ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг яаралтай батлуулж, арга барилаа өөрчлөх шаардлагатай

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.04.19 18:43


Өнөөдөр /2017.04.19/ Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанд “Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаар Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн  сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн эхэнд,  2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, зудтай болон зудархуу байгаа аймаг сумдад ямар арга хэмжээ авч ажилласан талаар товч дурдлаа. Мөн  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж 200-аас доош малтай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, өндөр настан, амьжиргааны нэг, хоёрдугаар зэрэглэлд байгаа зэрэг үзүүлэлттэй 8459 өрхөд бэлэн мөнгө, хүнс, малын тэжээл, эм бэлдмэл, элгэвч, нэмнээ, хурганы уут зэрэг 4.1 тэрбум төгрөгийн тусламжийг хүргэсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачилсан “Малчиддаа туслах сайн санааны аян”-ы хүрээнд тусламж хүрээгүй 10 аймгийн 36 суманд 370 тонн хивэг, 360 багц хүнс, дулаан хувцасны тусламж үзүүлсэн гэдгийг онцоллоо.

Мал төллөлтийн хувьд одоогийн байдлаар оны эхний нийт хээлтэгчийн 46.7 хувь буюу  12.2 сая хээлтэгч төллөж 12.0 сая төл буюу гарсан төлийн 97.7 хувь нь бойжиж байна. Үүнээс  30.0 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг байна. ХХААХҮЯ аймгуудтай байнгын холбоотой “Шуурхай штаб” ажиллуулж байгаа бөгөөд хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна гэдгийг  ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дурдав.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд хуралдааны үеэр Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүд ямар шатандаа явааг сонирхохын зэрэгцээ, малын халдварт, гоц халдвар өвчний вакциныг дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломж байгаа эсэх, вакцины чанар, хадгалалт, тээвэрлэлтийн асуудалд хэрхэн хяналт тавьж байгаа болон устсан байсан малын халдварт өвчин дахин тархаж байгаагийн шалтгаан, ноолуурын талаар салбарын яамны баримтлах бодлого, үрийн нөөц хэр байгаа зэргийг тодрууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Сэргэлэн “Малын халдварт өвчин тэр дундаа цэцэг өвчний асуудалд бид онцгойлон анхаарч ажиллаж байгаа. УИХ-д өргөн барьсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг яаралтай батлуулж, малын эрүүл мэндийн асуудалд хандах хандлага,  арга барилаа өөрчлөх шаардлагатай байна. Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулахаар УИХ-ын Байнгын хороо болон салбар яам дээр ажлын хэсэг, дэд хэсэг гаран ажиллаж байгаа.

Вакцины чанарыг шалгахад үр дүн сайн гарсан. Бидний хувьд дотооддоо вакцин үйлдвэрлэхийн тулд Биокомбинат үйлдвэрт Унгар улсын дэмжлэгээр 25 сая ам долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ, хэлэлцээрийг хийж байгаа.

 Ноолуурын хувьд малчдаас ноолуурыг нь худалдан авч, олон улстай нэг цонхоор гарган борлуулах бодлогыг барьж байна. Иймд “Ноолуур хөтөлбөр”-ийг боловсруулан удахгүй Засгийн газарт танилцуулна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд 600 сая ам. долларын  асуудал яригдаж байна. Салбар яамны зүгээс  Тариаланчдын улсын зөвлөгөөнийг хийж, уринш, намрын ургац, үрийн буудайны асуудлыг ярилцсан. Үрийн буудайны нөөц боломжийн байгаа. Бид БНХАУ-руу 10 мянган тонн үрийн буудай гаргах асуудлаар яриа, хэлэлцээр хийж байна” гэв.  

                                                                                                                                                     Эх сурвалж: parliament.mn



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам