ХХААХҮ-ийн салбарын шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.03.17 18:39


ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр /2017.03.17/ боллоо. Хурлаар мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлээр бэлтгэсэн нийт 19 асуудлыг хэлэлцлээ.  

Энэхүү хуралдааныг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж, хэлсэн үгэндээ судлаачдын боловсруулж баталгаажуулсан үр тарианы сортын 30 хувь, төмсний сортын 100 хувь нь, хүнсний ногооны сортын 60 хувь, жимс, жимсгэнийн 70 хувь нь Монголд тариалагдаж байна. Мөн түүнчлэн мал аж ахуйн салбарт адууны 1 үүлдэр 3 омог, тэмээний 3 үүлдэр, үхрийн 3 үүлдэр, хонины 22 үүлдэр, ямааны 4 үүлдэр, 5 омог бий болж баталгаажсан байна. Мал эмнэлгийн салбарын эрдэмтэн судлаачдын 4 нээлт Дэлхийн шинжлэх ухаанд бүртгэгдэж, 64 малын эмчилгээний вакцин, оношлуур, 72 эм, био бэлдмэл бий болсон байна. Үр дүнг нь шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой 200 гаруй технологи, бүтээгдэхүүн байна. Бид цаашид салбарт тулгамдаж  буй асуудлуудыг эрдэмтэн судлаачдынхаа оюуны нөөцөд тулгуурлан шийдвэрлэх боломжтой юм гэдгийг онцоллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын  шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх чиглэлээр шинжлэх ухаан технологи, цөм технологи, инновацийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. 2008-2016 онд ХАА, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан технологийн-72, цөм технологийн-3 төсөл, инновацийн- 5 төсөл хэрэгжүүлсэн байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухаан технологийн сангаас нийт 5.5 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ.    Хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн болон нийт эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд үр тарианы 96 сорт, төмсний 14 сорт, хүнсний ногооны 39 сорт, жимс жимсгэний 16 сорт тус тус бүтээж шалгаруулсан. Үүнээс гадна төрөл бүрийн таримлуудыг тарималжуулж ургуулах 120 технологийн зөвлөмж боловсруулж  үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам