ХХААХҮЯ-ны нэрийг ашиглан ташаа мэдээлэл тараажээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.12 15:25


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өнөөдөр /2017.05.12/ мэдээлэл хийлээ.  Тодруулбал, “Их Монгол” мянгат малчдын холбоо, ХХААХҮЯ-тай  хамтран  5 дугаар сарын 13-нд “Мянгат малчдын нэгдсэн чуулга уулзалт Улаанбаатар -2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа  талаар ташаа мэдээлэл олон нийтэд хүрсэн байна. Мөн энэхүү арга хэмжээнд  оролцож байгаа нэг малчнаас 260-280 мянган төгрөгийн төлбөр авч байгаа талаар  ХХААХҮЯ-нд аймгуудын ХХААГ-аас мэдээлэл ирсэн. Энэ талаар МААБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл “Ямар нэгэн арга хэмжээ уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах нь тухайн байгууллагын эрх боловч хамтран зохион байгуулж буй  байгууллагад нь мэдэгдэлгүй нэр болон лого ашиглах нь хууль бус үйлдэл юм. Мөн эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед малчдаас төлбөр хураан авах нь буруу” гэдгийг онцлон хэлэв.

Харин ХХААХҮЯ-наас энэ сарын 26, 27-нд “Малчдын улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар ажиллаж байна. Уулзалт зөвлөгөөн Төрийн ордонд зохион байгуулагдах бөгөөд сум бүрээс хоёр малчин оролцох юм. Тус зөвлөгөөнөөр өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явц, төл бойжилт, 2017 оны хадлан тэжээл бэлтгэл, төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Мал, амьтны эрүүл мэнд тухай  болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам