Л.Чой-Иш: Системийн өөрчлөлт хийгээгүй тохиолдолд байдал өөрчлөгдөхгүй

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.04.12 10:29


Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иштэй уулзаж бэлчээрийн даац болоод мал аж ахуйн салбарт ямар бодлого хэрэгжүүлж байгааг тодрууллаа.

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үйлдвэржилтийг дэмжих 21:100 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон гэсэн. Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэд хэдэн томоохон зорилт тавигдсан. Мөн хуулийн шинэчлэлүүд хийхээр УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Хуулийн шинэчлэлтэй зэрэгцэн орон нутагт яамны бодлого хэрхэн хэрэгжиж байна, аж ахуйн нэгжүүд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэгтэй газар дээр нь очиж танилцаж байна. Бодит байдал дээр харилцан адилгүй байх тохиолдлууд байдаг. Тухайлбал, орон нутгаас санаачлан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр олон байгаа ч нэгнийгээ дууриасан, адил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тохиолдол түгээмэл байна. Нэг газар ижил чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр олон байх нь бие биенийхээ бизнесийг татаж унагах эрсдэлтэй. Тиймээс бодлого чиглэлтэй хөгжүүлэх шаардлага байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс 21:100 хөтөлбөрийг манай яамны зүгээс боловсруулахаар ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зах зээлтэй нь уялдуулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэнэ гэсэн үг. Энэ хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудын жагсаалтыг эхний ээлжид орон нутгуудаас авч байна. Үүний дараа яаман дээр нэгтгэж, нэгдсэн бодлого болгож гаргах юм.

-Малын тоонд бус чанарт анхаарах бодлого яамнаас баримталж байгаа. УИХ-д өргөн мэдүүлээд байгаа хуулийн төсөлд энэ талаар хэрхэн тусгасан бэ?

-Малын эрүүл мэндийн тогтолцооны асуудлыг иж бүрэн тусгаж өгсөн. Орон нутагтаа хүрч ажиллах улсын мал эмнэлгийн тасагтаа болох нөхцөл бүрдүүлж өгч байгаа. Малыг эмчлэхэд хувийн аж ахуйн нэгжийн оролцоо байхыг дэмжихээр хуулийн төсөлд тусгасан. Товчхондоо, одоо үйл ажиллагаа явуулж буй хувийн аж ахуйн нэгжүүд үйлчилгээгээ үзүүлээд явна гэсэн үг. Харин гоц халдварт өвчний үед орон нутагт улсын мал эмнэлэг онцгой үүрэг гүйцэтгэхээр зааж өгсөн. Маш богино хугацаанд нэг командаар шуурхай арга хэмжээ авах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Малын чанарын тухайд ярихад нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх талаар мэргэжилтнүүд дуу нэгтэй ярьж байна. Хэдий тийм боловч малын чанар сайжруулах гэж байгаа хувийн аж ахуйн нэгж эсвэл малчдаас гарсан зардал зэргэлдээх суманд малынхаа чанарт бус тоо толгойд анхаарч өсгөж ашиг шимийг нь хүртэж буй малчин хоёрыг харьцуулаад үзэхэд тэнгэр газар шиг зөрүү харагдана. Энэ нь одоогийн нөхцөл байдалд сөрөг талтай харагдаж байна. Тиймээс малын чанар сайжруулах хөтөлбөрийн хүрээнд тодорхой хязгаарлалтууд тавигдах, нэг малаас илүү их ашиг шим авах тогтолцоог бүрдүүлнэ. Мөн түүхий эд бэлтгэлийн тогтолцоог шинэ шатанд гаргахаар хуулийн төсөлд тусгасан. Нэг малаас авч байгаа ашиг шим, жишээлбэл ноолуур гэхэд хамгийн нарийн ширхэгтэй нь илүү үнэд хүрдэг болох юм. Чанарын төлөө түүхий эд бэлтгэх зорилт тавин Хүнс хөдөө аж ахуйн яамнаас энэ ажлыг санаачлан бодлого боловсруулж эхэлсэн. Энэ бүхэн иж бүрнээрээ хэрэгжиж байж малын чанар сайжирч, тэр  хэрээр түүхий эд бэлтгэх ажилд ахиц гарч, нэмүү өртгийн сүлжээ бий болж ажиллана гэж харж байгаа.

-Орон нутагт бэлчээрийн даац, усны асуудал хамгийн тулгамдсан зүйл байдаг. Энэ чиглэлд салбарын яам ямар ажил хийж байна вэ?

-Манай улс түүхэндээ хамгийн их малтай болоод байна. Бэлчээрийн менежментийг ярихын өмнө дээр дурдсан системийн өөрчлөлтийг хийгээгүй тохиолдолд цаашид ч малын тоо өсч, түүхий эд, бүтээгдэхүүнээ гадаад руу экспортод гаргах нөхцөл бүрдэхгүй байсаар байх болно. Малын чанараас гадна эрүүл хүнс гэдэг утгаараа гадаад худалдааны хориг саадыг давах шинэ тогтолцоо бий болгох шаардлагатай. Тухайлбал, манай улс 2016 онд төмөр замаас урагш баруун бүсээ эрүүл бүс гэж зарласан. Эрүүл бүсээс сайн чанарын мах экспортод гаргаж чадна. Тиймээс энэ чиглэлд анхаарах бодлого хэрэгжүүлж байна. Бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглахгүй байгаа бэлчээрийг эргэлтэд оруулах талаар судалж байна. Байгаа бэлчээртээ малынхаа чанарыг сайжруулж, уул уурхайн лицензийг учир утгатай олгох, ашиглалтын явцад бэлчээрийг доройтуулахгүй байхад анхаарах шаардлага бий.

"Ардын эрх" сонин



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам