Төв аймгийн Баянжаргалан суманд  Малчдын зөвлөгөөн боллоо

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.05.14 12:05


Төв аймгийн Баянжаргалан суманд Малчдын зөвлөгөөн /2017.05.12/ боллоо. Малчдын зөвлөгөөнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргааны  удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуй газрын дарга Б.Жамбалцэрэн, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Г.Бямбадорж нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Мөнхбаясгалан Төрөөс малчдын талаарх баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр,  Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр,  Мал амьтны эрүүл мэндийн  болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгөв. Мөн Мах сүүний анхдугаар аян, Атрын III аян, Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр, Ноолуур хөтөлбөр, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 

Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг малын эрүүл мэнд, вакцинжуулалтын талаараа мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөө зөвлөмжийг  малчдад өгсөн юм.

Төв аймгийн Баянжаргалан сумын малчдын зөвлөгөөний үеэр малчид мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл , отрын бүс нутаг, малын сүргийн вакцинжуулалт, малын түүхий эд, бэлчээр,  залуу малчдын асуудлыг хөндөж  санал бодлоо илэрхийлэв.  

2016 оны мал тооллогоор Төв аймгийн Баянжаргалан сум 206517 толгой тоолуулжээ. Үүнээс тэмээ 441, адуу 18076, үхэр 8323, хонь 116684, ямаа 62993 байна. 2017 онд нийт 88837 мал төллөхөөс одоогийн байдлаар 70383 бог мал төллөж 87,9 %-тай 4902 бод мал төллөж 55,6 % тай буюу нийт сумын дүнгээр мал төллөлт 71,75 %-тай байна.


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам