Энэ жил “Мах маркет” ХХК 3400 тонн мах, махан бүтээгдэхүүн Иран, БНХАУ, Вьетнам улс руу экспортлоно

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.07.05 12:14


Хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц сайн мэдээ цуварсаар байна. Тухайлбал, “Мах маркет” компани энэ жил Исламын Бүгд Найрамдах Иран улс руу  2000 тонн халал аргаар төхөөрсөн хонины түүхий мах, Бүгд Найрамдах Вьетнам Улсад 200 тонн ямааны зумалсан мах, БНХАУ руу 1200 тонн дулааны аргаар боловсруулж, чанасан үхэр, ямааны мах гаргахаар төлөвлөжээ. Одоогоор 600 гаруй тонн мах гаднын орнууд руу экспортолсон байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жилээс мах, сүүний анхдугаар аян зарлаж, монгол малын маханд нэмүү өртөг шингээн, гаднын зах зээлд борлуулж буй үйлдвэрүүдийг дэмжиж, хил, гааль, хорио цээрийн бүсэд нэвтрэх, уян хатан зээлийн нөхцөл санал болгох чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. 

МАХ ЭКСПОРТЛОГЧДОД УРТ ХУГАЦААТАЙ, БОГИНО ХҮҮТЭЙ ЗЭЭЛ САНАЛ БОЛГОНО

Тус компани бол махны үйлдвэрлэлийн ууган компа­ниу­дын нэг. Үүсгэн байгуулагд­санаасаа хойш Орос, Хойд Солонгос, Вьетнам, Иран Улс руу мах экспортолж байсан туршлагатай. “Мах маркет” компани олон улсын хүнсний аюулгүй байдлын стандар­тын шаардлага хангасан бүтээгдэ­хүүн үйлдвэрлэн, гаднын зах зээлд нийлүүлэх зорилгоор Экспортын шинэ үйлдвэрээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулжээ. Уг үйлдвэр нь өдөрт гурван тонн үхрийн хатаасан мах, хонины шарсан гуя, зургаан тонн чанасан мах үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Үйлдвэрт мах боловсруулахдаа нядалж сэврээх, шулах, чанах, сойх, савлах, ариутгах зэрэг 10 гаруй шат дамжлагаар бэлтгэдэг байна.  Одоогоор тус компани нийтдээ  60 гаруй төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлд­вэр­лэж, зах зээлд нийлүүлж буй. 
Энэ талаар “Мах маркет” компанийн гүйцэтгэх захирал Л.Болор “Бид өнгөрсөн жилээс БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах экспортолж эхэлсэн. Одоо сард 100 гаруй тонн мах, махан бүтээгдэхүүн тус улс руу нийлүүлж байгаа. Мөн ирэх наймдугаар сард Бүгд Найрамдах Вьетнам Улс руу 200 тонн зумалсан ямааны мах экспортлохоор бэлтгэл ажлаа хангаж байна. 2015 онд Бүгд Найрамдах Вьетнам Улсын хорио цээрийн газраас манай улсын мах, махан бүтээгдэхүүний дөрвөн үйлдвэрт тусгай зөвшөөрөл олгосон. Тусгай зөвшөөрөл олгохдоо олон улсын хүнсний аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлсэн байхыг шаарддаг юм. Махыг дулааны аргаар боловсруулах нь тухайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээнэ гэсэн үг. Ингэснээр түүхий мах экспортлохоос 15-20 хувиар илүү үр ашигтай юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний боловсруулалт, техник техноло­ги сайжирна. Мөн үйлдвэрийн бүтээмж өсч, зөвхөн олон улсын стандартад нийцсэн мах боловсруулан монгол малын махыг дэлхийд таниулахад түлхэц болж өгнө” гэв. 
Манай улс хүн амынхаа тооноос 40 дахин илүү гарсан малтай. Тухайлбал, өнгөрсөн оны байдлаар малын тоо 61.5 сая толгойд хүрч,  90 орчим хувийг бог мал эзэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн онд бид 9.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн ОХУ, БНХАУ, Арабын орнууд руу экспортолсон юм. Тиймээс цаашид махны экпортыг нэмэх нь нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой. 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд мах, сүүний анхдугаар аян зарлан, олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь махны экспортыг нэмэх юм. Энэ асуудал өмнөх жилүүдэд их хүндрэлтэй байсан. Энэ онд махны экспорт өмнөх жилүүд­тэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлттэй байх төлөвтэй байна. 
Тухайлбал, “Мах маркет” компани махны экспортын зорилтот зах  зээл болох Исламын Бүгд Найрамдах Иран Улс руу хоёр дахь жилдээ мах экспортлохоор гэрээ хийжээ. Мөн Бүгд Найрамдах Вьетнам улсад мах нийлүүлэхээр болсон байна. Цаашид тус улсад нийлүүлэх ямааны махны хэмжээг нэмэх боломжтой. Би Монгол, Вьетнам Улсын Засгийн газрын хоорондын комиссын даргаар ажилладаг юм. Үндэсний их баяр наадмын дараа тус комиссын хуралдаан болно. Энэ үеэр манай улсаас гарч буй махын экспортын хэмжээг нэмэх асуудалд анхаарал хандуулна. 
Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд урт хугацаатай, богино хүүтэй зээлийн нөхцөл санал болгож, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тус компанид 240 хүн ажиллаж байсан бол экспортын үйлдвэр ашиглалтад орсноор 40 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Өнөөдөр эдийн засаг хүндрэлтэй байгаа үед олон хүнийг ажлын байраар хангаж, улс орныхоо эдийн засаг, экспортод хувь нэмэр оруулан, салбарынхаа бодлогыг дэмжиж байгаад нь талархаж байна” гэв. 

САРД 100 ТОНН ҮХЭР, ЯМААНЫ МАХ БОЛОВСРУУЛАН БНХАУ РУУ НИЙЛҮҮЛЖ БАЙНА

Сүүлийн жилүүдэд манай махны үйлдвэрүүд халал болон дулааны аргаар мах боловсруулах нь нэмэгдсэн. Түүхий махыг утах, усанд буцалгах, жигнэх, эсвэл тосонд шарахдаа 80 градусын температурт 30 минут байлгахыг дулааны аргаар боловсруулах гэдэг байна. Үүний дараа 130 градуст 10 минут байлгаж, ариутгал хийдэг аж. Ингэснээр тус бүтээгдэхүүнийг нэг жил хадгалах боломжтой болох юм. Мөн дулааны аргаар боловс­руулах нь элдэв нян, бактерийг устгадаг учраас аливаа өвчний эрсдэлээс бүрэн хамгаалах ажээ. Түүнчлэн халал аргаар мах боловсруулахын тулд зусалгаа хийх хүн нь мусульман шашинтай байх ёстой юм. Мөн малын толгойг авахдаа зүүн зүг рүү харуулан, шашны уншлага уншдаг. Тус үйлдвэр дээрх аргаар боловсруулах тусгай зөвшөөрөл авахын тулд олон жил судалгаа хийж, туршилт явуулсан байна. 
Иран Улсын Засгийн газрын худалдан авах талын төлөөлөгч Мухаммед Али “Монгол малын мах бусад орны махыг бодвол илүү амт, чанар сайтай.  Мөн ямар нэг химийн нэмэлт бодисгүй органик  гэдгээрээ онцлогтой. Бид өнгөрсөн онд тус үйлдвэрээс 100 гаруй тонн мах авсан. Манай улсад монгол мах борлуулалт сайтай, хэрэглэгчид дахин худалдан авах сонирхолтой байсан учраас энэ жил 2000 тонн хонины мах авах гэрээ байгуулсан” гэв. 
Манай улсаас үхэр, хонь, ямааны мах экспортлоход олон улсын эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага шаардлага хангасан байх ёстой байдаг. Тухайлбал, сүүлийн 24 сарын дотор шүлхий, бог малын мялзан, үхрийн цээж болон тунгалгийн зангилаа, арьсны өвчин гараагүй фер­мээс гаралтай байх, мах нь гормоны эмчилгээ хийлгээгүй малаас гаралтай байх ёстой бөгөөд малын эм бэлдмэлийг хэрэглэхдээ түүний хэрэглээг зогсоох хугацаа нь хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн гэдгийг батлах шаардла­гатай аж. Мөн экспор­тод гаргах боловсруулсан бүтээгдэхүүнийг түүхий эд нэмэлт материал болон эцсийн бүтээгдэхүүн дэх малын эм, пестицид, хүнд металл, хүнсний нэмэлт бусад хор хөнөөлтэй бодисын үлдэгдлийн хэмжээ нь экспортлох орны тогтоосон дээд хязгаараас илүү гараагүйг батлах ёстой гэнэ. 
Тус компанийн үйлдвэрийн дарга С.Зориг  “Энэ сарын 19-нөөс Иран Улс руу нийлүүлэх малыг төхөөрөх ажил эхэлнэ. Өдөрт дунджаар 1000 орчим хонь төхөөрөх юм. Гаднын орнуудад мах, махан бүтээгдэхүүн худалдан авах захиалга их ирж байгаа. Тиймээс цаашид хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд 3000 ам метр барилга барьж, үйлдвэрээ өргөтгөж байна. Ирэх наймдугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Ингэснээр бидний хүчин чадал хоёроос гурав дахин нэмэгдэх боломж­той болно. Бид малчдаас малаа тээврээр аваад 24 цагийн сойлтод байлган, төхөөрөөд дараагийн цехүүд рүү шилжүүлдэг. Түүхий эдээ малын халдварт өвчин тархаагүй бүс нутгаас авч, тухайн  малын гарал үүслийн бичиг, вакцинд хамрагдсан эсэх зэргийг шалгаж байж авна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард мал бэлтгэлийн алба гэж байгуулсан. Тус албаны ажилчид баруун аймгуудаар яваад малчид, ченжүүдтэйхамтран ажиллах гэрээ хийсэн юм. Өнгөрсөн жил 12 мянган мал нядалсан. Энэ жил 130 мянган аж ахуйн нэгж, малчид, ченжүүдтэй гэрээ хийгээд байна” гэв. 
Тус компанийн ерөнхий технологич, Экспортын үйлдвэ­рийн дарга Л.Энхтуяа “Экспор­тын үйлдвэр сард 100 тонн үхэр, ямааны чанасан мах бэлтгэн БНХАУ руу нийлүүлж байна. Манай үйлдвэрт 33 хүн гурван ээлжээр 24 цаг ажилладаг. Өдөрт долоон тонн бүтээгдэхүүн үйлд­вэрлэдэг. Одоогоор ихэвчлэн хонь, ямааны махны захиалга их ирж байна даа” гэв. 

 



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам