165 адууг насны бүлэг тус бүрээс сонгон, цусны дээжийг авч итгэмжлэгдсэн лабораторт илгээлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.01 12:59


Ховд аймгийн Мянгад суманд үржүүлж буй Мянгад адууг омог болгох зорилгоор явуулсан үржил селекцийн ажлын үр дүнд хянан магадлагаа хийхээр томилогдсон ажлын хэсэг Мянгад суманд ажиллалаа /2017.04.24-04.28/.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Бямбадорж, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн орлогч захирал доктор Б.Бейсен, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч доктор Д.Батмөнх, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга Г.Бат-Өлзий нарын албаны хүмүүс  оролцлоо.

Ажлын хэсэг Мянгад адууны омгийн тодорхойлолтыг үндэслэн адууны үржүүлгийн арга, удам гарвалын бүтэц, удам бүл үндэслэгч, залгамжлагчдыг үр төлийн чанараар шалгасан үндсэн материалууд, үржлийн бүртгэл, тайлан мэдээлэл, үржилд бойжуулж худалдсан малын тоо, арчилгаа, маллагаа, тэжээллэгийн горим зэрэгт мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгөхөөр материалуудаа бүрдүүлэн ажиллав.

Энэ удаа Мянгад сумын 5 багийн 32 малчны адууны амьдын жин, биеийн хэмжээг газар дээр нь хяналтын хэмжилт хийж, судалгаанд хамрагдсан хээлтэгч, хээлтүүлэгч, өсвөр насны нийт 165 адууг насны бүлэг тус бүрээс сонгон цусны дээжийг авч итгэмжлэгдсэн лабораторт илгээх ажлыг зохион байгууллаа.

Мянгад суманд үржүүлж буй нийт адуун сүргийн бүтэц, өсөлт, зүй бус хорогдол, заазлалт, аж ахуйн дотоод хэрэгцээ, хээл хаялт, сувайралт, төл бойжилт зэрэг нөхөн үйлдвэрлэлийн судалгааг сүүлийн таван жилээр сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдээр гаргуулан авч, омгийн тодорхойлолттой харьцуулан дүгнэлт хийхээр материалыг бүрдүүлэн ажилласан байна.

                                                                                                                              Эх сурвалж: Ховд аймгийн ХХААГ


Зохиогчийн эрх ©2019 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам