Ж.Сауле: Малын өвчнийг зориуд тараасан эсэх талаар нотолгоотой баримт байхгүй

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.04.07 18:05


Цаг үеийн асуудлаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетэй ярилцлаа

-Та ХХААХҮ-ийн дэд сайдаар томилогдоод найман сар боллоо. Энэ хугацаанд хийсэн гол ажлуудаа дурдаач?

-Би ХХААХҮ-ийн яамны хувьд шинэ хүн биш юм. 2008-2012 онд дэд сайдаар ажиллаж байсан учраас салбарын үйл ажиллагаатай танилцах зэргээр цаг алдах шаардлага байсангүй, шууд хариуцсан ажилдаа орсон гэж хэлж болно. Дэд сайдын ажлаа авснаас хойшхи хугацаанд гурван сар хөдөө орон нутагт ажиллалаа. Бараг бүх аймагт очиж ажилласан. Малын гоц халдварт өвчин гарсан аймгуудад очиж, малын вакцинжуулалтын ажилд хяналт тавьж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, өвөлжилтийн байдалтай танилцлаа. Манай яам бол мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэр гэсэн бараг дөрвөн салбарыг хариуцан ажилладаг хамгийн том яам. Тийм учраас бид маш их ачаалалтай ажилладаг. Өвөлжилт хүндэрсэн, малын гоц халдварт өвчин гарсан, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед бүр ч их болох нь тодорхой. Энэ жил 2010 оны зудтай харьцуулахад өвөлжилт гайгүй өнгөрсөн гэж хэлж болно. Гэхдээ цас их орсон зарим сум зудын болон зудархуу байдалтай л байна. Бид “Атрын III аян”, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” зэрэг томоохон баримт бичгийн хүрээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

Мах, сүүний анхдугаар аян”-ыг эхлүүлж байгаагийн зэрэгцээ малыг эрүүлжүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулж хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон. Энэ мэтийн багагүй ажлыг амжуулсан боловч хийх ажил маш их байна.

-Цаг үеийн шинжтэй асуулт асууя. Мялзан, цэцэг өвчин, шүлхий зэрэг малын өвчний гаралт ямар байдалтай байна. Одоо бүрэн намжсан уу?

-2017 оны нэгдүгээр сараас хойш есөн аймаг, нийслэлийн 36 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин гарсан. Одоогийн байдлаар нийт 10 мянган мал өвчилж, найман мянга гаруй малыг устгалд хамруулж, үлдсэн мал нь өвчний шинж тэмдэггүй болсон байна. ОХУ-ын Малын эрүүл мэндийн үндэсний төвөөс 23.6 сая тун вакциныг хөнгөлөлттэй үнээр худалдан авч орон нутагт хүргүүллээ. Үүний үр дүнд гоц халдварт цэцэг өвчний гаралт, тархалт буурсан. Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн гурван сум, Төв аймгийн нэг, Дундговь аймгийн нэг суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж, бусад аймаг суманд дэглэм буурч, цуцлагдсан. Өнгөрсөн оны наймдугаар сард Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт бог малын гоц халдварт мялзан өвчин бүртгэгдсэн. Улсын онцгой комиссоос томилогдсон “Шуурхай бүлэг” ажиллаж, орон нутгийн мэргэжлийн байгууллагатай хамтран нийт 11.8 сая малыг вакцинжуулсны үр дүнд өнөөдрийг хүртэл уг өвчин гараагүй байна. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард бог малын гоц халдварт мялзан өвчнөөр бөхөн, янгир, аргаль өвчилж, олон улсын байгууллага болон мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж үхсэн сэг зэмийг устгах, тандалт судалгаа хийх ажлыг зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Ховд аймгийн нутагт таван мянга орчим бөхөн өвчний улмаас хорогдоод байна. Мөн энэ оны нэгдүгээр сард шүлхий өвчин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарч, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн 11 суманд шүлхий өвчний улмаас 3500 мал өвчилснийг устгалд оруулсан. Дорнод, Сүхбаатар аймгийн өвчин гарсан бүс нутагт ойролцоогоор 25 мянга гаруй цагаан зээр нутаглаж байгаа бөгөөд тэдгээрийн дунд доголсон, өвчний шинж тэмдэг бүхий цагаан зээр их байна. Ер нь малын гоц халдварт өвчинтэй тэмцэхэд малчдын хариуцлагыг эрс дээшлүүлэх шаардлагатай.

-Мал төллөлтийн байдал, цас зуд ямар байна?

-Нийт нутгийн 50 гаруй хувьд буюу нутгийн хойд хагаст Алтайн цаад сумдад цасны хэмжээ зузаан, нягтарч хатуурсан зудархуу байдалтай байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 83 мянган мал хорогдоод байна. Энэ бол нийт малын 0.1 хувийг эзэлнэ. Улсын хэмжээнд 2017 оны эхэнд 26.2 сая эх мал тоологдсон. Мал төллөлт эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 257 мянган хээлтэгч төллөсөн байна. Гуравдугаар сарын Цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул анхааралтай байхыг зөвлөж байна.

-Шүлхийгээр олон мал өвчилсөнд хэн буруутай вэ. Хэнд ямар хариуцлага тооцох ёстой вэ. Малын өвчнийг зориуд тараадаг тухай ярих хүн байдаг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Малын гоц халдварт өвчин 2015 оны нэгдүгээр сараас эхэлж гарсан байсан. Энэ өвчин гарсан үед өвчтэй малыг бага дээр нь устгах арга хэмжээ авсан бол ийм хэмжээнд газар авахгүй байх байсан. Ийм гоц халдварт өвчний голомтод нэг ч өдөр очиж үзээгүй, тулгарч буй асуудлыг мэдэхгүй байж халдварт өвчин гарах болгонд худлаа мэдэмхийрч, бусдын нэр төрд халдаж од болох хүмүүс ч байх юм. Шүүмжлэх амархан, харин гоц халдварт өвчинтэй тэмцэх нь зарим хүний бодсон шиг амар ажил биш юм. Надад бол малын өвчнийг зориуд тараасан хүний талаар нотолгоотой баримт байхгүй. Харин ийм зүйлийг ярьж, бусдыг гүтгэж яваа хүмүүсийг хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Бид салбарын хэмжээнд хариуцлага алдсан зарим нэг хүнд хариуцлага тооцон ажиллаж байгаа.

-Саяхан ноосны урамшуулал олгогдлоо. Нийт хичнээн малчинд хэдэн төгрөгийн урамшуулал олгов?

-2016 онд хонь, тэмээний ноосны урамшуулалд 21 аймаг, нийслэлийн сум, дүүргээс нийт 92 мянга гаруй малчин, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан 20 мянган тонн ноосонд урамшуулалд хамрагдах мэдээлэл Мал хамгаалах санд ирсэн. Үүнийг нягтлан шалгаж үзээд 22.6 тэрбум төгрөгийн урамшууллыг Монголбанкаар дамжуулан малчдын дансанд цагаан сарын өмнө шилжүүлсэн.

-Адууг амьдаар хилээр гаргахыг хориглосон шийдвэр гарсан. Энэ шийдвэр цуцлагдах уу, эсвэл түр хугацаагаар хориглосон байгаа юу?

-Адууг хилээр амьдаар нь гаргахыг хориглосон боловч хилийн боомтууд дээр адууг машины тэвшин дээр олноор нь ачиж, хилээр гаргахаар удаан хугацаанд өл хоолгүй тарчлааснаас үүдэн олон тооны адуу үхсэн. Тиймээс ийм нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар адууг амьдаар экспортлохгүй байх шийдвэр гаргасан. ХХААХҮ-ийн яам цаашид мах бэлтгэл, экспортлох хүрээнд мал амьтныг амьдаар экспортлохыг зогсоож, үйлдвэрийн аргаар бэлтгэж, олон улсын чанар стандартын шаардлага хангасан мах экспортод гаргахыг бодлого болгон ажиллана. Манай улсад хангалттай хэмжээний мах боловсруулах үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүд малаа бэлдэж, махаа чанартай сайн бэлтгэж чадвал экспортод гаргах боломж бий.

-Малын махыг гадагшаа экспортлоход монгол малын махыг өвчинтэй байж болзошгүй гэх мэдээлэл мах авах сонирхлыг бууруулдаг?

-Малын махыг дулааны аргаар боловсруулан экспортлох боломжтой байгаа. 2017 оны эхний хоёрдугаар сард адууны мах түүхийгээр 2200 тонн гарсан. Баруун долоон аймгийг шүлхийгүй эрүүл бүс болгохоор БНХАУ-ын талтай тохирсон. 2016 онд төмөр зам хүртлээ энэ бүсийг өргөтгөх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Харамсалтай нь баруун бүсэд Монголд огт гарч байгаагүй бог малын мялзан өвчин гарснаар түр хугацаагаар экспорт хаагдаад байна. Малыг эрүүлжүүлж байгаа тул удахгүй экспортод гаргахаар төлөвлөж байна. Мөн төвийн бүсээс ч экспортлох боломжтой. Зүүн аймгуудаас малын эрүүл нутаг тусгаарласан бүс байгуулах замаар мах экспортлох асуудлыг БНХАУ-тай зарчмын хувьд тохирч, нарийвчилсан төслөө тохиролцох түвшинд явж байна.

-Улаан буудайн мөнгөн урамшуулалд зориулж энэ оны төсөвт 16 тэрбум төгрөг тусгасан. Цаашид гурилын хэрэгцээг дотоодоос бүрэн хангаж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих боломжтой биз?

-Хүнсний улаанбуудайнд мөнгөн урамшуулал олгодог болсноор тариалангийн салбарт багагүй эерэг үр дүн гарсан. 2016 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр гурил үйлдвэрлэлд 308 мянган тонн буудай нийлүүлэгдсэн. Хүнсний улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн. Канад, АНУ, Хятад, ОХУ-ын техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэж тариалалт, ургац хураалтыг богино хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломж бүрдэж байна. Буудайн өөрийн өртөг 380 мянган төгрөгт хүрч буурсан, аж ахуйн нэгжүүд техникийн шинэчлэлийг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна. Сүүлийн таван жилд нэг кг гурилын үнэ 650-900 төгрөгт тогтвортой байгаа.

-Буудайн урамшууллыг хэдэн төгрөгөөр явуулах вэ?

-Дотоодын гурилын үйлдвэр, Тариаланг дэмжих сан, улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын ангиллын шаардлагыг хангасан эсэхээс шалтгаалан улаан буудайн тонн тутамд 50-55 мянган төгрөгийн урамшуулал олгож байна. Дээрх тогтоолын дагуу 726 иргэн, хуулийн этгээдийн буюу аж ахуйн нэгжүүд 292 мянган тонн хүнсний улаан буудайн урамшуулалд 15 тэрбум орчим төгрөгийг Тариаланг дэмжих сангаас олгоод байна.

-Иргэд, аж ахуйн нэгжийн анхаарлыг татахуйц яамнаас хэрэгжүүлэх ойрын төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

-Одоо бид Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахаар ажиллаж эхлээд байна. Тус төлөвлөгөөнд ХХААХҮ-ийн салбарт хамаарах 136 арга хэмжээ тусгагдсан. Боловсруулах үйлдвэрийн хөгжлийг шинээр хэрэгжүүлэхэд “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр гол үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна. Ойрын гурван жилийн хугацаанд салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бид үндэсний хэмжээний 15 хөтөлбөрийг боловсруулсан. Тухайлбал, “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцүүлж, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварыг 90 хувиар хөнгөлөх асуудлыг шийдвэрлүүлсэн. Мөн энэ гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр болсон. Цаашид нэр бүхий 15 хуулийн төслийг боловсруулахаас гадна мал аж ахуйн салбарт “Малын эмийн үлдэгдлийн хяналт”, “Монгол малчин” хөтөлбөр, газар тариалангийн салбарт “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” хөтөлбөр, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих”, “Хоршоог хөгжүүлэх” зэрэг хөтөлбөрийн төслийг боловсруулахаар төлөвлөж байна.

-Хүнс, хөдөө аж ахуйн салбарт эмэгтэй дэд сайд урьд нь ажиллаж байгаагүй. Та хоёронтоо томилогдон ажиллаж байна. Байгалийн голомтот бүс нутагт газар дээр нь ажиллахаас эхлээд бэрхшээлтэй зүйл тохиолддог уу?

-Урьд нь энэ салбарт эмэгтэй сайд ажиллаж байгаагүй юм билээ. Би анхных болж таарсан. Өмнөх дөрвөн жилд дэд сайдаар ажиллах хугацаанд багагүй бэрхшээл тулгарч байсан. Дөрвөн жилийн хугацааны 350 хоногт нь буюу бараг нэг жил хөдөө гэртээ байхгүйгээр орон нутагт ажиллажээ. Одоо салбараа мэддэг, тодорхой хэмжээгээр туршлага хуримтлуулсан, хаана аль байгууллагад ямар мэргэжилтэн ажилладгийг үндсэндээ мэддэг учраас бэрхшээл тулгарах нь харьцангуй гайгүй. Гэхдээ эмэгтэй хүн хөхөө өвлийн хүйтэнд эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөө орон нутгаар явж, байгалийн гамшигт болон голомтот бүс нутагт цаг наргүй ажиллах нь амаргүй гэдэг нь ойлгомжтой. Салбарын бодлогыг амжилттай хэрэгжүүлэх цорын ганц нөхцөл бол хамтран ажиллах багаа мэргэжлийн, тухайн асуудал, чиглэлээр нарийн мэргэшсэн хүмүүсээр бүрдүүлэх явдал байдаг.

-Та НАМЭХ-ны Баруун бүсийг хариуцсан нарийн бичгийн дарга. Үндэсний цөөнх болсон казах эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хэр их ажиллаж чадаж байна вэ?

-Би МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Баруун бүс хариуцсан нарийн бичгийн даргын сонгуульт ажилтай. Энэ чиглэлээр баруун аймгуудад олон удаа очиж ажиллаж, эмэгтэйчүүдийн асуудалтай газар дээр нь танилцаж, янз бүрийн чиглэлийн судалгаа явуулж байсан. Баян-Өлгийн хувьд арай тодруулж ярья. Ний нуугүй хэлэхэд Баян-Өлгийн улстөрч эрчүүд эмэгтэйчүүдийг дэмжих, улс төрд оруулах, албан тушаал дэвшүүлэх, ялангуяа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг томилох дургүй. Энэ бол үндэсний уламжлалаас улбаалсан хоцрогдсон сэтгэлгээтэй, аймаг, сумын хил хязгаарын хүрээгээр боддог явцуу үзэл бодолтой холбоотой гэж боддог. Хэдийгээр тийм боловч сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн идэвх санаачилга, мэдлэг боловсролын түвшин эрс дээшилж байгаа нь ажиглагддаг. Ганц жишээ хэлэхэд өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиар аймгийн Иргэдийн хуралд дөрвөн эмэгтэй төлөөлөгч, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хуралд 33 эмэгтэй нэр дэвшээд 30 нь сонгогдсон. Энэ бол урьд өмнө байгаагүй үзүүлэлт юм.

-Энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Наурызын баярын өдөр тохионо. Та хэрхэн яаж баярлах гэж байна?

-Өдөр, шөнө тэнцсэн тэгш сайн өдрийг бэлэгдэн тэмдэглэдэг казах түмний олон жилийн түүхтэй уламжлалт баяр бол Наурызын баяр. Энэ баярыг зөвхөн казах түмнээс гадна дэлхийн 20 гаруй орны 500 орчим сая хүн тэмдэглэдэг. Наурызын баяр бол эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийн бэлгэдэл болсон Цагаан сартай адил баяр гэдгийг та бүхэн сайн мэднэ байх. Би Ерөнхий сайдтай хамт Баян-Өлгий аймаг руу явах гэж байна. Ер нь бол жил бүр Наурызын баярыг төрийн аль нэг өндөрлөгтэй хамт нутагтаа эсвэл казах иргэдтэй газарт тэмдэглэж өнгөрүүлдэг. Товчоор хэлбэл ажлаа хийнгээ баярладаг. Бараг сүүлийн 10-аад жил иймэрхүү маягаар өнгөрүүлжээ. Харин манай нөхөр, хүүхдүүд ах, эгч нартай золгож, найз нөхдийн хамт тэмдэглэдэг. Заримдаа манай нөхөр ч над шиг орон нутагт баярладаг юм. Би ирээд гэр бүлийнхээ баярыг нөхөж тэмдэглэдэг дээ.

 



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам