Хүнс, хөдөө аж ахуйн зайны сургалтын орчны талаар мэдээлэл хийлээ

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.05.17 14:12


“Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх нь: Хувийн хэвшлийн оролцойтоогоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн үйл ажиллагааны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн зайны сургалтын орчинг хөгжүүлж, олон нийтэд танилцуулахад бэлэн болсон талаар өнөөдөр /2017.05.17/  ХХААХҮЯ-ны байранд мэдээлэл хийлээ.  Хуралд ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Занданбал, төслийг зохицуулагч Г.Ганхөлөг нар оролцов.

Уг төслийг Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү  Хүнс, хөдөө аж ахуйн зайны сургалтын орчин нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, малчид, фермерүүд, тариаланчид цахим орчинд суралцаж, мэдлэгээ тэлэх, мэдээлэл солилцох зорилго бүхий цахим орчин юм.

Зайны сургалтын орчин нь Мүүдл системд суурилсан зайны сургалтын талбар (moodle.xxaa-zainii-surgalt.mn), Номын сан (books.xxaa-zainii-surgalt.mn), Татаж авах (download.xxaa-zainii-surgalt.mn) гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Мөн зайны сургалтын орчинд танхимийн сургалттай төстэйгөөр сургалтын бүхий л үйл ажиллагааг цахим орчинд явуулах боломжтой юм. Зайны сургалтын орчинд суралцагч курс, хичээлийг сонгон суралцах, татаж авах, цахим хэлэлцүүлэгт оролцох, бусад суралцагчидтай чатаар холбогдох, дасгал, даалгавар хийх, багштай шууд харилцах боломжтой. Түүнчлэн суралцагч өөрийн сурах арга барил, хүсэл сонирхол, цаг завтай үедээ тохируулан орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүнс, хөдөө аж ахуйтай холбогдолтой хичээлийг суралцах боломжийг бий болгож байгаараа онцлогтой.



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам