Бичин жил сүүлээ шарвахгүй л бол малчдад айх зүйл алга

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.02.14 18:35


Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалангаа малчдынхаа өвөлжилттэй танилцах боломж тохиолоо. Улаанбаатарын утаанаас холдоход сая л нэг орчноо “эрүүл нүдээр” ажих боломж олдож эргэн тойрноо нэгэн амьсгалаар нүд салгалгүй харав. Дуниар дундаа сүүмийн харагдах Улаанбаатарын минь эх болсон Төв аймгийн газар нутгийг малчдын ярьдгаар бодын хар туруу цас жигд дарсан байлаа. Энэ жил манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цастай байгаа ч, үлгэр домог мэт яригддаг өнөөх бичин жилийн зуд шиг аюултай зуд турхан сонсогдоогүй. Гэхдээ л “Муу нүүрт” хэмээх бичин жилийн сүүл ширүүн байж болзошгүй гэсэн айдас бараг монгол хүн бүрт бий. Бичин жилийн өвөл ихэвчлэн зуд тохиодог тул “Хэдэн малчин, мал маань яадаг бол доо” гэсэн айдас, түгшүүр монгол хүн бүрт байсан. Монголчуудынхаа нэгнээ гэсэн, малчин түмнээ гэсэн энэ л сайхан сэтгэлийн үндэс болсон “Малчдад туслах сайн санааны аян”-ны хүрээнд цугласан элгэвч, нэмнээ, хивэг тэргүүтэй зүйлсийг эздэд нь хүргэнгээ тэдний ажил амьдралтай танилцахаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн багтай Төв аймаг болон Булган аймгийн хэдэн сумаар буугаад гарлаа.

Бид хамгийн эхэнд Төв аймгийн Лүн сумаар зочилсон юм. Энэ сумын хувьд зудархуу, өвөлжилт цаашид хүндэрч магадгүй сумын тоонд багтаж буй.

Биднийг очиход малчдын төлөөлөл сумынхаа төвд цугласан байв. 540 малчин өрхтэй, 260900 малтай, малын тоогоороо аймагтаа эхний гуравт багтдаг тус сумын малчдын төлөөллийн хэлж буйгаар “Өнгөрсөн жилийг бодвол цас багатай байгаа ч энэ жил ерөнхийдөө ногооны гарц тааруу байсан нь  малын тарга тэвээргэд сөргөөр нөлөөлж, нэмж цас орвол байдал хүндэрч магадгүй”  гэж байлаа.

Мөн бичин жил гээд 200-400 боодол өвс хадаж, ногоо сайн гарсан газраар малаа оторлуулж, малынхаа тарга тэвээргийг сайжруулахад эртнээс анхаарч өвлийн бэлтгэлээ дор бүртээ сайн базаасан тухайгаа ч ярьж байлаа.

Лүн сумын Засаг дарга Б.Наранбат “Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахын тулд манай сум 100 тонн өвс бэлтгэсэн. Малчид одооноос өвс тэжээлээ авч эхэллээ. Цаг уурын газартай хамтран явуулсан хоёр удаагийн судалгаагаар манайх зудархуу байдалтай сумдын тоонд орж байна. Сүүлийн орсон цас шуурснаас болж  хатуурсан. Одоогоор малын хорогдол алга. Гэхдээ нэмж цас орвол байдал хүндрэх хандлагатай байна. ХХААХҮ-ийн сайд, Монголын ард түмнийг, малчдаа гэж байгаад баяртай байгаагаа нийт малчдынхаа өмнөөс илэрхийлье” гэв. Тус суманд “Малчдад туслах сайн санааны аян”-ны хүрээнд нийт 400 шуудай хивэг хуваарилсан юм. Үүнийг хадлан тэжээл хомсдолтой байгаа өрхөд хуваарилахаа сумын Засаг дарга хэлж байлаа. Малчдын төлөөлд тусламжийн зүйлсээ гардуулаад бид тус сумын II багийн малчин А.Батзаяагийнд зочилсон юм. 

Улаанчулуут хэмээх хайрханы ар хормойд өвөлжих А.Батзаяагийн амины орон сууц, үхэр, хонь, ямааны тухтай, цэлгэр байр алсаас борлон харагдах нь цаанаа л сүрдмээр. Бас хэчнээн ажилсаг айл болохыг нь илтгэх шиг. А.Батзаяа нь өдгөө 2000 мал адгуулж буй аймгийн сайн малчин аж. Мал дагасан хүн бүрт тэр бүр олддоггүй энэ алдар түүний 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн. Хамгийн гол нь тэрбээр өөрийн хийж буй ажилдаа бүрэн сэтгэл хангалуун байдаг нь “Мал дагах сайхан. Цаг сайхан байвал мал маллах шиг жаргал хаана байх вэ дээ” гэсэн үгнээс мэдрэгдэв. Мөн тэрбээр “Манай мал тарга тэвээрэг сайн орсон тул мал муудах, хорогдлоос айхгүй байна” гэж байсан юм. Биднийг очих үед тэдний хундан цагаан хониноос нь борондон хурга гарав. Хашаан дотор нь өчигдөр гарсан болов уу гэмээр гурван хурга майлалдаж байлаа. Гэрийн эзэн “Манай мал Мартын 8-ны үеэр, гуравдугаар сарын 10-нийг дөхүүлээд төллөнө. Зун айлын хуц, ухантай хонио нийлүүлчихсэн чинь өчигдөр, өнөөдөр хоёр хэдэн хурга гарлаа. Мал ид төллөх үед 40-50-н хурга зэрэг гарах нь бий” гэж байв. Мал төллөх үед хоёр туслах малчин авдаг аж. Харин бусад үед өөрсдөө малаа малладаг гэнэ. Хоёр мянган мал хотоо тойрон шаагилдах энэ гэрийн эзэгтэйг Д.Сарангэрэл гэдэг. Үг дуу цөөтэй энэ эзэгтэй ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд л мал малласан гэнэ. Анх тэд 100 орчим толгой малтай нийлсэн бол өдгөө 2000 малтай болжээ. Тэрбээр “Төл малаа сайн авах хэрэгтэй. Нэгэнт мал маллаж байгаа юм чинь ахиухан мал малласан нь дээр. Хэд хэдээр нь борлуулахад гарын ая даах нь дээр байдаг юм. Манайх 2000 дотор малынхаа тоог барьдаг. Энэ жил малын хоргодол байхгүй сайхан жил байна” гэж байлаа. Одоо тэднийх гурван хүүхэдтэй аж. Том хүү нь ШУТИС-д Уул уурхайн инженер мэргэжлээр суралцдаг бөгөөд төгсөх дамжааны оюутан гэнэ. Амралтын өдөр байсан тул тэрбээр ээж, аавдаа туслахаар ирсэн байв. Дунд охин нь ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа бөгөөд хуульч болох зорилготой байгаа аж. Мөн л амралтаа тааруулж гэртээ ирээд ижийдээ туслан цай чанаж, хоол хийж байлаа. Харин бага охин нь хоёрдугаар ангийн сурагч бөгөөд тун эрх нэгэн гэнэ. Тэрбээр мөн л амралтаараа гэртээ ирээд байсан юм. А.Батзаяа, Д.Сарангэрэлийн хэлж буйгаар хадлан тэжээлээ сайн базааж, намар нь малаа таргалуулж чадвал айх зүйл үгүй гэнэ. Тэднийх энэ жил 200 гаруй боодол өвс хадсан ажээ. 

ХХААХҮ-ийн сайдын уриалгаар “Малчдад туслах сайн санааны аян” улс орон даяар өрнөсөн. “Малчдад туслах сайн санааны аян”-д 120 аж ахуйн нэгж, 80 иргэн нэгдэж 300 орчим сая төгрөг цугларчээ. Энэ жилийн хувьд оны өмнө их хэмжээний цас орсон. Одоогоор 13 аймгийн 200 гаруй сум цас ихтэй, өвөлжилтийн байдал хүндэрч магадгүй төлөвтэй байгаагаас 70 гарай сум нь зудын байдалтай байгаа юм. Тиймээс эхний ээлжинд эдгээр 70 гаруй сумын малчдад тусламжийн зүйлсийг энэ долоо хоногт багтаан хүргэх аж. Тусламжид хүнсний бүтээгдэхүүн, хивэг, хувцас зэрэг зүйлс багтаж байгаа юм. Сайд П.Сэргэлэн энэ үеэр малчдад хандаж “Манай яамны, манай улсын бодлогын төв нь малчид. Монголчууд малчдынхаа буянаар ажиллаж, амьдарсаар ирсэн уламжлалтай. Эдийн засгийн хямралтай үед аяныг дэмжиж ажилласан байгууллага, иргэддээ баярлаж буйгаа нийт малчдынхаа өмнөөс илэрхийлье. Цаг яагаа ч үгүй байна. Цаг зүтгэвэл, цас нэмж орвол байдал хүндрэх төлөвтэй байна” гэж байлаа.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Аймгийн хэмжээнд өвөлжилт зүтгүүр байна. Аймгийн 19 сум зудын байдалтай, үлдсэн 10-аад суманд зудархуу байна. Аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлаа сайн хийсэн. Малчдын өөрсдийн бэлтгэсэн өвсний нөөц дуусах тийшээ хандаж байна. Аймаг, сумдын аюулгүй байдалд байсан өвсөө сумдын цасны хэмжээ, зудын байдлаас харгалзан хуваариллаа. Түрүүчээсээ  олгож эхэлсэн. Улсынхаа онцгой байдалтай хамтран өвс гаргуулж түрүүчээс нь сумдад хүргүүлж байгаа” гэж байв.

Ингээд бид Булган аймгийн Баяннуур сумыг зорив. Баяннуурын хувьд 325 малчин өрхтэй, 127 мянган толгой малтай аж. Нутгийн хойд хэсгээр цас багатай ч урд хэсгээрээ цас хатуурсан бөгөөд одоогоор малын хоргодол гараагүй гэж сумын Засаг дарга Б.Ёндон дуулгав. Гэхдээ хавар, төлийн үеэр өвөлжилт хүндэрч магадгүй байгааг ч хэлж байлаа. Баяннуур сум өвөлд бэлтгэж 100 тонн өвс, 10 тонн тэжээл бэлдсэн бөгөөд цагаан сарын дараа малчдад тараах гэнэ. Ингээд бид “Малчдад туслах сайн санааны аян”-ны хүрээнд цугласан зүйлсээс малчдад гардуулаад тус сумын II багийн малчин Б.Бат-Өлзийгийд зочилсон юм.

Тэднийх 500 гаруй малтай бөгөөд 320 мал төллөх аж. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл болгон 500 боодол өвс, гурван портер өвс, 80 шуудай тэжээл бэлтгэсэн. Энэ жил өвс тааруу гарсан болохоор бэлчээр муу байсан. Тиймээс эртнээс малаа тэжээсэн тул толгой өвдөх зүйл алга. Манай мал гуравдугаар сарын 20-ноос төллөнө” гэж байв. Мөн төр засгийн зүгээс “Малчдын хөдөлмөрийн бүтээл болох мах, сүү, малын дайвар бүтээгдэхүүний үнийг өсгөх хэрэгтэй байна” гэж байсан юм.

Дараагийн зочилсон сум бол Булган аймгийн Дашинчилэн. 379 малчин өрхтэй, 256478 малтай тус сумын хувьд малын гоц халдварт цэцэг өвчин гарсан нь хамгийн том асуудлын нэг байлаа. Булган аймгийн Могод суманд өнгөрсөн жилийн аравдугаар сарын 25-нд малын гоц халдварт цэцэг өвчин илэрчээ. Үүнээс хойш аймгийн онцгой комиссыг хуралдуулж, хорио цээрийн дэглэм тогтоох зэргээр холбогдох арга хэмжээ авсан ч Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант зэрэг дөрвөн суманд уг өвчин тархжээ. Одоогоор тус аймаг цэцэг өвчний улмаас 3200 хонь устгаад байгаа аж. Энэ үед үүссэн нэгэн том асуудал нь малчид дур мэдэн, малдаа цэцэг өвчний эсрэг вакцин хийснээс үүдсэн байв. Уг вакциныг “Нарантуул” захаас худалдаж авсан бөгөөд тэр нь Хятад Улсад үйлдвэрлэсэн, чанаргүй вакцин байсан гэнэ. Орос вакциныг аймгийн өмнөд хэсгийн зургаан суманд хийгээд дууссан байсан бөгөөд дахин вакцин орж иртэл ямар нэгэн вакцин хийхгүй байхыг аймгийн удирдлагууд зөвлөсөн байна. Гэвч  малчид дур мэдэн 40 орчим мянган малд хятад вакцин хийлгэжээ. Хятад вакцин хийлгэсэн мал нь ямарч эмчилгээ авахгүй байгаа бөгөөд хүйтэн байгаа тул одоогоор нарийн шинжилгээ хийх боломжгүй байгаа ч голомтод ажиллаж буй мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хятад вакцин хийлгүүлээд үхсэн малын элэг, уушги нь устсан, цэцэг өвчнөөр өвчилсөн малд илэрдэггүй шинж тэмдгээр үхэж байгаа гэнэ. Малчид зах, худалдааны төвөөс вакциныг дур мэдэн авч хэрэглэснээр өвчнийг даамжруулах, ужигруулах нөхцөл үүсчээ. Тиймээс аль болох дур мэдэн вакцин авч хэрэглэхгүй байхыг албаныхан малчдад сануулж байлаа.

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг “Аймгийн 16 сумын 10 орчим нь зудын байдалтай байна. Өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Ялангуяа хангай хэсгийн найман суманд цас их хэмжээгээр орсон. Зарим газраа 25-30 см цастай, цасны нягтрал их байгаа тул бог мал бэлчээрлэхэд нэлээд төвөгтэй нөхцөл үүссэн. Мөн өмнө зүгийн сумдад цэцэг өвчин гарснаас хойш гурван сар өнгөрлөө. Үүнд нэлээд хөрөнгө санхүү зарцуулсан. Цаашид өвлийг өнөтэй давах чиглэлээр аймгийн онцгой комисс 14 хоног тутамд хуралдаж байгаа. Улсын онцгой комиссоос манай аймагт 160 тонн өвс, 80 тонн тэжээл хуваарилсан. Үүнийг өвөлжилт хүндрээд байгаа найман суманд хуваарилна” гэв.  Цэцэг өвчинтэй тэмцэхэд 92 сая төгрөг зарцуулсан бөгөөд үүнээс гадна 60 гаруй сая төгрөгийн өр үүсээд байгаа аж.

ХХААХҮЯ-ны Бодлогын төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар “ХХААХҮЯ нь ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө Засгийн газраар батлуулсан. Энэ ажлын хүрээнд  олон хууль зүйн тогтоол, эрх зүйн зохицуулалт шинэчлэл хийж, хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомжийг сайжруулах 17 хуулийг шинэчлэн боловсруулж, батлуулсан. Мөн “Мах, сүүний анхдугаар аян”, “Атрын гуравдугаар аян”-ныг үргэлжлүүлнэ. Үүнтэй уялдуулаад УИХ-д “Мал, амьтны генетик нөөц”, “Мал, амьтны эрүүл ахуйн тухай” хуулиа өргөн барьсан. Энэ хоёр хууль батлагдах юм бол мал эмнэлгийн тогтолцоо, малын эрүүл мэндийн тогтолцоонд өөрчлөлт орно. Мөн манай яам малын үржил шимийг сайжруулах бодлого барьж байгаа. Энэ нь малын ашиг шим, үйлдвэр угсааг сайжруулж буй үйлдэл юм. Импортын сүүг багасгах, улмаар экспортлох арга замыг судалж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг бодлогын хэмжээнд дэмжиж ажиллах болно. Малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын чанарыг нэмэгдүүлэх, улмаар түүхий эдийн үнийг сайжруулна. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх тал дээр бодлогын өөрчлөлт хийнэ. Вакцины хувьд ОХУ-тай хамтран ажиллахаас гадна  хуурамч вакцины асуудал дээр хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлнэ” гэж байлаа.

Харин ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн суманд ажиллаж, малчидтай уулзлаа. Бод мал тэр дундаа адуу хорогдол ихтэй байгаа. Цаашид цас орвол байдал хүндрэх төлөвтэй байна. Малчид энэ жил хадлан тэжээлээ хангалттай бэлдэж, өвөлжилтийн бэлтгэлээ тун сайн хангажээ. Мөн сэтгэлзүйн бэлтгэл ч сайтай байна. Малчдад тулгамдаж буй зүйл нь мах, сүү, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх гэж байна. Малчдаас гарч буй бүтээгдэхүүн боломжийн үнэтэй байвал малчид биднээс хүсэх өөр зүйл байхгүй гэдгээ хэллээ. Мал эмнэлэг, малын өвчний асуудлыг маш их ярьж байна. Мэдээлэл маш сайтай байна. Арьс ширний үнэ өсөхгүй байгаа нь малын эрүүл мэндтэй холбоотой. Тиймээс ойрын хугацаанд хоёр хуулиа батлуулж, мал эмнэлгийн үйл ажиллагаанд идэвхтэй орох хэрэгтэй байна” гэв.

Энд хүрээд бидний сурвалжлага өндөрлөв. “Муу нүүрт” хэмээх бичин жил сүүлээ шарвахгүй л бол өвөлжилтийн тал дээр малчдад айх зүйл алга. Тэд өвөлжилтийн бэлтгэлээ тун сайн хангаж. Сонирхуулахад сумын нөөцөнд байгаа өвсийг 3500, хивгийг 6500 төгрөгөөр малчдад худалдаалж байв. Мөн сар шинэ дөхөж буйтай холбогдуулан мал борлуулах хүсэлтэй иргэд ч байсан юм. Тухайн айлд хэр олон хүн золголтоор ирдгээс шалтгаалан цагаан сараас өмнө  20-25 мал борлуулдаг тухайгаа малчид ярьж байлаа.

                                                                                                                                                                                                                                                                 Эх сурвалж:  Үндэсний шуудан сонин



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам