ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Орон нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.04.19 17:11


Монгол Улсын Засгийн газар хүн амыг эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн, боловсруулах үйлдвэрүүдээ түүхий эдээр тогтвортой хангах зорилт тавьж, “Мах сүүний анхдугаар аян”-ыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон даяар өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга М.Мөнх­баясгалан, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш тэргүүтэй албаныхан энэ сарын 17-нд Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа. Сайд П.Сэргэлэн орон нутгийн ХАА-н газар, Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн үйл ажиллагаа, мал төллөлт, хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажилтай танилцаж,  “Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын III аян”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр, “Удам угшлыг сайжруулах жил”, “Монгол мал үндэсний хөтөлбөр”, ”Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч,  салбарын ажилтнуудын санал хүсэлтийг сонсов.

Монгол орны зүүн өмнөд хязгаар  Дорноговь аймагт энэ хавар 3988 малчин өрхөд 766128 толгой хээлтэгч малаас 264941 төл төллөж 264712 нь эрүүл саруул бойжиж байгаа аж. Тус аймгийн хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 34.2 хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1752.5 мянган толгой мал тоолуулжээ. Өнгөрсөн өвлийн бэлчээрийн даацын хувьд Их хэт, Сайншанд, Сайхандулаан, Өргөн, Замын-Үүд, Хөвсгөл сумын зарим нутгаар даац хэтэрсний улмаас энэ хавар ургамлын бүрхэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Дорноговь аймгийн хэмжээнд ингэ 114896, гүү 38048, үнээ 25994, эм хонь 342359, эм ямаа 344831-ийг тоолуулсан. Аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг малчдад 5000 төгрөгөөр, сумд аюулгүйн нөөцийн өвсөө 5000-7000 төгрөгийн ханштай борлуулж байна. Мал төллөлт 34.5 хувьтай байна” гэсэн юм.

“Атрын III” аяны хүрээнд тус аймаг “Дорноговийн тарвас”, “Нарлаг хүлэмж” зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Мөн шилмэл, гойд ашиг шимт торгон сүргийг бий болгож, нутгийн малын үүлдэр угсааг сайжруулан, нийт сүрэгт эзлэх өндөр ашиг шимт малын тоог нэмэгдүүлэх үүднээс  “Дэлгэрэхийн улаан ямаа”-ны омог бий болгох төслийг хэрэгжүүлж байгаа ажээ. Уг төслийг 2008 оноос эхлэн санаачилсан бөгөөд говийн байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон, амьдрах чадвар сайтай, ноолуур нь 13-15 микронтой ямааг өсгөж байгаа аж.

Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Наранболд “Бид говийнхоо нөхцөл байдал, онцлогт тохирсон хэлбэрээр “Дэлгэрэхийн улаан ямаа”, “Дорноговийн хонины мах”, “Дорноговийн тарвас” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дорноговь аймгийн газар тариалан, мал аж ахуй зэрэг салбар бүрийг хамарсан брэнд бүтээгдэхүүнтэй болох зорилт тавин ажиллаж байна.Үүнээс “Дэлгэрэхийн улаан ямаа” төсөл төгсгөлийн   шатандаа орсон.Говьд газар тариалан эрхлэх амаргүй. Бидэнд гадаргын ил ус буюу булаг шанд гэж байхгүй. 120-150 метр гүнээс ус гаргаж газар тариалан эрхэлж байна.Тиймээс төмс, тарвас тариалдаг.  Манай  аймагт малын эмч, боловсон хүчин дутагдалтай байна.Одоогоор манай таван сум малын эмчгүй, гурван суманд бага эмчгүй байна.Тиймээс бид аймгийн Засаг даргатай хамтран хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.Говийн нөхцөлд гадаргын ил усгүй, 120 метрийн гүнээс ус татан газарт ариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хүндрэлтэй боловч өнгөрсөн онд тус аймгийн 200 гаруй өрх 106.7 га  талбайд төмс, хүнсний ногоо тариалж, 593.5 тн ургац хураан авч аймгийнхаа хүн амын төмс хүнсний ногооны жилийн хэрэгцээний 8-10 хувийг хангажээ. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр улсын төсвөөс энэ жил санхүүжилт олгоогүй ч аймаг, орон нутгийн нөөц боломжоо ашиглаж энэ онд 26 худаг шинээр болон сэргээн засварлахаар болжээ. Тус аймагт ӨМӨЗО-ы Эрээн хотын Засгийн ордноос Ханги, Замын-Үүдийн хилийн боомтоор мах, махан бүтээгдэхүүн нэвтрүүлж Эрээн, Бугат хотын хүн амын жилийн махны хэрэгцээг хангах санал тавьжээ. Эхний ээлжид Эрдэнэ, Замын-Үүд сумдын тохиромжтой бүс нутагт малыг төвлөрүүлэн ирүүлэх, нядлах, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, ангилан савлах цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.Хатанбулаг сумын Ханги хилийн боомтод малын гаралтай түүхий эд /арьс шир, ноос, мах/ боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

ХХААХҮ-ийнсайд П.Сэргэлэн “Орон нутагт ажиллаж хөдөө аж ахуйн нөхцөл байдалтай танилцахад мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөл ихээхэн хүнд байна. Хөдөө аж ахуйн газар, мал аж ахуйн лабораторуудын барилга нэлээд муудсан, зайлшгүй шинэчлэх шаардлагатай болсон байна.Мөн хортой хүнд нөхцөлд ажиллаж байгаа хөдөө аж ахуйн мэргэжилтэн, малын эмч, мал зүйчийн цалин хангамжийн шатлалын асуудлыг шийдэх хэрэгтэй.“Эрүүл хүнс, Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд мах сүүний орон нутгийн хангамжийг сайжруулахаар бид эрчимжсэн мал аж ахуй, фермерийн мал аж  ахуйг хөгжүүлэх шаардлага тулгарч буй. Дорноговь аймагт сүүний чиглэлийн нэг ферм л ажиллаж байна.Энэ аж ахуйг бодлогоор дэмжих шаардлагатай. Махны чиглэлийн мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрийг хөдөө орон нутагт байгуулах шаардлагатай гэж бодож байгаа. Ер нь төвлөрсөн хотуудын мах сүүний хангамжийг сайжруулах нь чухал юм. Аймаг, сумын Засаг дарга, удирлагуудтай ярилцаж зөвшилцөж байж бид “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрт аль чиглэлээр оруулахыг эдийн засгийн суурь тооцооллыг хийсний дараа чиг өгч ажиллана” гэв.

Монгол Улсын  төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт орших Говьсүмбэр аймагт энэ хавар 185558 хээлтэгч мал төллөхөөс төл бойжилт 99.2 хувьтай байгаа аж. Тус аймаг цагаан сарын үеэр “Элбэг дэлбэг цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж 40 гаруй сая  төгрөгийн орлого олжээ. Энэ хавар шинээр тариалан эрхлэх бүс нутгийг тогтоосон байна. Тодруулбал, Сүмбэр суманд “Уул худаг”, “Баянбулаг”, “Алтад”, Баянталсуманд “Дэрсэн ус” зэрэг газрыг хамруулжээ.       Тус аймгийн Хөдөө аж ахуйн салбарын ажилтан албан хаагчид цалингийн шатлал, малын эрүүл мэнд, унааны асуудлыг хөндсөн бөгөөд мал сүргийг вакцинжуулах, түүнд хяналт тавих,   бэлчээрийн даац,  хүлэмж,  сүүний үйлдвэр байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөдөө аж ахуйн газрын лабораторийн байрны асуудлуудыг шийдэж өгөхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгээс хүссэн юм.

Говьсүмбэр аймаг “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд мал үржлийн нэгжийг бий болгож бог малын хээлтүүлэгчийг ялган, орон нутагт зохицсон үүлдэр, омгийн хээлтүүлэгчээр малын үүлдэр угсааг сайжруулах ажил зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Сүмбэр үүлдрийн хонины тоо толгойг энэ онд 21.7 хувиар өсгөх төлөвлөгөө гаргажээ. Мөн цэвэр үүлдрийн хонины тоог 1833-т хүргэж 15 хувиар өсгөх юм байна. Харин хөдөө аж ахуйн салбарт “Атрын III аян”-ыг сэргээн эрчимжүүлэн хөгжүүлэхдээ “Жимс, жимсгэнэ” дэд хөтөлбөрийн хүрээнд хураан авах ургацын хэмжээг таваас дээш хувиар нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэлтийг дэмжиж хүлэмжээс авах ургацын хэмжээг 10 хувиар өсгөх зорилт дэвшүүлжээ. Тус аймаг энэ жил сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, цехийн тоог нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн сүүний хэрэгцээнийхээ 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

                                                                                                                                                       Эх сурвалж: "Монголын Үнэн" сонин



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам