэн. Одоо Германы “Ногоон долоо хоног” олон улсын үзэсгэлэнгийн үеэр ХАА-н сайд нарын Дээд хэмжээний уулзалт болно. Энэ чиглэлээр асуудлуудаа нэлээд ярина.

Малын удам угшлыг сайжруулах хүрээнд мах-сүүний чиглэлийн үхэр, махны чиглэлийн хонь импортолж монгол малын удам угшлыг сайжруулахад анхаарна. Дээр нь дотоодынхоо нутгийн омгийн ашиг шим өндөртэй малаа үржилд оруулж сайн ашиглах хэрэгтэй. Удмын сангийн үйл ажиллагааг  нэлээд өргөжүүлэхээр төлөвлөж байна.

 

Эх сурвалж: Mongolian Economy” сэтгүүл

Тэмдэглэсэн И.Отгонжаргал, Ц.Элбэгсайхан, А.Сэвжид



Елена (197.210.227.115) | 2017.06.24 18:37

Эрхэм хүндэт зээлдэгчид

Санхүүгийн аливаа хүндрэлтэй тулгарах уу? Та өөрийн бизнесээ эхлэхийг хүсч байна уу? Энэхүү зээлийн компани нь ядуучуудад болон санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслах зорилготой дэлхий даяар хүний эрхийн байгууллагууд байгуулагдсан. Хэрэв та зээл авах хүсэлтэй байгаа бол имэйлийн дэлгэрэнгүйг доорх хаягаар ирүүлнэ үү: .(JavaScript must be enabled to view this email address)

Нэр:
Зээлийн хэмжээ:
Зээлийн хугацаа:
Гар утасны дугаар:

Баярлалаа, Бурхан адисалсан
УДИРДЛАГА
Елена

Morris Leo (23.235.227.108) | 2017.05.25 16:32

Сайн уу,

өрийн нэгтгэх зээл, барьцаагүй зээл, бизнесийн зээл, гэрийн зээл, машины зээл, оюутны зээл, хувийн зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт хайж байна! Би хувийн зээлдүүлэгч байна Би бага хувь, 2% -ийн боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл олгох. и-мэйл: .(JavaScript must be enabled to view this email address)

Дорж (202.9.40.204) | 2017.01.25 20:38

Сайд аа та Гацуурт компанийн удирдлагыг урьж/ дуудаж/ уулзаач танд заавал нэг юм бодогдоно

Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам