ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн:  Төвлөрсөн хотуудын мах сүүний хангамжийг сайжруулах нь чухал

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.04.17 16:27


Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Мал эмнэлэг үржлийн газрын дарга Д.Ганхуяг нар Дорноговь аймагт /2017.04.17/ ажиллалаа. 

П.Сэргэлэн “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын III аян”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр, “Удам угшлыг сайжруулах жил”, “ Монгол мал үндэсний хөтөлбөр”, ”Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч,  салбарын ажилтнуудын санал хүсэлтийг сонсов.

Хөдөө аж ахуйн салбарын ажилтны нийгмийн асуудал, цалингийн шатлал, малын эрүүл мэнд, унааны асуудал,  мал сүргийг вакцинжуулах, вакцинжуулалтад хяналт тавих,   бэлчээрийн даац,  хүлэмж байгуулах,  сүүний үйлдвэр байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих,  хүлэмж байгуулах,  хөдөө аж ахуйн газрын лабораторийн байрны асуудлуудыг салбарын ажилтан албан хаагчид хөндөв.

Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйн  салбар нь ДНБ-ний 34.2 хувийг эзэлдэг. 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1752.9 мянган толгой мал тоологдсоны дотор 37.7 мянган тэмээ, 118.7 мянган адуу, 63.0 мянган үхэр, 758.4 мянган хонь, 775.2 мянган ямаа тоологджээ. Өнгөрсөн өвлийн бэлчээрийн даацын хувьд Иххэт, Сайншанд, Сайхандулаан, Өргөн, Замын-Үүд, Хөвсгөл сумдын зарим багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн ургамлын бүрхэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн дүгнэлт гарсан ч, өнтэй өвөл болж, хаваржиж байна. Энэ хавар 3988 малчин өрхөд нийт 1.752.9 сая  толгой мал хаваржиж гадны аймгаас 45.0 толгой отрын мал хаваржиж байна. Хилийн зурваст 5 сумын 91 өрхийн 75.1 мянган толгой мал, өөр аймгийн нутагт 7 сумын 69 өрхийн 49.5 мянган толгой мал байгаа юм.  2017 оны хавар төллөвөл зохих нийт 766128 хээлтэгчийн 264941 төллөж, 264712 төл бойжиж байна . мал төллөлт 34.6 хувьтай үргэлжилж байна.

Дорнод аймгийн аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэржилтийн 21:100”,  “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийн хүрээнд “Өрх бүр үйлдвэрлэгч-Иргэн бүр санаачлагч“, “Экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл”, “Дорноговь аймагт үйлдвэр хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэмжин ажиллахаар тусгажээ. Мөн  “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, “Сав баглаа, боодол” хөтөлбөр, “Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд “Орон нутгийн экологийн хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг  нэмэгдүүлэх,  “Дорноговийн хонины мах” , “Хөх сав канистергүй аймаг, сум, баг, өрх” , “Мах, сүүний  анхдугаар  аян”  зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Харин Хөдөө аж ахуйн салбарт “Атрын III аян”-ыг сэргээн эрчимжүүлэн хөгжүүлэхдээ “Дорноговийн тарвас”, “Өрхийн хэрэгцээг–Өөрийн хашаанаас“ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна ”Хадлангийн салаа”, “Нарлаг хүлэмж” байгуулахаар төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Говийн нөхцөлд гадаргын ил усгүй, 120м-ийн гүнээс ус татан газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хүндрэлтэй боловч 2016 онд 200 гаруй өрх нийт 106,7 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, 593,5 тн ургац хураан авч аймгийн хүн амын төмс, хүнсний ногооны жилийн хэрэгцээний 8-10 %-ийг хангаж байна. Цаашид өрхийн газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжин  хүн амын хүнсний ногооны жилийн хэрэгцээний хангамжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам