-1.3 тэрбум төгрөгөөр бүтсэн 100 га дахь бүтээн байгуулалт эзэнгүй “хэвтэнэ”-

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.04.12 10:03


Тэмээн сүрэг бэлчиж, усан зэрэглээ наадсан элсэн шаргал говьд зун цаг айлчлан иржээ. Хавсарга тавиад угалз болж байгаа байх даа гэж бодон  өмнийн говийг зорьсон ч цаг агаар тогтуун сайхан байлаа. Монголчууд хавар орсон цасыг шар тос гэдэг. Саяхан Өмнөговьд цас орж, байгаль дэлхий өнгөө засчээ. Говь нутаг хангайгаас байгаль цаг уурын хувьд тэс ондоо. Тал нутаг шигээ тэнүүн сэтгэлтэй говийн ард түмэн хөр цас, хүйтэн салхинд даарах атлаа нүүр нүдгүй шуурч, байгаль дэлхийн өнгийг хормын дотор өөрчлөх хүчит хуй салхи угалзад ер ажрахгүй.

Тэнгэр газрын савлагаанд нүдэнд торох зүйлгүй говийн их талд хөнгөн тэрэг сүнгэнэнэ. Замд тэмээн сүрэг бэлчиж байгаатай хааяахан таарахаас өөрөөр говь нутаг амар амгалан. Тэмээг тэнгэрийн амьтан гэдэг. Хэдэн зуугаараа бэлчих тэмээн сүргийг хараад тэмээчин хүний хөдөлмөр зүтгэлээр бахдах сэтгэл төрж, говийн малчны яриаг сонсохоор замыг нь тосон зогслоо. 16 жил тэмээ маллаж байгаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын малчин Ш.Жаалбаатар өдгөө 100 гаруй тэмээтэй аж. Удам дамжсан тэмээчин гэдгээрээ бахархаж явдаг тэрээр залуу малчдаа дэмжихэд төр засаг анхаарах хэрэгтэйг хэлж байв.  Урд цагт малчны хүүхэд малчин болдог байсан жишиг арилж, сургууль соёлын мөр хөөж, хот хүрээ бараадах болсноор сумд ялангуяа хөдөө тал эзгүйрч байгаа аж. Удам дамжсан малчин төрдөггүй юм аа гэхэд малд нүдтэй залуусыг хөдөөд нь үлдээх бодлого байх ёстой гэдгийг Ш.Жаалбаатар хэлсэн. Тэрээр тэмээгээ самнаж, жилдээ тонн гаруй ноос хоршоондоо тушаадаг байна. Тэмээний нэг кг ноос 2-3 мянган төгрөгийн ханштай. Тэмээний сүүгээр чихэр, ааруул, ингэний хоормог гээд 5-6 төрлийн бүтээгдэхүүн хийдэг байна. Мөн ингэний хоормог, сүүгээ тухайн үед нь худалдан борлуулж тогтмол орлоготой байдаг гээд тоочвол малын буян их байдаг гэдгийг ч тэрээр ярианыхаа төгсгөлд хэлж байв.

Өмнөговь бусад аймгаас онцлогтой. Газар нутгийн хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох тус аймагт уул уурхай нэлээд хөгжсөн учир зарим газарт мал маллах хэцүү болсон ч Цогт-Овоод харьцангуй гайгүй гэнэ. Харин худаг усны хүрэлцээ муутай учраас нэг айлын гаргасан худагт малаа услах гэж урт дараалал үүсдэг байна. Тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас энэ жил 45 худаг гаргахаар 700 сая төгрөг төсөвлөжээ. Нэг худаг гаргах өртөг 20 гаруй сая төгрөг. Учир нь, говьд 15-20 метр ухаад ус гардаггүй бөгөөд заавал 100-150 метрт байх гүний уснаас худаг гардаг байна. Мөн 700 сая төгрөгөөр малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Чухам ямар үйлдвэр байгуулах эсэхээ одоогоор шийдээгүй байгаа аж.  

Говийн мал нь модон биш, чулуун хашаанд хорогддог аж. Өдлөг хялгана, таана мангир гээд халуун хөрснөөс нь шимт ургамал цухуйж, хаа нэг баянбүрд таарна. Үндэстэй бүхэн дэлбээлж, нялх төлийн дуу цангинаж буй энэ цаг үед Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж, салбартаа тулгамдаж буй асуудлыг сонсч гарц шийдлийн талаар мэргэжилтнүүдтэйгээ ярилцсан юм.

Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар мал эмнэлэг үйлчилгээний зардалд 300 сая төгрөгийн төсөв батлуулахаар Сангийн яам руу явуулсан ч, 170-ыг нь баталж өгчээ. Үүнийг сонссон салбарын сайд П.Сэргэлэн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна бусад аймагт байдаггүй их төсөв танай Хүнс хөдөө аж ахуйн газарт байна. Энэ хөрөнгө оруулалтын үр өгөөж хаана байна. Өнгөрсөн онд 800 сая төгрөгийг захиран зарцуулжээ. Энэ жил 1.9 тэрбум төгрөгийн төсөвтэй гэж байна. Ийм их мөнгөтэй хэр нь нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ажил алга. Ямар ч төлөвлөлтгүй, юунд ч хамаагүй хөрөнгө оруулалт хийдэг байдлаа болих ёстой. Ганц танай аймаг бус бусад бүх газар ийм байдал газар авчээ. Хаа сайгүй эмх замбараагүй, улсын хөрөнгийг үрсэн хүмүүс байна. Улсын хэмжээнд бэлчээрийн менежментийн чиглэлээр хэрэгжүүлэх бэлэн төсөл алга. Тэгсэн хэр нь бэлчээр сайжруулна гээд өч төчнөөн зуун сая төгрөг салхинд хийсгэсэн дүр зурагтай сууцгааж байна. Ингэж болохгүй. Хайран хөрөнгө. Эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал чухал болчихоод байна. Орон нутгаас авсан хөрөнгөө бодлоготойгоо уялдуулан зарцуулах ёстой. Төр бодлого боловсруулж, хянадаг газар. Түүнээс бүхнийг худалдаж аваад дэргэдээ байлгаад байж болохгүй. Өмчлөл аж ахуйн нэгж, малчид дээр төвлөрөх ёстой” хэмээсэн юм.

Өмнөговь аймагт тулгамдаж буй усны асуудлыг шийдвэрлэх үүднээс худаг гаргах зардлыг сайдын багцад оруулж, төсвийн тодотголын төсөлд тусгасан байгаагаа салбарын сайд хэлсэн. Түүнчлэн бэлчээрийн менежментийг аймаг бүр тусдаа биш Хүнс хөдөө ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас цогцоор нь бодлого болгож боловсруулахаар ажиллаж байгаа аж. Тус аймаг 130 мянган тэмээтэй. Үүн дээрээ түшиглэж, тэмээний ноос боловсруулах үйлдвэр баривал дотоодод нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн хийх боломж бүрдэнэ. Хамгийн наад захын жишээ дурдахад, торомны ноос хамгийн нарийн ширхэгтэй. Энэ ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд худалдан борлуулбал үнэд хүрэх юм. Гэхдээ одоо тэмээний ноосыг ангилан ялгасан хэлбэрээр авдаггүй учир тэмээчид торомныхтойгоо нийлүүлээд тушаачихдаг байна.

Үүнээс гадна тус аймгийн хэмжээнд 2011 онд 100 га газарт услалтын систем байгуулж, үүнийг түшиглэж тэжээлийн ургамал тарьж, улмаар үйлдвэр барихаар төлөвлөсөн байжээ. Цаашлаад тэжээлийн үйлдвэрийг түшиглэж гахай, үхрийн эрчимжсэн аж ахуй, махны үйлдвэр барихаар төлөвлөж энэ услалтын системийг 1.3 тэрбум төгрөгийн өртгөөр байгуулсан ч юун үйлдвэр байгуулах манатай байдалд байгаа аж. Орон нутгийн төсвөөс хийсэн уг усжуулалтын системд ажиллах ажилтан байхгүй гэх хачин тайлбарыг Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын удирдлага Ё.Жамбалдагва хэлээд сууж байв. Тэрээр “Бид менежментийн хувьчлалаар энэ усжуулалтын системийг хувьчлахаар  сонгон шалгаруулалт зарласан ч шалгаруулалтад ямар ч компани оролцоогүй” гэв. Харин хувийн компаниуд ашиглая гэсэн ч өндөр өртгөөр бүтсэн усжуулалтын системд эвдрэл гарвал хувийн ногоочид төлж чадахгүй гэж үзсэнээс өнөө хэр ашиглагдаагүй байгаа аж. Уг  усжуулалтын системийг хийсэн компани эхний гурван жил ашиглаад үйл ажиллагааг нь тогтворжуулаад өгье гэсэн ч тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгийг төрөөс гаргуулах болзол тавьсан учир аймгийн удирдлагуудтай тохиролцоонд хүрч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, энэ 100 га газрыг огт ашиглаагүй гурав орчим жил болж байгаа аж.

Өмнөговь аймагт жижиг дунд үйлдвэрлэл чамгүй хөгжжээ. Тиймдээ ч брэнд болгож хөгжүүлэх бүтээгдэхүүн олноо үйлдвэрлэж байгаа аж. Эдний томоохон төлөөлөл бол “Өнөд өвлөх урлахуй” компани юм. Тус компани цэвэр ус, бууз банш, кимчи, хэрчсэн гурил, тойгны, хонины сүүлний тос, хөмүүл зэрэг есөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, заримыг нь нийслэлд худалдаалдаг байна. Цэвэр усаа Оюутолгой, Тавантолгой, “Хишиг-Арвин индустериал”, жуулчны бааз, хилийн бүсийн боомт зэрэг газарт нийлүүлдэг байна. Тус үйлдвэр 36 хүнийг ажлын байраар хангажээ. Энэ жил уг тоог 50 болгохоор ажиллаж буй аж. Худалдаа хөгжлийн банкнаас 340 сая төгрөгийн зээл авч үйлдвэрээ өргөтгөж, хиамны цех байгуулахаар тоног төхөөрөмж аваад байгаа ч банкны өндөр хүүтэй зээл хүнд байгааг удирдлагууд нь салбарын сайдад уламжилж байлаа. 

Харин “Тангад Араа” компанийн гүйцэтгэх захирал С.Маамхүү малын гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа буурын бохийг Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүн болгох хүсэл тээж явдаг. Буурын бохь нь эрэлт хэрэгцээтэй, ховор бүтээгдэхүүний тоонд ордог байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн өвчин болон хавдрын өвчлөлд нэн тустай учраас эрэлт өндөртэй байдаг гэсэн.  “Тангад Араа” компани 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байгаа аж. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авч бизнесээ өргөтгөсөн тус компанийн хувьд бүтээгдэхүүнээ нийслэлд худалдаалах нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа юм.  

Тэгвэл Дундговь аймгийн хувьд сум хөгжүүлэх сангаас зээл авсан 600, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 95 бизнес эрхлэгч зээл авчээ. Аж ахуйн нэгжүүд нь бууз, банш, чихэр, талх, гар урлалын, оёмол зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. “Дундговьд үйлдвэрлэл” дэлгүүрийг өнгөрсөн нэгдүгээр сард нээжээ. Энэ төв аж ахуйн нэгж болон хувь хүнээс бүтээгдэхүүнийг нь авч худалдан борлуулах гэрээтэй. Мөн өөрсдөө ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Одоогоор тус дэлгүүрт 63 үйлдвэрлэгчийн 160 гаруй төрлийн бүтээгдэхүүн худалдаалж байна. Дундговь аймгийн татварын хэлтэст бүртгэлтэй 600 бизнес эрхлэгч бий гэх тоог холбогдох албаны хүн хэлсэн. Харин тус аймгийн хүнсний үйлдвэр талх, сүү, чихэр гэх мэт таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийнхаа хэрэгцээг хангаж байна. Тус үйлдвэр одоогоор 45 хүнийг ажлын байраар хангаж буй бөгөөд цэвэр ус, хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлээ өргөтгөснийхөө дараа ажилтнуудынхаа тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн.

Дундговь аймгийн бизнес эрхлэгч төрөлх нутагтаа арьс ширний болон ноос угаах үйлдвэр байгуулахаар бэлтгэлээ хангажээ. Одоогоор 3500 гаруй тэмээний шир хяргаж, давслаад байгаа аж. Тус компанийн менежер “Түүхий эдийг цуглуулах ажил учир дутагдалтай байгаа. Манай компани Улаанбаатарын үнээр түүхий эдээ авдаг ч тэмээ, хонины ноос тушаасны дараа малчдад урамшууллын баримт өгөх ёстой байдаг. Тэр баримтыг гаргах боломжгүй учраас түүхий эдээ хангалттай цуглуулж чадахгүй байгаа” гэв.  Үүнийг бий болгож байж ажил жигдрэхээр байгаа учир салбарын сайд П.Сэргэлэн уг асуудлыг шийдвэрлэж өгөхөө тус үйлдвэрийнхэнд хэллээ. Тус үйлдвэр ноосоо авч, эрдэсжүүлсний дараа таван төрлийн шат дамжлагаар угаадаг аж. Ийм байдлаар ажиллахад хоног таван тонн ноос угаах хүчин чадалтай аж. Тиймээс тав, 10 тонн нүүрс угаачхаад үйлдвэр түр зогслоо гэхгүйн тулд дор хаяж эхний ээлжид 100 тонн ноос цуглуулах шаардлага бий гэнэ. Дундговь 1.5 сая гаруй хоньтой. Үүнээс 2000 тонн ноос авах боломжтой аж. Ийм хэмжээний ноостой байхад уг үйлдвэр улирлын турш ажиллах боломж бүрдэх юм байна. Энэ үйлдвэр орон нутгийн 100 гаруй хүнийг ажлын байраар хангаад байгаа аж. Газар тариалангийн чиглэлд 1200 ам.метр талбай бүхий өвлийн нарлаг хүлэмжийг ашиглалтад оруулжээ.

Говьд наран мандана. Байгалийн өвөрмөц тогтоц, ховор ургамал, эртний түүх соёл гээд олон зүйлсийн өлгий нутаг Өмнөговь, Дундговь аймагт ажиллаж байхад говь бол заавал үзэх ёстой газруудын нэг юм байна гэх бодол төрж байлаа. Говь гэхээр голио царцаа үсчсэн элсэн манхан байдаг гэх сэтгэгдэл ард хоцорчээ.

"Ардын эрх" сонин



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам