ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн:ХАА-н бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, борлуулах чиглэл баримтална

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.04.18 19:59


Монгол улсын Засгийн газрын “Мах сүүний анхдугаар аян”-ны хүрээнд, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийн зураглал хийгдсэнтэй холбогдуулан Өвөрмонголын Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин  хошууны  Герман  улстай хамтран байгуулсан  “Мэн Дэ Юань” махны үйлдвэр, Бичигтийн боомтын үйл ажиллагаатай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн  /2017.04.15/ танилцав.  Энэ удаагийн ажлын хэсэгт Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан нар ажиллав. 

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Манай улс  махны экспортыг нэмэгдүүлэх шаардлага байна. Монгол улсын засгийн газраас амьд мал хилээр гаргахгүй гэсэн чиглэлийг барьж байна. Харин махыг бэлтгэн боловсруулж, нэмүү өртөг шингээж, дотооддоо ажлын байр бий болгож экспортод гаргах бодлого барьж байна. БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Монгол улсад махны үйлдвэр байгуулж хамтран ажиллаж, импортоор авах саналыг манай талд ирүүлсэн.  Монгол улсын Засгийн газар гадны хөрөнгө оруулалттай үйлдвэрийг дэмжиж, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах зүйтэй юм. Монгол улсад махны үйлдвэр байгуулахад олон улсын стандартад нийцүүлэн байгуулж, тэнд нь мал  мах цөөн тоогоор чанартай бэлтгээд малын тоо, нөхцөл байдлаас шалтгаалан үе шаттай махны экспортыг нэмэгдүүлэх нь чухал.  Махны дотооддоо бэлтгээд гаргахад Монгол улсын иргэдийг ажлын байраар хангах, зах зээлийн үнээр гаргаснаар малчдын орлого нэмэгдэнэ. Өмнө нь адууг хилийн наана 300-400 мянган төгрөгөөр авч, хил давуулан нэг сая төгрөгөөр худалдаалдаг байсан. Тэгэхээр дотооддоо махыг бэлтгэн, нэмүү өртөг  шингээн зах зээлийн үнээр худалдан борлуулах энэ чиглэлд анхаарна” гэв.

ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин  хошууны орлогч дарга Р.Хос-Эрдэнэ “Монгол улс, БНХАУ-ын  бодлогод нийцсэн мах бэлтгэх  хоёр улсын компаниуд хамтрах чухал байна. Манай улсын энэ бүс нутагт  адуу, хонь ямааны мах авах эрэлт байна. Монгол адууны мах чанартай байдаг. “Мэн Дэ Юань” махны үйлдвэр адуу, хонь ямааг нядалж мах боловсруулан зах зээлд нийлүүлэх зорилготой энэ жил үйлдвэр байгуулагдсан. Тус үйлдвэр жилд 100 мянган адуу, 300 мянган хонины мах боловсруулах хүчин чадалтай юм” гэв.

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт 1992 онд нээгдэж, тухайн үед жилийн 4 улиралд тус бүр нэг сараар хилээ нээдэг байв. Харин 6 жилийн дараа байнгын ажиллагаатай болжээ.  Тус боомтоор өнгөрсөн жил нэг сая 270 мянган тонн ачаа орж ирсэн байна. Жилдээ зуу орчим мянган хүн хилээр орж гарчээ.

ХХААХҮ-ийн сайдыг ажиллах үеэр Хятадын боомтуудын хүчин чадал сайн ч, манай улс  Бичигтийн боомтын бараа нэвтрэх чадвар тааруу учир хүндрэл үүсэх нөхцөл бүрдсэн гэдгийг тус боомтын дарга танилцуулав. Бичигтийн боомтоор түүхий нефтийг бүх өдрүүдэд гаргадаг. Өдөрт 80 орчим машин гардаг байсан бол одоо 40 болж буурчээ. Тус боомттой хиллэдэг Шилийн гол аймаг 10 сая малтай, харин Зүүн үзэмчин хошуу нь 200 мянган өвсний хэрэгцээ байдаг байна. Бичигтийн боомтоор 2016 оноос  өвс экспортод гарч эхлэсэн. Энэ жил 04 дүгээр сарын 17-ноос эхлэн тогтмол БНХАУ руу өвс импортоор авна гэдгийг ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Зүүн үзэмчин  хошууны орлогч дарга Р.Хос-Эрдэнэ хэлж байв. Бичигтийн боомтод экспортод гаргах 100 гаруй мянган өвс хуримтлагджээ. Манай улс 1 тонн нь 800-1000 юаниар экспортод гаргадаг байна.

 

 



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам