П.Сэргэлэн: Монгол Улсын үйлдвэржилтийн газрын зургийг боловсруулж дууссан

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.03.29 10:39


ХХААХҮЯ 2017 оныг малын чанарыг сайжруулах жил болгон зарласан. Энэ талаар сайд П.Сэргэлэнгээс  тодрууллаа.

 -Малын чанарыг сайжруулах талаарх зөвлөгөөн болж байна.  Зөвлөгөөнөөр чухам ямар асуудлыг хэлэлцэж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл-Монгол хүн” зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал,малын эрүүл мэндийг сайжруулах, атрын III аянг сэргээн хөгжүүлэх, “Үйлдвэржилт-XI”, мах сүүний аян зэрэг олон ажлыг шат дараатай хийнэ. 2017 оныг “Мал сүргээ эрүүлжүүлэх, малын удам угшлыг сайжруулах жил” болгон зарласан. Малын удам угшлыг яаж өсгөх, тарга тэвээрэгт нь хэрхэн анхаарах, бэлчээрийн асуудал зэрэгт ач холбогдол өгч манай салбарынхан зөвлөгөөн зохион байгууллаа. Судалгаанд үндэслэж, цаашид ямар ажлыг хэрхэн  хийх талаар санал бодлоо солилцож байна. Зөвлөгөөнд орон нутгийн мал зүйч, салбарын эрдэмтэн судлаачид оролцсон. Бид эрчимжсэн мал аж ахуй, мах сүүний чиглэлийн үнээний фермийг байгуулах талаар ч ярьж байна. Үнээний ферм байгуулахад мэдээж тэжээлийн үйлдвэр хэрэгтэй. Тэгэхээр аль бүс нутагт тэжээлийн үйлдвэр, үнээний ферм байгуулах зэрэг бодлогын олон суурь асуудлыг хамтдаа ярилцаж, шийдвэрлэнэ.

- Манай улс малынхаа түүхий эдийг гадаадад гаргахын тулд чанарт анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай.  Энэ талаар хамгийн түрүүнд ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Мал эрүүлжүүлэх асуудлыг бид чухалчилж байгаа. Энэ ажлын хүрээнд ОХУ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтарч ажиллахаар болсон. Дараа нь малын удам угшлыг сайжруулж, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болж байгаа.  Манай малын бие жижгэрч, давжаарсан. Нэг малаас авч байгаа ашиг шимийн хэмжээ багассан. Тиймээс бид өнөөдөр суурь нөхцөл байдлаа зөв тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр цаашид хийх ажлынхаа бодлого шийдвэрийг гаргах чиглэл баримтална. Одоогоор мах, сүүнийхээ аянг эхлүүлээд ажиллаж байна.  Сүүний чиглэлээр Япон улстай хамтраад сүү боловсруулах үйлдвэр байгуулж эхлээд байгаа. Сүүг экспортод гаргаж чадахгүй юм гэхэд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьж байна. Бид бас мах боловсруулах үйлдвэрүүдийн чанар стандартыг бүрэн хангах ёстой. Манай улсад Евроазийн эдийн засгийн гишүүн орнуудын техникийн асуудал хариуцсан сайд өчигдрөөс айлчилж байна.  Уулзалт, зөвлөгөөн хийж хамтарч ажиллахаар боллоо. Эндээс махыг экспортоор үе шаттай гаргахаар шийдвэрлэсэн.

-”Үйлдвэржилт-XXI” үндэсний хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Засгийн газар “Үйлдвэржилт-XXI” үндэсний хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хүрээнд Монгол Улсын үйлдвэржилтийн газрын зургийг боловсруулж дууссан гэсэн үг. Тиймээс уг зурагт тулгуурлаад аль аймагт ямар түүхий эд байна, цааш нь хил гаалиар  экспортод гаргахад ямар боломж бүрдэх зэрэг асуудлыг тусгаж, үйлдвэржилтийн төлөвлөгөөг гаргах зорилттой ажиллаж байна.

-Малчид малынхаа тоо толгойд түлхүү анхаардаг. Яамны зүгээс энэ хэр зөв бодлого гэж үздэг вэ?

-Өнгөрсөн сард аварга малчдыг тодруулахдаа чанарт илүү анхаарсан. 500 хоньтой хүн 1000 хоньтой хүний хэмжээнд ашиг шим авдаг. Малаасаа ийм хэмжээний ашиг шим хүртэж, орлого нь нэмэгдэж чадвал сайн малчин болно.  Малчид ч тооноос чанарт гэх зорилтыг сайхан хүлээж авсан. Тиймээс малын удам  угшлыг сайжруулах тал дээр онцгой анхааран ажиллаж байгаа. Жишээлбэл, нэг эр хониноос 22 кг мах гардаг. Цаашид  28 кг болгохын төлөө малчидтайгаа хамтарч ажиллана.

-Малчид арьс шир, түүхий эдийн үнэ бага байна гэдэг?

-Түүхий эдийн үнийг нэмэгдүүлэхэд яамныхан анхаарч байгаа. Зүүн аймгуудад ноолуурын үнэ 95 мянган төгрөгт хүрч байна. Энэ талын зохицуулалт хийдэг Хөдөө аж ахуйн бирж зүүн аймгуудад ажиллаж байгаа. Арьс шир, ноосны хувьд тодорхой бодлогыг үе шаттай явуулна. Арьс ширээ бэлтгэж байгаа тогтолцоонд анхаарал хандуулж үйлдвэрлэлийн аргаар бэлдэх шаардлагатай байгаа юм.

                                                                                                                                                                                                                                                  Эх сурвалж: Монголын Үнэн сонин



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам