Дэлхийн шилдэг үүлдрийн хониор малын генефондоо арвижуулна

Эх сурвалж: ХХААХҮЯам

Bayar-Otgon-admin | 2017.06.19 10:22


“Air Cargo Global” OM-ACG загварын нисэх онгоц “Чингис хаан” нисэх онгоцны буудлын карго терминалын орчимд бямба гарагийн орой 19.00 цагийн орчимд газардлаа. Нисэх онгоцны хүнгэнэх чимээ ойр орчимд тархаж, тусгай хувцастай нисэх буудлын ажилтнууд ачаа хүлээн авах бэлтгэлээ хийх аж. Тэрхүү онгоцонд чухал “ачаа” бий.

Төд удалгүй онгоцны баруун талын хаалга нээгдэж, модон сараалжин хайрцагтай шилмэл үүлдрийн хонинууд буух нь тэр. Энэ бол Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албаныхан болон хэвлэлийн бидний хүлээж байсан өнөөх чухал “ачаа” байв. Манай улсын мал сүргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Гэсэн хэдий ч, сүүлийн жилүүдэд бэлчээрийн даац хэтэрсний улмаас мал сүргийн тоо толгойд бус чанар, үр ашигт нь илүү анхаарлаа хандуулах шаардлага нэгэнт бий болсон юм. Тэгвэл үндсэндээ 1990 оноос хойш буюу сүүлийн 27 жилд орхигдсон гэж хэлж болохуйц малын чанар, үүлдэр угсааг сайжруулах бодитой алхмыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ аяны хүрээнд салбар яам 2017 оныг “Малын чанарыг сайжруулах жил” болгон зарласан байдаг.

Энэ хүрээнд махны болон нарийн ноосны чиглэлийн, дэлхийн шилдэг үүлдрийн хонь импортлон Монгол Улсын малын генефондыг арвижуулсан нь энэ байлаа. Тодруулбал, энэ удаад Франц улсаас суффолк, беричон душер, романов, меринос гэсэн дөрвөн шилмэл үүлдрийн 657 хонийг агаарын хөлгөөр тээвэрлэн авчирчээ. Дэлхийн шилдэг үүлдрийн хонь хүлээн авах ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л. Чой- Иш, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, малын эмч, зоотехникч, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, бусад албаны хүмүүс оролцсон юм.

Махны, түргэн өсөлттэй хонь болох суффолк, бэришон зэрэг хонь нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд танил болсон бүтээгдэхүүн аж. Сүүлийн жилүүдэд зарим малчид монгол хониндоо махны чиглэлийн дээрх үүлдрийн хуц тавьж хээлтүүлэн хавар төллөсөн хургаа бэлчээрээр нь маллаж, намар нь махны хэрэгцээнд борлуулж цаг хугацаа хэмнэж, ашгаа нэмэгдүүлсэн сайн туршлага ч байгаа юм. Мөн ихэр төл өгдөг романов үүлдрийн хонь төллөх бүрдээ хоёр болон түүнээс олон төл гаргадаг аж. 

Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг романов эм хониндоо суффолк хуцыг тавьж, ихэр төл авч, тэднийгээ намар нь 60-аас дээш кг амьдын жинтэй болгон зах зээлд нийлүүлж, малаас авах ашгаа өсгөсөн жишээ олон байгаа. Үүгээр зогсохгүй Говьсүмбэр аймагт өсгөж байсан Сүмбэр хонины чанарыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, тун удахгүй кракуль хонь импортлон цөм сүрэгтэй болох бэлтгэл ажил хангагджээ.

“Малын чанар сайжруулах” ажлын хүрээнд Монгол малынхаа чанарыг сайжруулах ажлыг ч зохион байгуулж, хуулиа шинэчлэн баталж, богийн хээлтүүлэгчийн чанарыг дээшлүүлэх зэрэг ажлыг хийж байгаа юм. Ингээд дэлхийн шилдэг үүлдрийн хонин сүргийг хүлээн авах үеэр зарим албаныхны байр суурийг сонирхсоноо хүргэе. 

Л.БАЯРТУЛГА: ЭДГЭЭР ХОНИЙГ ХУРГАН ҮЕД МАХ БОЛОН НООСНЫ ЧИГЛЭЛЭЭР АШИГЛАХ БОЛОМЖТОЙ

/ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/ 

-Засгийн газраас “Мах сүүний анхдугаар аян”-ыг зарласан. Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас 2017 оныг малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах жил болгон зарласан байгаа. Энэ хүрээнд Франц улсаас эхний ээлжид дөрвөн үүлдрийн хонийг импортолж байна. Ихэрлэдэг Романов болон суффолк, беричон душер, романов, меринос зэрэг нарийн ноост хонинуудыг оруулж ирлээ. Эдгээр хонийг хурган үед мах болон ноосны чиглэлээр ашиглах боломжтой. Ялангуяа, хөнгөн үйлдвэрт нарийн ноос шаардлагатай байгаа энэ үед хэрэгцээг хангахад ашиглагдана.

Хэдий малын махаа гадаад улс оронд экспортлох талаар ярьж байгаа ч, махны чанарын үзүүлэлт доогуур байна. Иймээс төрөлжсөн аж ахуй байгуулах, эрлийзжүүлэх маягаар мах, ноосны гарцыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Монгол Улсын хэмжээнд хамгийн тулгамдаж буй нэг асуудал нь бэлчээрийн даац байгаа. Харин бэлчээрийн даацыг тоо толгой биш, нэг малаас гарах мах, ноосны гарцаар нөхөх замаар хамгаалж чадна гэж үзэж байна.

GUY GERARD MERLANDE: БИД МОНГОЛЫН УУР АМЬСГАЛД ТЭСВЭРТЭЙ ДӨРВӨН ҮҮЛДРИЙГ СОНГОСОН

/“GE.O.DE”-ын Үржил селекц хариуцсан ТУЗ-ийн дарга/

-Бид өнөөдөр анх удаагаа Монголд махны чиглэлийн дөрвөн үүлдрийн хонь авчирч буйдаа туйлын баяртай байна. Манайх Франц даяарх 250 аж ахуй хоршоологчдын нийлүүлсэн бог малын 12 үүлдрийн үржил, селекцийг хариуцдаг. Монголд зөвхөн малаа хүлээлгэн өгөх гэж ирсэнгүй. ХХААХҮЯ-нд тэдгээр мах, ноосны чиглэлийн хонийг хэрхэн яаж өсгөж, үржүүлэх, юуг анхаарах ёстой талаар сургалт зохион байгуулна.

Дээр нь худалдан авагч фермтэйгээ байнгын харилцаатай байж, сургалт, зөвлөгөө өгч ажиллах болно. Түүнчлэн, 12 селецкээсээ Монголын эрс тэс уур амьсгалд хамгийн тэсвэртэй байх дөрвөн үүлдрийг сонгож авчирсан. Эдгээр үүлдэр нь бэлчээрлэх бололцоотой. Нутгийн үүлдэртэй зохицох учраас эрлийзжүүлэхэд нутгийн малын махны үйлдвэрлэлийн үр өгөөж, ашиг шим нь нэмэгдэнэ. Бас ОХУ-ын эрс тэс уур амьсгалтай Сибириэс гаралтай нэг үүлдрийг авчирлаа. Францад олон жилийн турш нутагшуулж, цэвэр үүлдрээр нь хадгалж ирсэн. Монголын уур амьсгалд бүрэн зохицно.

Г.ЭЛДЭВ-ОЧИР: 21 ХОНОГИЙН ХУГАЦААНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМД БАЙЛГАНА

/Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын ахлах байцаагч/

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Францын мал эмнэлгийн хорио цээрийн байгууллагатай Мал эмнэлгийн гэрчилгээг тохиролцсон. Үүнд, хонины халдварт өвчний байдлыг Францыг тал баталгаажуулах талаар тусгасан байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын импортод тавигдах халдварт өвчний шинжилгээг заавал хийлгэсэн байх гэсэн шаардлага тавьсан. Бид урьдчилсан бичиг баримтын шалгалтыг хийлээ. Монгол Улсын тавьсан шаардлагын дагуу шинжилгээ гэх мэт бүх зүйл нь хийгдсэн байна.

Сая онгоцонд Буянт-Ухаа боомт дахь мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлгийн хяналтын байцаагчид бүгдийг нь хүлээн авлаа. Одоо Сонгинохайрхан дүүргийн мал эмнэлгийн албанд хүлээлгэж өгнө. Түүнд, Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавина. Ерөнхийдөө 21 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмд байлгана. Энэ хугацаанд хонины халдварт өвчний шинжилгээг бүрэн гүйцэт хийж, лабораторийн шинжилгээгээр элдэв халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд ашиглах боломж бүрдэх юм. 

Б.МӨНГӨН: ЗУРГААН САРТАЙ СУФФОЛК ҮҮЛДРИЙН ХОНЬ 65 КГ ХҮРДЭГ 

/Дархан-Уул аймгийн малчин/ 

-Баруун Европын Францаас өндөр ашиг шимтэй дөрвөн үүлдрийн хонийг оруулж ирлээ. Зарим нь ноосных, зарим нь махны чиглэлийн хонь юм байна. Махны чиглэлийн хонь богино хугацаанд ашиг шимээ өгөх боломжтой. Суффолк үүлдрийн хуц 120-130 кг хүрдэг. Эм хонь бол 70-90 кг хүрдэг юм. Зургаан сартай хурга нь л 65 кг хүрдэг. Тэгэхээр жилдээ л ашгийг нь хүртэх бүрэн боломжтой.

Монгол хонь төлөг, шүдлэн хүрч байж, 65 кг хүрдэг. Харин Суффолк үүлдрийн хурга зургаан сартайдаа өдий кг-д хүрнэ гэдэг нэлээд өндөр ашиг шимтэйнх. Тэгэхээр зөв арчилж, тордож чадвал жилдээ л ашгийг нь хүртээд байх боломжтой. Манайд нутагшуулах нь өөрөө нарийн ажиллагаа шаардана. Мал ямар нэгэн газар шууд нутагшуулах төвөгтэй байдаг юм. Миний бодлоор, тухайн улстай нь ижил төстэй уур амьсгал бүхий газар нутагт өсгөж үржүүлэх нь зүйтэй болов уу.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН


Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам