Газар тариалангийн техник, тоног төхөөрөжмийн шинэчлэл 60 орчим хувьтай байна

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.07.06 12:16


Монгол Улсын засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Громыко Евгений Васильевичтэй хийсэн уулзалтын үр дүнд  ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техникийг худалдан авахаар болсон. Газар тариалангийн техник тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын эхний гэрээ/2017.07.03/ зурагдсан. Харин өчигдөр /2017.07.05/ дараагийн шатны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Гарын үсэг зурах үйл ажиллагаанд  ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат, ОХУ-ын ”Клевер” ХХК-ийн  захирал Меркулов Николай Васильевич, болон бусад албаны  төлөөлөл оролцов. Гэрээнд гарын үсэг зурагдсанаар ОХУ-д 2017 оноос хойш үйлдвэрлэгдсэн үр тарианы комбайн, үтрэмийн машин болон бусад тоног төхөөрөмж  манай улсад нийлүүлэгдэх юм.

ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн техник тоног төхөөрөмж байнга шинэчлэгдэж байх ёстой. Энэ ч утгаараа ХХААХҮЯ-наас гадны улс оронд үйлдвэрлэгдсэн техник тоног төхөөрөжмийг зээлээр авч байна. Техник тоног төхөөрөмжийн шинэчлэл 60 орчим хувьтай явж байна. Үр тарианы комбайн, үтрэмийн машин илүү түлхүү авч байна. Үтрэмийн машины шинэчлэлт хийгдэлгүй удсан.  Долоон үйлдвэрлэгч компанитай гэрээ хийж техник тоног төхөөрөмж нийлүүлэгдэнэ. Одоогоор 4 компанитай гэрээ байгуулаад байна. Долоодугаар сарын 20-ноос техник тоног төхөөрөмжүүд Монгол орж ирнэ” гэв.  



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам