Монгол орны мал сүргийн тоо 9.9 хувиар өсчээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.04.20 10:11


Монгол орны зуны улирлын температур 2.4-4.2 хэмээр дулаарч, хур тунадасны хэмжээ 8-10 хувиар буурч байна. Энэ үзэгдэл нь Монгол нутгийн төв хэсгээр хамгийн эрчимтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин УИХын Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар танилцууллаа. Түүний мэдээлснээр, монгол орны нутгаар сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд газар орчмын агаарын температур  2.24 хэмээр дулаарч, хур тунадас аажмаар багасч байгаа бөгөөд дулаарал газар нутаг, улирлаар өөр  байгаа аж. Тухайлбал, дөрөвдүгээр сарын эхний хагаст ихэнх нутгаар 1-2 мм бороо, хур тунадас орж, агаарын температур уур амьсгалын дундажаас дулаан, хуурайшилт их байгааг онцлов. Мөн сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт оржээ. Температурын огцом өсөлт, хур тунадасны бууралтаас хуурайшилт нэмэгдэж, хөрсний чийгийн хангамж улам бүр багасч байна. Үүнтэй уялдан цаг агаарын таагүй үзэгдэл ажиглагдах болсноор ирэх сарын сүүлчээр цочир хүйтэрч магадгүйг дуулгалаа.

Мөн хуралдаанаар дөрөв, тавдугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээллээ. Маргааш зүүн аймгийн нутгийн өмнөд хэсгээр 22, 26-нд төв, зүүн аймгийн зарим нутгаар 23, 24, 27нд зүүн аймгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Энэ үеэр салхи говь, тал хээрийн нутгаар секундэд 1214 метр, говийн нутгаар зарим үед секундэд 16 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах юм байна. Агаарын температур ойрын өдрүүдэд сэрүүсч цас бүрэн арилаагүй байгаа нутгаар өдөртөө 3-8 хэм дулаан, шөнөдөө 6-11 хэм хүйтэн байна. Цаашдаа бүх нутгаар дулаарч говийн бүс нутгаар өдөртөө 17-22 хэм дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээллээ. Олон жилийн дундажаас харахад тавдугаар сард уур амьсгалын сарын дундаж температур уулархаг нутгаар 5-10 хэм, говийн нутгаар 15-19 хэм, бусад нутгаар 9-15 хэмийн дулаан байдаг. Хур тунадас баруун ба говийн нутгаар 3-11 мм, бусад нутгаар 12-30 мм ордог байна. Харин ирэх сард Монголын ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дундажийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Төв, Хэнтийн хойд, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд сумдаар дундажаас ахиу, бусад нутгаар дундаж хэмжээний орчим, зөвхөн Алтайн өвөр хэсгээр дундажаас бага орох төлөвтэй байгаа аж.   П.Сэргэлэн: “Ноолуур хөтөлбөр”-ийг удахгүй Засгийн газарт танилцуулна УИХ-ын Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл сонссоны дараа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд 2016-2017 оны намар цас эрт орж, ихэнх нутгаар битүү цасан бүрхүүл тогтож  жиндүү хүйтэн байсны улмаас 14 аймгийн 85 сум цагаан зудтай, 13 аймгийн 62 сум зудархуу өвөлжсөн. Өвөлжилтийн нөхцөл байдал, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар таван удаа хуралдаж, 8.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж нийт 1.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, сумдын эрүүл мэндийн төв, зарим аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ-т нийт 44 автомашин, улсын нөөцийн 8920 тонн өвсний үнийг 100 хувь, 7408 тонн тэжээлийн үнийг 50 хувь чөлөөлж, 41.8 сая төгрөгийн малын эм бэлдмэл өгсөн хэмээн танилцуулав. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтран 200-гаас доош малтай, өрх толгойлсон эмэгтэй, олон хүүхэдтэй, өндөр настан, амьжиргааны нэг, хоёрдугаар зэрэглэлийн айл өрхөд бэлэн мөнгө, хүнс, малын тэжээл, эм бэлдмэл, элгэвч, нэмнээ, хурганы уут зэрэг 4.1 тэрбум төгрөгийн тусламж хүргэсэн талаар мэдээлсэн юм. Үүний дараа ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мал сүргийн тоо 2016 оны жилийн эцэст 61 сая толгойд хүрч, өмнөх оныхоосоо 9.9 хувиар өссөн гэлээ. Одоогийн байдлаар нийт хээлтэгч малын 46.7 хувь буюу  12.2 сая нь  төллөж, 12 сая төл бойжиж байгаа аж. Үүнээс  30 мянган ботго, 72.7 мянган унага, 226.9 мянган тугал, 6.1 сая хурга, 5.6 сая ишиг бойжиж байна. Мөн МҮОНРТ-ээр мал аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг малчдад хүргэх, улсын аварга малчдын хаврын мал маллагааны арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх, залуу малчид, төлчин хүүхдүүдийг урамшуулах зорилгоор “Төл таван эрдэнэ” нэвтрүүлгийг гуравдугаар сарын 15-наас гурван сарын хугацаатай явуулж байна. ХХААХҮЯ аймгуудтай байнгын холбоотой “Шуурхай штаб” ажиллуулж байгаа бөгөөд хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч байна гэдгийг П.Сэргэлэн сайд дурдав. ХХААХҮ-ийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл ямар шатандаа явааг сонирхож байв. Мөн малын халдварт, гоц халдварт өвчний вакциныг дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломж байгаа эсэх, вакцины чанар, хадгалалт, тээвэрлэлтийн асуудалд хэрхэн хяналт тавьж байгаа болон устсан байсан малын халдварт өвчин дахин тархаж байгаагийн шалтгааны талаар асуув. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Малын халдварт өвчин тэр дундаа цэцэг өвчний асуудалд бид онцгойлон анхаарч, ажиллаж байна. УИХ-д өргөн барьсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг яаралтай батлуулж, малын эрүүл мэндийн асуудалд хандах  хандлага,  арга барилаа өөрчлөх шаардлагатай байна. Эдгээр хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, батлуулахаар УИХ-ын байнгын хороо болон салбарын яаманд ажлын хэсэг, дэд хэсэг гаран ажиллаж байгаа. Вакцины чанарыг шалгахад үр дүн сайн гарсан. Бидний хувьд дотооддоо вакцин үйлдвэрлэхийн тулд Биокомбинат үйлдвэрт Унгар улсын дэмжлэгээр 25 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээ, хэлэлцээрийг хийж байна. Харин Мал эмнэлэг, үржлийн газрын зүгээс малын гоц халдварт өвчин зүүн болон баруун аймгийн БНХАУ-тай хил залгаа сумдын нутгаар амьтан, малын хөл, худалдаа, салхиар дамжин тархаж байна гэж олон улсын шинжээчдийн баг дүгнэлт гаргасан.

Вакциныг зохих зааврын дагуу хадгалалт, тээвэрлэлт тусгай стандартын дагуу хяналтаа тавин ажиллаж байна” гэж  хариулав. Хуралдааны үеэр салбарын сайд малчдаас ноолуурыг нь худалдан авч, олон улстай нэг цонхоор гарган борлуулах бодлогыг барьж байна гэдгийг дуулгасан. Мөн “Ноолуур хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газарт удахгүй танилцуулна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд 600 сая ам. долларын  асуудлыг ярьж байгаа гэлээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Батзориг “Ноолуур хөтөлбөр”-өө битгий орхигдуулаарай. Монгол Улс дэлхийн зах зээлд ноолуурын тоглогч орон болох бүрэн боломжтой. Ноолуурын зах зээлд улс бодлогоо зөв барих хэрэгтэй” гэв. Хуралдааны төгсгөлд салбарын сайд ХХААХҮ-ийн яамнаас Тариаланчдын улсын зөвлөгөөнийг хийж, уринш, намрын ургац, үрийн буудайны асуудлыг ярилцсан. Үрийн буудайны нөөц боломжийн байгаа. БНХАУ-руу 10 мянган тонн үрийн буудай гаргах асуудлаар яриа, хэлэлцээр хийж байгаа хэмээн мэдээлэв.

                                                                                                                                                        Эх сурвалж: Монголын Үнэн сонин

 



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам