Малчдад тусламж хүргэлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.03.15 21:01


ХХААХҮ-ийн сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Малчдад туслах сайн санааны аян”, НҮБ-ын ХАА-н байгууллагаас өвөлжилт хүндэрсэн сум орон нутагт тусламж хүргэлээ.

“Малчдад туслах сайн санааны аян”-ын хүрээнд олон улсын байгууллагын тусламж хүрээгүй  Булган аймгийн Рашаант, Архангай аймгийн Хайрхан сумын малчдад тус бүр 10 тонн  малын тэжээл, айл өрхөд ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний тусламжийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун энэ удаа хүргэлээ.  Энэхүү аяныг 2016 оны 11 дүгээр сард Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачлагаар өрнүүлэн, эдүгээ 9 аймгийн 26 сумын малчдад 260 тонн тэжээлийг тээвэрлэн орон нутагт нь ажлын хэсгийн төлөөлөл хүргэсэн байна.  Малчдад туслах аянд 100 гаруй  аж ахуй нэгж байгууллага нэгдэж, 300 гаруй сая төгрөгийн эд материал болон бэлэн мөнгөний хандив тусламжийг үзүүлжээ. 

Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулахад тусламж үзүүлэх санаачлаг гарган өрнүүлж орон нутаг нь хүргэлт тээвэрлэлт хийсэн, энэхүү аянд нэгдэж малчдад дэм болсон нийт иргэддээ талархал илэрхийлж тэдэнд сайн сайхныг хүсэн ерөөсөн юм. Булган аймгийн Рашаант сум 3165 хүн амтай, 653 малчин өрхтэй.  2017 оны хавар 92325 хээлтэгч мал сүргээс төл хүлээн авна гэсэн урьдчилсан дүн байна. Одоогийн  байдлаар 1361 төл хүлээн авчээ.

Харин Архангай аймгийн Хайрхан сум 2016 оны мал тооллогоор 326972 толгой мал тоолуулжээ. Тус суманд 18 удаагийн цас оролтоор талдаа 9-12 см, хунгарласан газраа цасны зузаан 50-60 см байна.  Отрын бүс нутагт 65 өрхийн 39750 толгой мал өвөлжиж хавартай золгожээ. Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Сүнгийдорж өвөлжилт хүндхэн энэ үед халуун сэтгэлийн хандив өргөсөн иргэддээ талархал илэрхийлж энэ хаврын өнтэй давахын төлөө малчид ард иргэдтэй хамтран ажиллана гэдгийг онцолж байлаа.

Монгол Улсын засгийн газрын зүгээс 2016-2017 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтийг олон улсын байгууллагуудад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүргүүлсэн. Энэ дагуу Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагууд манай улсын өвөлжилт хүндэрсэн аймгуудад эд материал болон санхүүгийн тусламж үзүүлж байна. Энэ хүрээнд Төв аймгийн Эрдэнэсант суманд эхний тусламжийг хүргэлээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өвөлжилт хүндэрсэн 13 аймгийн 36 сумын 3500 малчин өрхөд нийт 1,1 сая долларын тусламж үзүүлэх юм.  Энэ хүрээнд мөнгөн болон  малын тэжээл, сувиллын бүтээгдэхүүнийг хонин толгойд шилжүүлснээр 200-аас доош толгой малтай өрхөд тусламж үзүүллээ. Төв аймгийн Эрдэнэсант сумын  Засаг дарга Ө.Машбат хэлэхдээ өнгөрсөн жилийн мал тооллогоор 414773 толгой мал сүрэг тоолуулсан. Үүнээс тэмээ 206, адуу 34136, үхэр 20983, хонь 234151, ямаа 122297 байна. НҮБ-ын ХАА-н байгууллагаас манай сумын 62 өрхөд тусламж үзүүлсэнд талархал илэрхийлье. Цаашдаа бид жил бүр өвөлжилтийг өнтэй давахын төлөө өвс тэжээл бэлтгэхээс гадна, мал сүргээ тарга тэвээрэг авахуулан малчидтайгаа хамтран ажиллана гэдгийг онцлов. 

 


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам