Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гардууллаа

Эх сурвалж: ХХААХҮЯам

tugsuu_admin | 2017.07.06 17:06


Засгийн газрын  2017 оны  06 дугаар сарын 20-ны  өдрийн хуралдааны 178 дугаар тогтоол, үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  гурван аж ахуй нэгжид олгосон. Тусгай зөвшөөрөл авсан “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ, “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ болон “Эрдэнэ хүнс-САМО” ХХК-д  ХХААХҮЯ-наас өнөөдөр /2017.07.06/ үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гардуулан өгөв. Үйл ажиллагаанд ХХААХЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, “Эмээлт” хөнгөн үйлдвэрийн паркийн дарга Х.Эрдэнэбат, “Налайх” технологийн паркийн ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

“Эмээлт” хөнгөн үйлдвэрийн паркийн дарга Х.Эрдэнэбат “Эмээлт” хөнгөн үйлдвэрийн парк нь Улаанбаатар хотод байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн 160 га талбайд байршуулана. Хөнгөн үйлдвэрлэлийн парк байгуулах зураг төслийн ажил дууссан байна. Удахгүй дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөж байгаа. Дэд бүтцийн ажил дууссаны дараа 19 байршилд арьс шир, найман байршилд ноос, ноолуурын үйлдвэрүүдийг байршуулна” гэв.

Харин  “Налайх” технологийн паркийн дэд бүтцийн ажил ирэх онд эхэлнэ. Дэд бүтцийн бүтээн байгуулалт дууссаны дараа 40-50 үйлдвэр байршуулахаар төлөвлөсөн. Паркад хавтгай шил, хонины ноосон дулаалга, хаягдал зэсний дахин боловсруулах 10 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн. Дэд бүтцийн ажил дууссаны дараагаар 1500 хүртэлх ажлын байр бий болох талаар  тус паркийн ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн хэллээ.



Зохиогчийн эрх ©2017 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам